Лениний хөшөөг буулгана, буулгахгүй

ОХУ-ын хууль санаачлагчид Большевикуудын хувьсгалын их удирдагч В.И.Ленинд зориулан тус орны бүх хот, суурингийн төв гудамж, талбайд босгосон хөшөөнөөс хагацах цаг болсон гэж үзэж байна. Үүнийг санаачлагч ОХУ-ын Чөлөөт-Ардчилсан Нам(ОЧАН)-ын депутат Александр Курдюмов “Ленин зэрэг үзэл баримтлалын ихээхэн зөрчилдөөнтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдэд зориулсан хөшөө, дурсгал заавал байх ёстой бол тэдгээрийг нэг бол музейд, аль эсвэл ижил төстэй бусад түүхэн хүмүүсийн дурсгал бүхий нарийн цэцэрлэгт гудамжуудад байршуулах нь зохистой” гэсэн санааг дэвшүүлжээ.

“Известия” сонинд бичсэнээр, “Ленин”-ээс хагацах санаачлагыг эрх баригч Нэгдсэн Орос намын зарим гишүүн талархан хүлээж авсан байна. А.Курдюмовын хэлж буйгаар хөшөөг буулгах гол үндэслэл нь тэдгээрт хийх засвар, үйлчилгээний өртөг асар өссөнтэй холбоотой гэнэ. Тэрээр хөшөөнүүдийг музейд байрлуулснаар эвдрэл гэмтэл, бохирдол, соёлын өвийн хорлон сүйтгэгчдийн үйлдлээс найдвартай хамгаалах нөхцөл бүрдэнэ гэжээ. Зөвлөлт засгийн үед Владимир Ульяновт (Ленинд) зориулан босгосон хөшөө одоо хэр Оросын бараг бүх хотын төв талбайд хэвээр байгаагаас гадна түүний нэрээр нэрлэсэн гудамжгүй ядаж цор ганц хот, эсвэл сууринг Оросоос хайгаад олох боломжгүй аж. А.Курдюмов “Ленинтэй “үхэн хатан зууралдах”-аа болих цаг нэгэнт болсноос гадна жинхэнэ урлагийн бүтээл хэмээн тооцогддог хөшөө, дурсгалын хувьд ч тухайн орон нутгийн ард иргэд тэдгээрийг хаана байрлуулах хүсэлтэй байна тэр газарт нь шилжүүлэн байршуулах нь зохистой.

Оросын ихэнх хотод Их Петр, Александр Суворов, Догшин Иван зэрэг нэр цууд гарсан хүмүүст зориулсан хөшөө байхгүй атал зөвхөн Лениний хөшөө олноор байх нь шударга бус хэрэг. Энэ саналтай холбоотойгоор муж, орон нутгийн удирдлагууд Лениний хөшөөг хаана шилжүүлэн байрлуулах хүсэлтэй байгаа тухайд олон нийтийн санал асуулга явуулах шаардлагатай. Хэрэв тэд ийм хөшөө байлгахыг ерөөс хүсэхгүй бол тэдгээрийг буулгаж, нэг бол музейд шилжүүлж, аль эсвэл өв соёлын дурсгал цуглуулагчдад худалдах болно. Хөшөө борлуулалтаас орсон орлогыг шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг зорилгоор зарцуулах бүрэн боломжтой” гэжээ.

Тэгвэл, ОХУ-ын Коммунист намынхан(ОХУКН) үзэл суртлынх нь гол үндэслэгчид зориулан босгосон хөшөө, дурсгалыг буулгах ажлыг эрс эсэргүүцэж буй. Тус намын депутат гишүүн Сергей Обухов “Ленин бол ОХУ-ыг үндэслэгч эцэг нь мөн. Өөрөөр хэлбэл, АНУ-д Жорж Вашингтоныг хэрхэн үздэгтэй агаар нэг хэрэг” гэж онцлоод, тэр ч бүү хэл Большевикуудын удирдагчийн гарын үсэг бүхий зарим нэг хууль өнөө хир Орос улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, тэгээд ч түүхийн үнэ цэнэтэй “уран барилгын өв”-ийг нураах нь хуульд харьшилсан үйлдэл болно" гэж мэдэгджээ.