“Логистикийн өдөр” энэ сарын 10нд болно

Хэрэглэгчид өдөр бүр ямар нэг бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авч байдаг. Харин тэр бүтээгдэхүүнийг ямар дамжлагаар бий болгон бидний гар дээр ирдэг талаарх мэдээлэл хомс байдаг.

Хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, тухайн орны иргэдийн амжиргаа, орлогод нийцсэн үнийн зохицуулалт зөвхөн логистикоор дамжин хангагдаж байдаг байна.

Логистик буюу хэрэгцээт барааг аль болох бага зардлаар хэрэглэгчдэд хүргэх аргыг хэлдэг аж. Түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэл дэх технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас болон бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах, хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааг хамардаг. Харин энэ талаарх мэдээлэл манай улсын хувьд хязгаарлагмал байсаар ирсэн.
Европын логистикийн холбоо нь 30 улсын үндэсний логистикийн холбоодыг нэгтгэсэн байдаг. Үүний нэг нь манай улс. 2004 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 10 нд “TAG der Logistics” буюу “Логистикийн өдөр”-ийг дэлхий нийтээр зохион байгуулж иржээ.
Манай улсад энэ сарын 9,10 нд Монголын Логистикийн холбоо, МҮХАУТ, Германы олон улсын хамтын нийгэмлэгийн эрдэс баялаг түүхий эд иж бүрэн санаачлага хөтөлбөр, ШУТИС хамтран “Логистикийн өдөр”-ийг КТМС дээр зохион байгуулах гэж байна.
Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Арга хэмжээний хүрээнд нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч бизнес эрхлэгч компаниуд, логистикийг сонирхогч иргэд, мэргэжлээ сонгох гэж буй төгсөгчид, оюутан залуус тодорхой ойлголт авах боломжтой” гэдгийг хэллээ.