Л.Ганбат: Улаанбаатар хотыг найман бүсэд хувааж хөгжүүлнэ

Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголын талаар Нийслэлийн зураг, төслийн хүрээлэнгийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулах ажил ямар шатандаа явж байна вэ?

-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 1954 оноос хойш дөрвөн удаа шинэчилсэн байдаг. Хамгийн сүүлд 2002 онд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраас 20 жилийн хугацаатай буюу 2020 он хүртэл гаргасан. Гэтэл хотын механик өсөлт ихэсч, жилд 30-40 мянган хүн нэмэгдэх болсон. Тиймээс тус ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх төлөвлөгөөг дахин боловсруулах техникийн ажил эхэлсэн. Ерөнхий тодотголыг Засгийн газрын өнгөрсөн 2010 оны XIII тогтоолын дагуу болон ЗТБХБЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага хариуцаж, 2010 оны есдүгээр сараас хотын өнөөгийн байдлын судалгааны ажлыг хийсэн. Ерөнхий төлөвлөгөөг зохиохдоо манай байгуулага гол бодлогыг зангидаж, салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш зэрэг 200 орчим хүний дуу хоолойг тусгасан. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө НЗДТГ-ын ИТХ, Засгийн газраар дэмжигдсэн бөгөөд УИХ-аар ороход бэлэн болж, Барилга хот байгуулалтын яамнаас УИХ-д өргөн бариад байгаа. Одоо хэлэлцэж, шийдэх асуудал л үлдсэн.

-Ерөнхий төлөвлөгөөнд яагаад тодотгол хийх шаардлагатай болсон бэ?

-Ерөнхий төлөвлөгөөнд хүн амын орон сууцанд амьдрах хувь өсөх ёстой байтал гэр хорооллын иргэдийн тоо өссөөр байсан. Тухайлбал, 1998 онд нийслэлийн хотын хүн амын 40 гаруй хувь нь орон сууцанд байсан бол 2010 оны судалгаагаар энэ тоо 38 хувь болж буурсан. Ингэхээр ерөнхий төлөвлөгөөний заалт хэрэгжихгүй байгаа юм. Дээр нь ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг зохиохдоо улс орны нутагшил суурьшлын ерөнхий төсөөлөл байх ёстой. Гэтэл манайд энэ огт байхгүй. Тиймээс бид Улаанбаатар хот, Улаанбаатарын бүс нутгийн хэмжээнд хэрхэн хөгжих аргачлалыг гаргаж ирсэн. Улаанбаатарын бүс нутагт Багануур, Багахангай дүүргийг хамруулаад 470 мянга орчим га талбайг шинэ төлөвлөгөөнд оруулсан. Ерөнхий төлөвлөгөөний гол үзэл баримтлал нь төвлөрөлийг сааруулах. Ингэхдээ нийслэлд ирж буй шилжилт хөдөлгөөнийг багасгаж, дагуул хотуудыг хөгжүүлэхэд анхаарна. Тухайлбал, Налайх, Багануур, Багахангай, Аргалант, Хөшгийн хөндийг түшиглэж Нисэхийн хотыг байгуулахаар ажиллана. 2030 он гэхэд нийслэл 1.7 сая хүн амтай байх бөгөөд үүний 1.4 сая нь нийслэлд, үлдсэн нь дагуул хотуудад суурьших ёстой гэж заасан. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлаж хот тус бүр дээр хөгжлийн төлөвлөгөө гаргах ёстой.

-Дагуул хотуудыг ямар чиглэлээр хөгжүүлэх вэ?

- Улаанбаатар хотыг өндөр технологид тулгуурласан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хот болгож, эдийн засгийн бүтцийг өөрчлөх юм. Нийслэлээс анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг гаргах бодлого барина. Ингэж байж дагуул хотуудад хөгжих бололцоо, орон зайг олгож өгөх юм. Налайх, Багануур, Багахангай, Эмээлт, Аргалант нь аж үйлдвэрийн хот байх юм. Тухайлбал, Налайхад тээвэр, логистикийн нэгсдэн төв, бөөний худалдаа, хүнсний болон барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, мэргэжил сургалтын төвтэй болгох юм. Харин Багануурт нүүрсний уурхай, эрчим хүч болон нано технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилгын материал, хөнгөн хүнс, улсын чанартай эрүүл мэндийн оношилгооны том цогцолбор байгуулах зорилготой байна. Багахангайд тээвэр, логистик барилгын материал арматурын үйлдвэр байгуулах юм. Харин шинээр байгуулах Эмээлт, Аргалант хотод малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулах үйдвэрүүд, арьс ширний үйлдвэрийн паркыг бий болгоно. Бусад дагуул хотыг байгаа бололцоонд нь тулгуурлаж, хөгжүүлэх юм.

-Дагуул хотуудыг бий болгох ажлыг юунаас эхлэх вэ?

-Хамгийн түрүүнд УИХ-аар Хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа яам, тамгын газрууд бодлогын дагуу мастер төлөвлөгөөгөө боловсруулах ёстой. Харин хотуудын хувьд мастер төлөвлөгөө гаргаж, хаана ямар үйлдвэрийг хэрхэн байгуулах, бүтээн байгуулалтын ажлаа хэрхэн хийхээ шийдвэрлэнэ. Үүнийхээ дагуу улсаас хотуудад эрчим хүч, дэд бүтэц, зам харгуйн асуудлыг шийдэж, инженерийн дэд бүтцийг шийдэх хөрөнгө, мөнгийг гаргах хэрэгтэй. Тухайлбал, Богд уулын урдуур Хөшгийн хөндийг дайруулж төмөр зам барина.

-Салбарын хөгжлийг ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасан бэ?

-Ерөнхий төлөвлөгөөг гаргахдаа найман бүлэгт хуваасан. Үүнд, байгаль орчин / ойн, хог хаягдал, усны нөөцийн менжемент, нийслэлийн экологийн сүлжээ/, нийгэм, эдийн засгийн хөгжил /хаяа дагуул хотын хөгжил, ажиллах хүчин, логистик, Улаанбаатар хотын хүн ам, төрийн үйлчилгээний хангамж, хүн амын нягтрал/, хот байгуулалт суурьшлийн тогтолцоо, газар зохион байгуулалт, зам тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл хангамж, гамшгийн сүлжээ багтаж байгаа. Ерөнхий төлөвлөгөөнд гарсан төлөвлөгөөг гажуудуулахгүй явах ёстой.

-Улаанбаатар хотыг яаж найман бүсэд хуваасан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлээд өгөөч?

-Улаанбатар хотыг найман бүсэд хувааж, үүн дотроо 47 нэгжид хувааж байгаа. Мөн найман бүсээ түшиглэж, найман төвтэй болгож буй. Үүний хоёр хотын төвийн үүрэг гүйцэтгэнэ. Нэг нь Их тойруу, нөгөө нь Яармагийн орчим байгуулах юм. Үлдсэн зургааг нь дэд төв болгож, Амгалан, Баянхошуу, Долоон буудал, III эмнэлгийн тойруу,Сонсголон, Тээврийн товчооны баруун урд байгуулна. Бүсүүдийг 47 нэгжид хувааснаас тав нь үйлдвэр, 32 нь орон үйлчилгэээий орон сууц, 10 нь сайжруулсан гэр хороолол байх юм.

-Улаанбаатар хотыг дэд төвтэй болгож, шинэ зохион байгуулалт хийснээрээ ямар ач холбогдолтой юм бэ?

-Эмнэлэг, сургууль, төрийн үйчилгээ худалдааны томоохон төвүүд дэд төвүүддээ бий болох юм. Мөн дэд төвүүдийг хооронд нь холбосон авто замын сүлжээ бий болгоно. Мөн нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох, тусгай замын автобусны үйлчилгээг бий болгох, хөнгөн галт тэрэг бий болгох зорилготой байна. Авто замын нягтралыг багасгаж, Туул голын дагуу хурдны зам барина. Гэр хорооллын утааны асуудлыг шийдэх гарц нь гэр хороололд инженерийн шугам сүлжээ татах. Шугам татах зардлыг улс, нийслэлээс гаргана. Харин иргэн тус шугамнаас өөрийн гэр лүү татах шугам, сүлжээний төлбөрөө төлнө.