Л.Гантөмөр: Оюутны тэтгэлэг 96 мянган төгрөг болох ёстой

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн хуралдаанд БШУ-ны сайд мэдээлэл хийсэн билээ. Уг мэдээлэлд ойрын хугацаанд дээд боловсролын шинэчлэлийн бодлого, улсын төсвийн оролцоотой зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох харилцааг зохицуулах журмын төслийг дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаагаа салбарын сайд Л.Гантөмөр танилцууллаа. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, А.Тлейхан, Г.Уянга, А.Бакей, Д.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг, З.Баянсэлэнгэ нарын гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал,

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг оюутнуудад олгодог. Тэгвэл өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болж байгаатай уялдаж оюутнуудын тэтгэлэг нэмэгдэх үү?

-БШУ-ны сайд Л.Гантөмөр: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болж байгаатай холбогдуулан оюутнуудын тэтгэлэгийг нэмэх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Ингэснээр оюутнуудад олгож байгаа 70 мянган төгрөг ирэх есдүгээр сараас 96 мянга болох ёстой.

-УИХ-ын гишүүн А.Тлейхан: Төрийн сангийн зээлээр гадаадад сурч байгаа хүмүүс сураггүй алга болдог. Энэ асуудалд яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ. Мөн гадаадад суралцагчдын дийлэнх нь эдийн засаг, нийгмийн чиглэлээр сурч байна. Цаашид ямар чиглэл, шалгуураар гадаадад сургах бодлого барих вэ?

-БШУ-ны сайд Л.Гантөмөр: Оюутнуудыг инженер, технологийн чиглэлээр сургахыг тэргүүлэх чиглэл болгож байна. Одоо гадаадад сурч буй оюутнуудын 50 хувь нь нийгмийн чиглэлээр сурч байгаа. 1513 хүн сургалтын зээл авснаас 436 хүн сураггүй болсон. Эдгээр хүмүүсийн араас Төрийн сан явна. Гадаадад суралцагчид эх орондоо эргэж ирсэн ч төрийн сантай холбоо барьдаггүй. Иймд зээлийн мэдээллийн сантай болсноор сураггүй хүмүүсийн нэрс ил болно гэсэн ойлголттой байгаа. Цаашид нано технологи, багш инженер, экологи, бусад нарийн мэргэжлээр оюутан бэлтгэхийг дэмжиж байна. Ер нь нарийн мэргэжлийн багш, судлаач, хүүхдийн эмч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Гадаадад суралцах хүсэлтэй хүмүүст сургуулийг нь олж өгөх бус харин сургуулиа олоод нөхцөл шаардлагыг нь хангасан хүнд төрийн сангийн зээл олгоход анхаарна. Төрийн сангийн зээлийг хувь хүний гарт өгдөггүй, тухайн суралцах сургууль руу нь шилжүүлдэг.