Л.Дулмаазул: Дэлхийн олон оронд том төслүүд хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг зорьж байна
Л.Дулмаазулын хувьд өндөр боловсролтой эмэгтэй. Чех, Япон, Английн их сургуулиудад сурч боловсорч, олон улсын харилцаа, санхүү, бизнесийн удирдлагаар сурсан, чех, орос, англи, япон, монгол хэлтэй нэгэн. Тэрбээр Токио, Сингапур, Лондон хотуудад банк санхүүгийн чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай. Тэр дундаа Лондон хотын томоохон банканд 12 жил ажиллаж, олон улсын дэд бүтцийн төслүүдийг хариуцан ажилласан байдаг. Тэрбээр багаасаа гаднын улс оронд сурч, ажиллаж хөдөлмөрлөсөн ч түүний зүрхэнд Монгол хэмээх улс үргэлж оршин тогтнож байсан.Тэр эх орондоо хайртай нэгэн. Тийм ч учраас Монголынхоо хөгжилд, эх орныхоо ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулахаар нэг жилийн өмнө “гэртээ” ирсэн билээ. Тэр бусдын адил өндөр хөгжилтэй улс орнуудад, өндөр цалинтай, сэтгэл ханамж дүүрэн амьдарч болох байсан ч түүнд түгжрэл, утаа, бухимдал, асуудал дүүрэн эх орон нь юу юунаас ч эрхэм байсан юм.
-Та эх орондоо бүрмөсөн суурьшихаар ирээд нэг жил болж байна. Хилийн чанадад олон жил ажиллаж амьдарсан хүн Монголдоо ирээд идээшиж байна уу?
-Эх орондоо ирээд суурьших сайхан байна. Миний хувьд огцом шийдвэр гаргаагүй. Сүүлийн 10 гаруй жил ирэн очин байсан бол өнгөрсөн 4-5 жилд байнга л Монголдоо ирсэн. Нэг л мэдэхэд ажил, амьдрал маань Улаанбаатарт төвлөрчихсөн байсан. Эцэст нь хүүхдээ авчирч нэгдүгээр ангид орууллаа. Хүүхдээ сургуульд оруулангуут жинхэнэ утгаараа суурьшдаг юм байна. Ажлын хувьд маш завгүй болсон.
Монголынхоо хөгжил, бодлого, орчнуудыг илүүтэй ойлгож, хэрэгтэй төсөл, санхүү хаана байгааг судалж, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хийх ажил их байна гэдгийг мэдрээд улам их хичээж байна. Би гадаадад байхдаа улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах ямар боломж буй талаар багагүй бодсоны эцэст Монголынхоо цэвэр эрчим хүчний салбарыг сонгож, орчин нөхцөлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалт татаж хөгжүүлэхэд чин сэтгэлээ зориулахаар сэтгэл шулуудсан гэх үү дээ.
Миний ч дуртай салбар. Эрчим хүчний салбарт санхүүжилт маш их шаардлагатай байгааг мэдэрсэн учраас энэ чиглэлд илүүтэй анхаарсан. Монгол Улсын Дундад Азийн орнуудаас эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах ажил нэлээд сайн явж байна. Төрийн яамдуудын түвшинд гэрээ хэлэлцээр хийж, гарын үсэг зурах явцууд үргэлжилж байна. Монголд ирснээсээ хойш бодитой гаргаж буй ажил гэвэл, Европын нэг хөрөнгө оруулалтын банкнаас томоохон хэмжээний санхүүжилт татахаар нэлээд идэвхтэй явсны үр дүнд нэг тэрбум ам.долларыг Монгол руу оруулж ирэхэд бэлэн болоод байна.
Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын ногоон шилжилтийг дэмжихэд бэлэн байгаа бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах гэж байна. Томоохон хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол Улсад нээж өгөх ач холбогдолтой хөрөнгө оруулалт болох юм. Монгол Улсынхаа хөгжилд ийм хэмжээний хөрөнгө оруулалт татах эхний ажлаа ийн амжилттай хэрэгжүүлж байгаадаа баяртай байгаа.
-Маш сайн мэдээ байна. Бид гаднаас хөрөнгө оруулалт л оруулж ирж байж хөгжинө. Энэхүү хөрөнгө оруулалтыг ямар салбарт түлхүү зарцуулах чиглэлтэй байгаа бол?
-Дэлхийн улс орнууд эрчим хүч, ялангуяа ногоон эрчим хүчний салбарт их өөрчлөлт хийж маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Энэ утгаар Монголын ногоон шилжилтийг дэмжиж, эрчим хүч, ногоон эрчим хүчний салбарт гол хөрөнгө оруулалтыг зориулна. Дэлхий нийтээрээ ногоон хөгжилд анхаарч буй энэ цаг үед гаднаас хөрөнгө оруулалт татах, ногоон санхүүжилт оруулж ирэх боломж маш их бий.
Гол нь бид зөв үед нь хөрөнгө оруулалтыг авч, тогтоон барьж, улсаа хөгжүүлэхэд зориулах нь маш чухал байна. Ийм учраас л би банк санхүү, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Та хаана ямар сургууль төгссөн талаараа товч танилцуулна уу?
-Би Чех улсад орос сургуульд сурч, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Чехийн Карлын их сургуульд сурсан. Дараа нь Японд Токиогийн гадаад хэлний их сургуулийг олон улсын харилцаагаар бакалавр төгссөн. 2012 онд Английн Оксфордын их сургуульд санхүүгийн мэргэжлээр магистр, 2022 онд мөн Оксфордын их сургуульдаа бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.
Миний хувьд Монголынхоо сургуульд дунд анги хүртлээ сурсныгаа азтай гэж боддог. Олон жил гадаадад амьдарсан ч гэлээ суурь нь Монголд, монгол сургуульд тавигдсан болохоор эх хэлээ мартаагүй, монгол хэлээрээ сайн ярьдаг. Дэлхийгээр аялж, ажилладаг ажил хийх нь таны мөрөөдөл байсан. Энэ мөрөөдлөө ч биелүүлсэн.
-Ямар улс орнуудад ажиллаж, амьдарч, мөрөөдлөө хэрхэн биелүүлсэн талаар бидэнд сонирхуулна уу?
-Миний мөрөөдөл олон улс руу байнга ажлаар явж, улс орнуудын хөгжилтэй танилцаж, тэдгээр улсын хөгжилд бас хувь нэмрээ оруулахыг хүсдэг байсан. Японд сургууль төгссөн, чех, орос, япон, англи, монгол хэлтэй залуу мэргэжилтний хувьд Японы томоохон компанид ажилд орох боломжтой байсан. Японы Тоёота компани Чех улсад салбараа нээж тэр салбарт ажиллах болсон нь миний ажлын анхны гараа байлаа.
Жилийн дотор 500 хүнтэй үйлдвэрийг байгуулахад анхны ажилтан нь болж, үйлдвэрийг байгуулалцаж явсан нь дөнгөж сургуулиа төгссөн мэргэжилтэнд маш гоё, их ч туршлага болсон доо. Дараа нь Япондоо буцаж ирээд АНУ-ын бизнесийн зөвлөх үйлчилгээний PWC компанид орсон.
Шинэ бизнесийг хэрхэн хөгжүүлж, санхүү, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх, амжилттай бизнесийн талаар зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 800-гаад ажилтантай маш том компани. 29 настай монгол эмэгтэй дахин өөр улсад ажиллах, дэлхийгээр явах мөрөөдөлдөө дийлдэж, Англи улсын нийслэл Лондонд ажиллах болсон. Тус улс дахь томоохон банкуудын нэг SMBC-д орж, Оросыг хариуцан ажилласан. Дэд бүтцийн том төслүүдийг олон улс орнуудад хэрэгжүүлдэг Лондонгийн салбартаа л 700 гаруй ажилтантай банк.
SMBC банк тухайн үед Зүүн Европ, Төв Азийн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж байсан. Жил бүр олон тэрбум ам.долларын зээл олгож, газрын тос, эрчим хүч, нисэх буудал зэрэг стратегийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлсэн. Роснефть, Сибирь 2, хийн хоолой (Сибирийн эрчим хүчний хоолой), Сахалин 2 гэх мэт газрын тосны боловсруулалтын том төслүүд хэрэгжиж байв. Шереметьев нисэх буудлын Д терминалыг манай банкны санхүүжилтээр барьсан. Тэр миний хайртай төсөл. Москвагаар явах бүртээ өөрийн хариуцсан төслийн бүтээн байгуулалтаа харахаар бахархалтай байдаг.
Тус банканд ажилласан эхний гурван жилд ОХУ, Казакстан, Туркменистан, Азербайжан зэрэг энэ бүсийн орнуудын хөгжлийн том төслүүдийг хариуцаж байсан.
Мөн Саудын Араб дахь нийт 26 ГВт хүчин чадалтай Аль Шуабах 1 ба 2 цахилгаан станцын төслүүд болон 5ГВт-ын нарны хөтөлбөрын санхүүжилт дээр ажилласан. Сүүлдээ Европоос өөр улс орныг сонирхмоор санагдаж, Африк болон Ойрхи Дорнодыг хариуцан ажиллалаа.
Эдийн засаг нь харьцангуй хөгжиж, дэлхийн анхаарлыг татаж байсан Өмнөд Африк, Саудын араб, Оман, Бахрейн, Танзан, Ангол, Намиб, Кени улс руу олонтоо явсан. Манай банк Намиб улсад ураны шар нунтаг, Өмнөд Африкийн Иоханнесбургэд терминал, Анголд газрын тос, Танзанд цахилгаан станцын төслүүд хэрэгжүүлсэн. Мөн ус цэвэршүүлэх, сэргээгдэх эрчим хүч, эмнэлэг, хог хаягдлын үйлдвэр зэрэг том дүнтэй төслүүдийг хариуцан амжилттай хэрэгжүүлж байлаа. Сар тутам, долоо хоног, бүр тав хоногт таван орноор явах ч үе олонтоо тохиосон доо.
-Монгол эмэгтэй дэлхийгээр явж ажиллах мөрөөдлөө сайн биелүүлжээ. За тэгээд хэдийгээс Монголтойгоо холбогдож эхэлсэн бэ?
-Би энэ банкандаа 12 жил ажилласан. Манай банк Төлөөлөгчийн газраа Монголд 2012 онд нээсэн. Энэ үеэс Монголын төслүүд дээр ажиллаж эх оронтойгоо холбогдож эхэлсэн. Дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлсэн Оюутолгой төсөл хэрэгжиж, мөн Хөгжлийн банк байгуулагдаад байсан үе.
Монголын том төслүүд дээр ажилласнаар улсынхаа хөгжил, тулгарсан асуудлуудыг нэлээд судалж ойлгосон. Миний хувьд дэлхийн олон орноор явж ажиллаж, туршлага ч багагүй хуримтлуулж, улс орнууд хэрхэн хөгждөг талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон байлаа. Олон улсаар байнга явж ажиллах мөрөөдөл маань ханачихсан байсан гэсэн үг. Тэгээд би сүүлдээ ганцхан хүсэл мөрөөдөлтэй болсон. Эх орныхоо хөгжилд хэрэгтэй төслүүд хийе, санхүүгийн боломжуудыг улс руугаа чиглүүлье гэсэн мөрөөдөлд автаж эхэлсэн. Монгол Улстайгаа холбоотой төсөл авангуут миний зүрх цохилдог байлаа.
Манай улсын хувьд 2012 оноос хойш ярьсан төслүүдээс урагшилсан нь Оюутолгой л байна. Оюутолгойн санхүүжилтийн гаднын 14 банкны нэг нь манай банк бөгөөд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Хөгжлийн банк, Хаан банк, ХХБ тус бүрд 20 сая ам.долларын санхүүжилт хийсэн. Монголын банкууд лимиттэй байдаг байсан, өнөөдөр лимит нь нэлээд ихэссэн байх аа.
-Цэвэр эрчим хүчний чиглэлд одоо ямар төслийг хэрэгжүүлж байна вэ?
-Би сэргээгдэх эрчим хүчний тухай төдийлөн ярьдаггүй 2012, 2013 оноос Монгол руугаа ногоон эрчим хүчний санхүүжилт татах ажил руу анхаарч орсон. Интернэтээс Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тухай олж мэдэж, Лондонгоос Осгонбаатар захирал руу “Цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр байна. Тантай хамтарч төсөл хэрэгжүүлмээр байна” гэж шууд утасдсан. Монголд ирээд уулзлаа.
Эхний ээлжинд газрын гүний дулааны туршилтын төслийн судалгааг хийсэн. Төв аймгийн цэцэрлэг, сургуулийн байруудыг газрын гүний дулаанаар хангах судалгаа байв.
-Лондонгийн SMBC банкнаас гараад Монголдоо ирж, төсөл хэрэгжүүлж, санхүүжилт татаж эхэлсэн. Ямар чиглэлээр төсөл хэрэгжүүлж, санхүүжилт хийсэн бэ?
-Би олон улсад хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажилласан туршлагатай. Монголдоо ч цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан. Сүүлийн жилүүдэд эх орныхоо нөөц баялгийг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад маш том хувь нэмэр оруулах устөрөгчийн зах зээлийг бий болгохоор ажиллаж байна. Монголын анхны устөрөгчийн төсөл рүү орж ажилласан. Бас л зүрх цохилдог төсөл минь.
Устөрөгч бол ирээдүйн түлш. Бид ирээдүйн 5,10 жилийн дараахыг харж суурийг нь зөв тавихыг зорьж байна. Устөрөгч нь ямар ч хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгальд ээлтэй, бохирдолгүй, бензинийг орлох түлш юм.
-Манай улсад устөрөгчийн тухай ярьж эхлээд байгаа. Бодлого, хууль эрх зүйн орчныг өнөөдрөөс бүрдүүлэх ёстой. Энэ талд манай төр хир ажиллаж байна вэ?
-Бусад улс устөрөгчийн бодлогоо гаргаж, эрх зүйн орчныг хэдийнээ бүрдүүлчихсэн. Дэлхийн улсууд 2020 оноос хойш энэ асуудалд ихэд анхаарч байна. Ер нь дэлхий дахинаа харьцангуй шинэ ойлголт л доо. Европт устөрөгчийг Оросын газыг орлох түлш гэж үзэж байгаа. Миний хувьд Монголын анхны устөрөгчийн жишиг төслийг хийсэн бөгөөд энэ төсөл маань хоёр жилийн өмнө Японоос хамгийн анхны грантыг авсан. Мөн Японоос гадаад улсад өгсөн хамгийн анхны устөрөгчийн грант болсон.
Японы Байгаль орчны яам, мөн манай ЭХЯ дэмжээд Оюутолгойн уурхай дээр устөрөгчийн төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бодлогын хувьд манай холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд хамтраад Монгол Улсад устөрөгчийг хөгжүүлэх бодлогын төслийг гаргаад ирсэн, одоо батлуулах дутуу байгаа. Ерөнхийлөгчийн дор Устөрөгчийн бодлогын алба ажиллаж байна.
Манайх хүрэн нүүрсний нөөц арвинтай. Хүрэн нүүрсийг санхүүжүүлэхээс дэлхий дахинаараа татгалзсан энэ үед нүүрсийг устөрөгчид хувиргаад гаргана гэвэл олон улсын санхүүжилт олдох боломжтой юм. Монгол Улс ирээдүйд устөрөгчийн экспорлогч орон болох боломжтой гэж би харж байна. Гэхдээ энэ нь зөв бодлого, хамтын ажиллагаа, технологийн зөв сонголтоос хамаарна.
-Эрчим хүчний салбарын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Нүүрс хямд эх үүсвэр. Нүүрсээ ашиглая гэх нь буруу биш. Гэхдээ санхүүжилт зогссон учраас нүүрсний станцуудыг барьж байгуулах боломжгүй болоод ирж байгаа юм. Нүүрсний санхүүжилт ид байсан үед нь станцуудаа барьж чадаагүй нь харамсалтай. Цагийн юмыг цагт нь хийгээгүй. Одоо бид ногоон шилжилт хийхээс өөр сонголтгүй.
Эрчим хүчний нэгдсэн бодлогоо гаргаж, 2040, 2050 он хүртэл хэрхэн хөгжих стратегиа тодорхойлоод цааш явах ёстой. Салбараа нэлээд өргөн цар хүрээгээр нь харах хэрэгтэй. Бид нөөц баялгаа маш зөв бодлогоор ашиглаж чадвал, сайхан ирээдүй биднийг хүлээж байна. Урд хөрш бол маш том зах зээл. Тэгэхээр эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдээ явуулж, орлого оруулж ирэх нь одоо маш чухал байна. Зөв менежментийг, дэлхий ертөнцийн трэндүүдтэй уялдуулж бүх боломжийг ашиглаж зөв удирдаасай.
Таны хувьд нэг хэсэг Английн Засгийн газрын дэд бүтцийн зөвлөхөөр ажилласан шүү дээ. Монгол эмэгтэй өндөр хөгжилтэй улсын Засгийн газрын түвшинд зөвлөхөөр томилогдсоныг сонсоод бахархаж байлаа. Английн Засгийн газрын том төслүүдийн зөвлөхүүдийн багт 2019 оноос ажилласан. Английн Засгийн газар дэргэдээ том төслүүдийн бүтэц, төлөвлөлт, санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар бодлого, төлөвлөгөөг гаргадаг зөвлөхүүдийн багийг ажиллуулдаг.
Энэ баг нь яг л банкны хийдэг ажлыг хийнэ. Засгийн газар нь жил бүр дэд бүтэцдээ 600 тэрбум фаундын хөрөнгө оруулдаг. Энэ санхүүжилтийн тал нь Засгийн газрын хөрөнгөөс, үлдсэнийг хувийн хэвшлээсээ хөрөнгө оруулалт татдаг. Гэхдээ түлхүү хувийн хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлээ яавал дэмжих вэ гэсэн бодлого баримталдаг. Мөн Английн Засгийн газар гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд бүх боломжоо ашигладаг. Нэг томоохон төсөл хэрэгжүүлэх боллоо гэхэд, хэдэн хувьд нь Сангийн яамны баталгаажсан бондыг оруулах вэ гэх мэт бүтэц төлөвлөлтийг Зөвлөхүүдийн баг гаргаж ирдэг. Сангийн яамны баталгаажсан бонд ороод ирэхээр уг төсөлд гаднын хөрөнгө оруулагчид итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийдэг.
-Та одоо эрчим хүчний реформ хариуцсан Шадар сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа. Монгол, Английн Засгийн газрын том төслүүддээ ханддаг хандлагад ямар ялгаа байна гэж харсан бэ?
-Англи хуулийн орон. Бизнес, олон улсын хууль ихэнхдээ Английн хуулиар явдаг. Английн Засгийн газар том төслүүдийг явуулна гэж ярьсан л бол хамгийн түрүүнд мэргэжлийн баг том төслүүдийн бүтэц, төлөвлөлт дээр орж ажилладаг. Мэргэжлийн баг бүтцийг маш нямбай гаргаж ирснээр уг төсөл цаашаа цэгцтэй зөв явдаг ач холбогдолтой. Харин манай улсын хувьд том төслүүд дээр эхэлж ажиллах мэргэжлийн баг, схем, бүтэц нь дутагдаад байна уу гэж харсан.
Манай эрчим хүчний салбар хоцрогдсон, асуудал ихтэй ч нөгөө талдаа ногоон эрчим хүчээ дорвитойхон хөгжүүлэх бодлого баримталбал, эдийн засаг босоод ирэх, гадаад, дотоодын хөрөнгө орчуулагчид их сонирхох төдийгүй хөрөнгө оруулалт хамгийн их татах боломжтой салбар л даа. Монгол Улсад эрчим хүчний асуудлаа шийдье, шинэ зарчмаар хөгжүүлье гэдэг шинэ салхи орж ирсэн. Гаднын хөрөнгө оруулагчид ч өөр нүдээр харж, дэлхийн хэмжээний том хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож эхэлж байна.
Харин бид энэ боломжийг л алдаж болохгүй, улам хичээж, хөрөнгө оруулалтыг татаж, эрчим хүчний салбараа шинэчлээд авах хэрэгтэй юм. Миний хувьд дэлхийн олон оронд дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцаж, ажиллахыг зорьж байна. Одоогийн үүрэгт ажилдаа хувийн хэвшлийн туршлагаа ашиглаж байгаа ч төрийн бодлого, олон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг гэдгийг онцлох байна.
