“Магадлал бага” буюу “хэзээ ч”...

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд амжилттай хөгжиж чадсан хэдий ч нийгэм, эдийн засаг, улс төрд бий болж байгаа гадаад орчны шууд ба шууд бус нөлөө, байгууллагын удирдлагын менежментийн алдаа, үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан хүндрэлтэй тулгарч улмаар дампуурахад хүргэж байдаг.

Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд тулгарч байгаа саад бэрхшээл, дампуурал нь өндөр хөгжилтэй улс орнуудад ч мөн байнга тохиолддог.
Дампууралд хүргэж байгаа гол шалт­гаан нь удирдлага төлөвлөлт байхгүй, дотоод болон гадаад орчноос нөлөөлж байгаа хүчин зүйлд оновчтой хариу үйлдэл үзүүлж чаддаггүй, ирээдүйгээ харсан зөв шийдвэр гаргадаггүй гээд байнга эрсдэлээ тооцож, төлөвлөж хэрэгжүүлдэг, эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага амжилтад хүрч чадаж байгааг 2009 оны аравдугаар сарын “Harvard Business Review”сэтгүүлийн судалгааны тайланд тусгасан байсан.

Ихэнх бизнес эрхлэгчийн хувьд бизнесийн ашиг, орлогод түлхүү анхаарч хөрөнгө оруулах шийдвэрээ гаргаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажилладаг хэдий ч тэр бүр ирээдүйд гадаад болон дотоод орчноос бий болж байгаа хүчин зүйл, саад бэршээлийг тооцож чаддаггүйгээс болж нэг мэдэхэд томоохон тулгамдсан асуудалд ордог. Нөгөөтэйгүүр ирээдүйд учирч болох эрсдэлийг урьдчилан харж, шийдвэрлэх эрсдэлийг удирдах төлөвлөгөө, хяналт хэрэгжилтийн тогтолцоо байдаггүйгээс орлого буурах, алдагдалд орох, биз­несийн үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх асуудал тулгарсаар байна.

Эрсдэл гэж юу вэ? Энэ нь ирээдүйд тохиолдох тодорхой бус байдал бөгөөд тухайн тодорхой хугацаа өнгөрөхөд бий болох үр дагаварыг хэлнэ. Хувь хүн, байгууллага, бизнесийн салбар, нийгэм улс оронд ирээдүйд юу тохиолдохыг шууд тодорхойлж чадахгүй, гэхдээ таамаглаж болно. Таамаглал нь хэр бодитой болохыг тохиолдож болох магадлалын түвшингээр л илэрхийлж чадна. Ирээдүйд болох үйл явдал нь хувь хүн Та өөрөө, байгууллагын удирдлага, салбарын түвшинд шийд­вэр гаргаж байгаа сайд, улс орны бодлогыг боловсруулж байгаа улс төрчид, шийдвэр гаргах албан тушаал­тан нар ямар шийдвэр гаргаж байгаа, хэрхэн удирдаж ажилласнаар тодор­хойлогдоно.

Хувь хүн Та, байгууллагын удирд­лага, төрийн түшээ бүгд өдөр бүр шийдвэр гаргадаг. Заримдаа буруу шийдвэр гаргасныг сүүлд нь ойлгож ухаардаг. Шийдвэр гаргахдаа оновчтой сонголт хийхийг хэлдэг. Олон хувилбар, сонголтуудаас зөвийг нь тооцоолж сонгож чадвал зөв шийдвэр гардаг байна. Сонголтуудын ашигтай байх магадлалын түвшингээр аль нь өндөр байна гэдгийг хөрөнгө оруулалтын шинжилгээ хийж тооцдог бол сонголт бүрийн цаана хэрэгжүүлэхэд ямар саад, бэрхшээл учирч болох, түүнийг удирдаж даван туулж чадах эсэхийг эрсдэлийн шинжилгээгээр тооцож гаргадаг. Өөрөөр хэлбэл, оновчтой сонголт хийх шийдвэр гарахдаа сонголт тус бүрийн ашиг болон эрсдэлийг хамтад нь уялдуулан тооцоолдог байна.

Эрс­дэлийн шинжилгээ гэж юу вэ?

Сонголт, хувилбаруудыг боловс­руулахад судалгаа хийгдсэн байх хэрэгтэй. Судалгаа хийхэд анхдагч болон хоёрдогч эх сурвалжаас мэдээ­лэл олж авдаг. Эрсдэлийн шинжилгээ хийхэд олж авсан мэдээлэлд анализ буюу дүн шинжилгээ хийж үр дүнг тодорхойлон илэрхийлэхэд чиглэгдэнэ. Нөгөөтэйгүүр ирээдүйд тохиолдох тодорхой буй байдлыг таамаглан тооцоолоход чиглэгдсэн эрсдэлийн чанарын ба тоон шинжил­гээний үр дүн юм. Таамаглалыг тохиол­дох магадлалын хувь хэмжээгээр илэрхийлдэг. Удирдлагын орчин үеийн хандлагад эрсдэлийг тооцохдоо аливаа үйл явдал хэзээ ч тохиолдохгүй гэж болохгүй гээд “тохиолдож болох магадлал бага” гэх буюу тодорхой хувь хэмжээгээр илэрхийлж “хэзээ ч” гэсэн ойлголтыг байхгүй болгох хэрэгтэй гэж тодорхойлжээ.

Эрсдэлийн шинжилгээг хийхдээ байгууллагад шууд ба шууд бус байдлаар нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох шаардлагатай байдаг. Эрсдэлийг тодорхойлохдоо байгууллагад дотоод орчноос бий болсон эрсдэл, гадаад орчны эрсдэл гэж ангилж авч үздэг. Дотоод орчны эрсдэлд байгууллагын санхүүгийн эрсдэл, техник технологийн эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл гэж үндсэн ангилал байдаг. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гадаад орчны эрсдэлийн ангилалд нийгэм, байгаль орчин, эдийн засаг, зах зээл, хууль эрх зүй, зах зээлийнх гэж хамааруулдаг. Тухайн байгууллага, салбарын онцлог шинжээс хамаарч бизнесийн үйл ажиллагаанд аль аль нь шууд ба шууд бус хамаарлаар тулгамдсан асуудалд хүргэдэг.

Эрсдэлийн менежмент гэж юу вэ?

Салбарын онцлогтой уялдуулан судалгааны хамрах хүрээ, аргачлалыг боловсруулж байгууллагын дотоод ба гадаад орчны эрсдэлийг тодорхойлдог. Тодорхойлсон эрсдэлийн хамрах цар хүрээ буюу далайц, тохиолдох тоо хэмжээ буюу давтамжийг эрсдэлийн тоон ба чанарын шинжилгээний тусламжтай тооцож эрсдэлийн үзүүлэх үр дагаварын түвшингээр ангилдаг.
Эрсдэл бүрийн харилцан хамаарал буюу корилляцийг тооцож эрсдэлийг бий болгож байгаа эх үүсвэр буюу шалтгаан, нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж эдгээрийг арил­гах, бууруулах, даван туулах тактик, стратегийг боловсруулдаг. Үүнийг эрсдэлийг бууруулах хариу үйлдэлийн төлөвлөгөөний хүрээнд бүрэн тооцоолж боловсруулдаг байна.

Эцэст нь уг төлөвлөгөөг хэрэгжүү­лэхэд чиглэсэн байнгын үйл ажиллагаатай эрсдэлийн шинжээч, эрсдэлийн менежерийн тусламжтай хяналт, мониторинг хийж эрсдэлийг удирдаж үйл ажиллагаагaa сайжруулж байдаг.
Бизнесийн байгууллагын эрс­дэлийн менежмент буюу Enterprise risk management (ERM) нь 2000 оноос хойш бизнесийн бүх салбарт хурдацтай нэвтэрч эхэлсэн. Учир нь глобалчлал, улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн өөрчлөлт, хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт, салбарын өрсөлдөөн зэргээс шалтгаалан бизнесийн орчинд бий болж байгаа шууд ба шууд бус эрсдэлийн хамрах цар хүрээ байнга өөрчлөгдөж байна.
Иймд бизнесийн байгууллага нь цаашид оршин тогтнох, өрсөлдөхийн тулд гадаад болон дотоод орчны өөрчлөлтөөс бий болж байгаа эрсдэлийг цаг алдалгүй тооцон удирдаж тогтмол шинэчлэлт, өөрчлөлт зөв хийх шаардлагатай байгаа учраас орчин үеийн эрсдэлийн менежментийн арга барилыг эзэмшиж, бизнесийн ажил хэрэгт нэвтрүүлэх зайлшгүй хэрэгтэй байгаа юм.