Малчдад өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр өгнө

Улсын онцгой комисс өнөөдөр хаваржилт, төл бойжилтын асуудлаар хуралдаж, улсын нөөцөөс мал төллөлт хүндэрсэн аймгуудын малчдад өвс, тэжээлийг 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо. Энэ жил Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс аймагт хаваржилт хүндэрч, мал болон төл мал хорогдох, эх мал түүний дотор ямаа хээл хаях нь их байгаа аж. Тиймээс дээрх аймгуудад Улсын нөөцөөс 3903.56 тонн өвсийг тусламж хэлбэрээр, 1695.56 тонн малын тэжээлийг нөөцийн үнээс 50 хүртэл хувиар хямдруулан олгож, үнийн зөрүү болох нийт 857.2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг холбогдох дарга нарт үүрэг болголоо.

Улсын хэмжээнд мал төллөлт 50 гаруй хувьтай байгаа бөгөөд нийт төлийн долоон хувь нь ихэр гэдгийг хуралдааны үеэр онцолж байв. Тухайлбал Төв аймгийн Эрдэнэсант сумын гуравдугаар багийн малчин Ш.Энхбаатарын хотонд гурван ихэр эр тугал, Архуст сумын Ноён шандын нэгдүгээр багийн малчин С.Жадамбын хотонд таван ихэр ишиг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин Ч.Мөнхбаярын хотонд таван ирэх хурга гарч эсэн мэнд бойжиж байна.