Малчдад 60 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Нийслэлд хаврын урь орж, хахир хүйтэн өвлийг “жийх” цаг дөхөж буй ч малчдад хаврын хавсарганы үеэр малаа мэнд төллүүлж, шинэ төлөө хүлээж авах хамгийн чухал үе. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэнээр одоогийн байдлаар 18 аймгийн 97 суманд өвөлжилтийн байдал хүндэрч, зудын байдалтай байгаа аж. Эдгээр аймагт цасны зузаан 20-30 см хунгарлаж, шуурсан газартаа 60-130 см байгаа юм байна. ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуяг “Улсын хэмжээнд өвс, тэжээлийн хүрэлцээ муу байна. Зарим аймаг, сумдад аль хэдийнэ нөөц нь дууссан. Тухайлбал, сумын аюулгүй өвсний нөөц 23.7 хувь, тэжээл 40.9 хувьтай байна” гэв. Мөн Увс аймгийн нөөц, Архангай, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн сумын нөөц, Завхан аймгийн сум болон аймгийн өвс, тэжээлийн нөөц бүрмөсөн дуусчээ. Түүнчлэн малын хорогдол Хөвсгөл, Архангай, Завхан аймгуудад хамгийн өндөр байгаа юм байна. Өнгөрсөн оны эцсийн тооллогоор, Хөвсгөлд 10 мянга гаруй, Архангайд 7000, Завхан 6000 гаруй мал хорогджээ. Түүнчлэн малчид, өндөр настан, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч, түргэн тусламжийн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчид, иргэдэд эмнэлгийн үйлчилгээ яаралтай үзүүлэх, өвс тэжээлийг нэмж байршуулах зорилгоор 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд буй ч байдалд дээрдэхгүй байгааг албаныхан санууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Малчдад тусалъя” хөдөлгөөнийг ҮХААЯ дэмжин, бүх ажилчид нь нэг өдрийн цалин буюу нийт зургаан сая төгрөгийг Мал хамгаалах сангийн дансанд байршуулжээ. Мөн оёдлын үйлдвэрүүдээс малчдад туслах хүсэлт тавьж, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн бараа, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос 60 сая төгрөгийн тэжээлийг хандивлаж буйгаа мэдэгдлээ.

Тиймээс төрийн бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг малчдиддаа зориулан тусламжийн гараа сунгахыг уриалж байна. Хэрэв та малчдад мөнгөн хандив өгөхийг хүсвэл Төрийн банк 3400038751 /төгрөгөөр/, Худалдаа хөгжлийн банк 457036064/төгрөг/, Хаан банк 5021470873 /ам.доллар/ дансанд мөнгөө шилжүүлэх боломжтой юм байна. Харин өвс тэжээл, нэмнээ зэрэг тусламжаа Мал хамгаалах санд өгч болох юм байна. Мал хамгаалах санд хандивлаж буй мөнгө, бараа бүтээгдэхүүнээ хандивласан байгууллага нь аль аймгийн ямар суманд өгөх хүсэлтэй байгаагаа санал болгох хэрэгтэй аж. Иргэд, олон нийтээс цугласан мөнгөн болон бусад хандивын зарцуулалтын талаар сар бүр тайлагнаж байна гэдгээ ҮХААЯ-ны мэргэжилтнүүд онцолсон.