Малчдын гэрт нар манддаг


Бүгдээрээ дахиад нар мандахгүй гээд төсөөлөөд үзэх үү. Хэрвээ нар мандахгүй бол хорвоо дэлхий сэрэхгүй. Хэтэрхий аймшигтай санагдаж байна. Тэр дундаа нарны алтан цацрагийн шим тусыг Засгийн газрын тусламжаар хүртэж байгаа 100 мянган малчин өрхийн хувьд нар мандахгүй бол тэдний амьдрал яг л 2000 оноос өмнөх тэр л лаатай үедээ эргээд очих биз ээ.

Хөдөөгийн иргэдийг цахилгаанаар хангахад чухал ач холбогдол бүхий “100 000 нарны гэр” хөтөлбөр өнөөдөр бүрэн хэрэгжиж дууслаа. Учир нь, 100146 өрх уг хөтөлбөрт хамрагдаж гэрэл цахилгаантай болсноор зурагт үзэж, утсаар ярьж байсан бол өнөөдөр хөдөө орон нутгийн дөрвөн өрхөд нарны зай хураагуур бэлэглэж, хийсэн ажлаа төслийн баг танилцуулснаар төсөл бүрэн дуусч 100200 өрх сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан юм. Нарны зай хураагуур гардаж авсан иргэд засаг, төр, нар дэлхий гээд бүгдэд нь баярлаж байгаагаа хэлж байлаа. Тухайлбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын хоёрдугаар багийн малчин З.Дулмаа “Эгч нь нарны зай хураагуур ашиглаж гэрэлтэй болж байгаа 100200 дахь малчин өрх боллоо. Үнэхээр баяртай байна. Манай төр засаг малчиддаа анхаарал их хандуулдаг. Тэр дундаа уг хөтөлбөрийг сүүлийн 10 гаруй жил хэрэгжүүлсэн нь хамгийн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ байсан гэж хэлж болох байх. Эгч нь урьд нь Нарантуул худалдааны төвөөс нарны зай хураагуур авч ашиглаж байсан. Одоо харин төрийнхөө буянаар нарны гэрэлтэй боллоо. Энэ нарны эрчим хүчээр гэртээ гэрэл асаана гэдэг чинь нараа дээдэлдэг монгол хүний хувьд үнэхээр бэлэгшээлтэй хэрэг. Яг л гэрт минь нар мандаж байгаа мэт” гэсэн юм. Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны цахилгаан үүсгүүр ашиглан өнгөт телевизийн 18-71 сувгийн нэвтрүүлэг үзэх, гар утсаараа гадаадад дотоодод ажиллаж, сурч байгаа амраг хань, үр хүүхэдтэйгээ хүссэн цагтаа орон зайг үл харгалзан гар утсаараа мэнд амараа мэдэлцэх нь өнөөгийн малчин өрхийн дүрх төрх болжээ.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Дэлхий нийтээрээ ногоон хөгжлийн талаар ярьж, энэ зүг явж байна. Уг зорилгын хүрээнд олон улс сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, ус гээд байгальд ээлтэй эрчим хүчийг ашиглах тал даар анхаарч эхлээд байгаа. Чухам энэ үед манай улсын нийт малчин өрх нарны эрчим хүчээр хэрэгцээгээ хангаж байна. Манай орноос өөр сэргээгдэх эрчим хүчийг ахуйн хэрэгцээндээ ингэж ашигладаг орон байхгүй. Тиймээс энэ бол дэлхий дахинд үлгэр дуурайл болохуйц чухал төсөл байсан гэж хэлж болно” гэв. Үнэхээр уг төсөл 100 мянга гаруй малчин өрхийн гэрт гэрэл асаасан төдийгүй оюун ухаанд нь ч мөн адил гэрэл асаасан чухал төсөл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ талаар Mongolian Economy сэтгүүлийн Тогтвортой эрчим хүч-хөрөнгө оруулалт-технологи гэх дугаарт дэлгэрэнгүй бичсэн байгаа. /Дэлгэрэнгүй http://mongolianeconomy.mn/en/p/2218 -ээс уншина уу/

“100 000 нарны гэр” хэмээх төслийг ийнхүү нэрлэсэн нь учиртай гэнэ. Учир нь, айл өрхийн ахуйн хэрэглээний цахилгааны хэрэгцээг нарны эрчим хүчээр бүрэн хэтийн зорилт дэвшүүлсэнд орших ажээ. Тиймээс Засгийн газрын төлөөлөл болсон Д.Зоригт сайдын хэлсэнчлэн ирээдүйд төвлөрсөн эрчим хүчинд холбогдох боломжгүй хөдөөгийн иргэд, баг, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах арга хэмжээг үргэлжлүүлэн авах аж. Мөн Засгийн газраас нарны зайгаар ажилладаг хөргөгч, хөлдөөгч, малын хашаа, хорооны гэрэлтүүлэг, ус халаах төхөөрөмжөөр хангах асуудлыг удахгүй шийдвэрлэх талаар ажил эхүүлэх юм байна.

Уг төсөл хэрэгжсэнээр 100 мянган өрхөд гэрэл улаачлаад зогсохгүй өөр бусад асуудал дээр ч арга туршлага хуримтлуулахад дэвшилтэт хөтөлбөр болсон талаар хэвлэлийн хурлын үеэр төслийн багийнхан мэдэгдсэн юм. Тухайлбал, Япон, БНХАУ-ын Засгийн газар, Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн 60 гаруй мянган нарны цахилгаан үүсгүүрийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгож байсан. Үүнээс төвлөрүүлсэн хөрөнгөөр Засгийн газар, төслийг хэрэгжүүлэгч тал нарны цахилгаан эх үүсвэр худалдан авахад зарцуулж ирсэн аж. Энэ нь заал, тусламжийг хөрөнгийг хэрхэн үр ашигтайгаар ашиглаж болох талаар бусдад үлгэр дуурайлал болохуйц бодит ажил болж чадсан байна.