Малчин Доржынх сумын төвийн айл болсон нь

Доржынх амьдралаа залгуулахуйц малтай товхийсэн амьжиргаатай хөдөөгийн залуу гэр бүлийн үлгэр жишээ болохуйц айлын нэг байв. Харин 2009 оны зуднаар малаа алдаж, хотоо харлуулсан гашуун амдралыг туулж, аргагүйн эрхэнд сумын төвийн айл болсон юм. Эхнэр Цэцгээ нь наймдугаар ангиа төгсөөд л малчин болсон тул эзэмшсэн мэргэжилгүй бөгөөд хоёр бага насны хүүхдийн ээж.Удмын малчин Дорж сумын төвд орж ирснээр бүр ч хийх ажилгүй болж, хий гиюүрч, үеийн залуучуудтай архидаж, шоудсан хүмүүсийн нэг болох нь тэр. Ажил хийж амьжиргаагаа залгуулъя гэсэн ч ажил үл олдоно. Харин архи элбэг олдох тул энэ идээнээс хөдөөгийн залуус татгалзахгүй нь ойлгомжтой. Үнэндээ бол сумын төвөөр нэг ажилгүй залуучууд хөлхөлдөж, бизнесийн сэтгэлгээтэй нэгэн нь кафе баар нэрээр архи голдуу зарж хөөрхөн мөнгө олчихно. Ажилгүй залуусын бөөгнөрөл болсон сумын төвийнхөн улстөржиж, намчирхаж, намын харьяалалд хуваагдан хоорондоо үзэж тарах нь энгийн үзэгдэл. Харин төрийн байгууллагуудын хаалга хүч чадал муутай онгойж, хаагдах нь улсын ажил хэр явааг илтгэх мэт. Сумын төвийн энэ эл хуль өдөр хоногийг өнгөрөөсөн мэт амьдрал олон иргэнээ хот руу нүүлгэхэд хүргэсэн. Чадал, бэл бэнчинтэй, аралтай нэгэн нь төв суурин газар бараадаж, ихэнхдээ нийслэлийн айл өрхийн тоог нэмсэн байгаа. Сургууль эмнэлгийн үйлчилгээ муу, хийх ч ажил олдохгүй, хөдөөгийн суманд залуус суурьшихыг хүсэхгүй нь мэдээж.

Сүүлийн жилүүдэд төрөөс хөдөө, орон нутгийг гэрэл цахилгаанаар хангаж, дэд бүтцийг хөгжүүлэхийг хичээж байгаа ч сайн үр дүн өгөхгүй байгаа нь харагдана. Нэгэнтээ хөдөөгийн сумдад эрчим хүч хүргэсэн л юм бол жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд төр, засгаас дорвитойхон шиг анхаарч дэмжээд өгөх шаардлагатай байгааг нутгийн иргэд ярьдаг. Төрийн мэргэн бодлого хөдөөд үгүйлэгдэж байна гэж Монголын эдийн засгийн чуулганы үеэр ярилцсан. УИХ-ын гишүүн Д.Одхүү манай улсад ирээдүйн хөгжлийн тодорхой стратеги байдаггүй, асуудлыг тойроод л яваад байдаг тухай онцолж байлаа. Мөн манай өнөөгийн аймаг, сумдын, багийн засаг захиргааны бүтэц Монгол Улсын ирээдүйн хөгжлийн загварчлалд тохирохгүй байгааг судлаачид тэмдэглэсэн. Тухайлбал, цөөхөн хүн амтай олон сум бий. Тэгэхээр хаана ямар хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх концепци гаргаж, хүн рүүгээ чиглэсэн хөгжлийг бий болгоочээ гэсэн асуудал Монголын эдийн засгийн чуулганы Орон нутгийн хөгжил салбар хуралдааны гол сэдэв болж өрнөсөн юм.

200-хан хүнтэй сум руу 200 КВт-ын эрчим хүчний шугам татаж байна шүү дээ гэсэн үг ч УИХ-ын гишүүний амнаас унасан бол хөдөөгийн сумдад бүтээн байгуулалт өрнөлөө гэхээр Бөхийн өргөө, Соёлын төв мэтийн барилга л босох юм гэсэн асуудал ч яригдсан. Өөрөөр хэлбэл, 20 жилийн дараа энэ сум оршин тогтносоор байх уу гэдэгт анхаарал хандуулж, судалгаа дүгнэлт хийх замаар Монгол Улсын, бүсчилсэн хөгжлийн, орон нутгийн хөгжлийн стратегийг тодорхойлж гаргаж тавих асуудал нэн чухал болохыг чуулганы төлөөлөгчид дуу нэгтэй зөвшөөрсөн. 80 жилийн өмнө Монгол Улсыг түүхий эдийн бааз болгохын тулд 365 суманд хуваасан шүү дээ. Одоо мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхээр л зорьж буй юм бол УИХ-ын гишүүд нь жалга довны улстөржсөн байдлаасаа салж, шинэ эриний шинэ бодлогоор хөгжих цаг ирснийг иргэдийн төлөөлөл хэлж байсныг энд онцлон тэмдэглэе.

Доржынх хотын айл болсон нь

Малгүй, ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн малчин Дорж сумын төвийн баргар амьдралд удаан тэсэлгүй, тэсэлгүй ч гэж дээ, эхнэр хүүхдүүдээ тэжээхийн эрхэнд төв суурин газрыг бараадахаар нэгэн хаврын уйтай өдөр Улаанбаатарын зүг жолоо залав. Өндөр гоёмсог барилгууд сүндэрлэсэн нийслэл хотын сүрэнд хөдөөх уулын мухарт өссөн бор хүү сүрдэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын дээгүүр суунаглан униартах утаат хот хөдөөгийн цэвэр цэнгэг агаарт цээж дүүрэн амьсгалж өссөн малчин Доржийг ийн тосож авсан юм. Их хотын маань “баялагт” хахаж цацаж, цээжээ хорсгосон Дорж нийслэлийн иргэн болох амаргүй даваатай нүүр учирч, Хайлааст дахь уулын нөмөрт хашаа хатгаж, бор гэрээ барьж авснаар түм түжигнэж, бум бужигнасан их хотын аясыг дагаж эхэллээ.

Хамаатныхаа эгчийн туслалцаатайгаар хүнсний захад ажилд орж, эхнэрээ ч бас таарсан ажилд оруулав. Үзэж харах, зугаалах зүйл олонтой ч Улаанбаатар гэж их айлд олон хүндрэлтэй асуудал байдгийг Дорж удалгүй ойлгоно. Тоо томшгүй олон сайхан машинтай хэрнээ зам харгуй нь их муу юм. Тэгээд энэ их түгжрэл дунд улаанбаатарчууд яаж явж ажлаа амжуулдаг юм бол гэсэн бодол төрөх. Хүнсний дэлгүүр, захын лангуун дээр шүлс асгаруулам харагдах олон зүйлс хүний эрүүл мэндэд хэр нөлөө үзүүлдэг юм бол. Зарим хүн урд хөршөөс орж ирсэн жимс ногоонд химийн найрлага ямар нэг хэмжээгээр байгаа гэх. Хүнсний ногоонууд, жимс, бүр сүү таргаа хүртэл Хятадаас авч байгаад манай малчин ихэд гайхлаа. За тэгээд гэр хороололд нийслэлчүүдийн ихэнх хувь нь амьдардаг юм байна. Нэлээд бохир заваандуу, хог шороотойгоо хутгалдах байдал гэр хорооллоос харагдах. Хотын төвдөө болохоор газар их үнэтэй гэж сонссон. Үнэхээр ч сул газар үлдээлгүй байшин барилга шавааралдуулан барьсан нь хотын үзэмжид тааруу харагдах. Гэлээ ч хүн өөрөө өөрийгөө хөгжүүлж, амьдрах арга ухаанд суралцаж, хөдөлмөрлөж хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлж, сайхан амьдрах боломж хотод үнэхээр байдгийг Дорж илүүтэй олж харсан юм.

Та бүхэн хотын амьдралыг ямраар төсөөлж байна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд Монголын эдийн засгийн чуулганы үеэр төлөөлөгчдөөс асуугаад Улаанбаатар орчин үеийн хот биш юм. Хүн амын гуравны хоёр хувь нь хөдөөгийн суманд ямар байсан тэр чигээрээ л хотод амьдарч байна. Хот бол цахилгаан дулаан, шугам сүлжээ, бохир ус, нийтийн тээвэр, хогны менежментийг бүрэн шийдсэн байх ёстой. Тэгвэл манайд эдгээр салбар зах зээлийн харилцаанд ороогүй байна шүү хэмээн учирласан. Гэр хороолол хөгжил авчирдаггүй юм гэж ч олон хүн хэлэв. Амьдралын дорой түвшинтэй хүмүүс хотын хөгжлийг чангаагаад байна. Долоо хоногт 700 гаруй хүн хотын иргэн болж байна. Орон сууцанд орж буй айлын тоог хөдөөнөөс шилжин ирж буй айл өрхийн тоотой харьцуулбал гурав дахин их байна. Тиймээс Улаанбаатар хотын бондыг гаргах замаар мөнгөний асуудлыг шийдье. Нийслэлийн бондыг хүмүүс худалдаж авна шүү дээ. Хотын иргэнээс татвар авъя. Хотынхоо төвдөө өндөр үнэтэй, зах руугаа үнэ багатай байлгах бүтцэд шилжье. Хөгжилд төлөвлөлт хэрэгтэй. Төлөвлөлтөд мөнгө зарахгүй байна. Уурын зуухны янданд амьдарч буй хүмүүс хөгжлийн тухай хэрхэн ярих вэ. Улаанбаатар хотын стратегийн хөгжлийн концепцийг гаргая гэсэн асуудал Монголын эдийн засгийн чуулганы Хотын хөгжил салбар хуралдаанаар яригдсан.Тоймолбол, улаанбаатарчуудын өмнө нэгдүгээрт, агаарын бохирдол хоёрдугаарт, эрүүл мэнд гуравдугаарт, аюулгүй амьдрах гэсэн нэн тэргүүний шийдэх асуудлууд байгааг эрдэмтэн судлаач, мөн олон улсын байгууллагын хүмүүс онцолж байлаа.