Малчны хотноос экспортод

Сэтгүүлч Г. Даваадорж

Бутаны Вант улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи энэ оны есдүгээр сард манай улсад айлчлахдаа “монгол банхарыг чинь экспортолж авмаар байна” гэсэн санал тавиад буцсан. Зөвхөн устгахад л нохойн бодлого нь илэрдэг манай Засгийн газар энэ хачин хүсэлтэд ямар хариу өгснийг бүү мэд.

Гэвч нохойн салбар төрийн бодлоготой, бодлогогүй аль хэдийнэ хөгжчихсөн. Бүр мал аж ахуйгаас ч илүү дэлхийн жишигт ойртсон гэвэл уншигч та гайхаж магад.

Банхар эргэн ирлээ

Саяхныг болтол монгол банхар бараг мөхлийн ирмэгт ирээд байсан ч нохойд сэтгэлтэй хүмүүсийн хичээл зүтгэлээр тоо толгой нь олширч, тархалт нь өргөсөж байна. Тэдний нэг болох “Монгол арслан” нохойн үржлийн газрын эзэн Д.Цэрэнхандын хашаанд 10 орчим банхар тоглон гүйлдэнэ. Гадны хүн орж ирэхэд хуцаж боргоохгүй. Харин ч энгэр өөд асан эрхэлнэ. Монгол банхар угийн номхон дөлгөөн. Шөнийн дөлөөр аюул тулгарахад догшин ширүүн зангаа гаргадаг онцлогтой.

Д.Цэрэнханд хүүхэд байхын л нохдод хайртай, нохой тэжээдэг байсан. Түүний анхны банхар 2003 онд Говь-Алтай аймгаас туувар дагаж ирсэн охин банхар байжээ. Үүнээс хойш өнгөрсөн 15 жилийн хугацаанд түүний амьдрал энэ амьтантай салшгүй холбогдсон юм. Тэрбээр “Тэжээсэн бүх нохойгоо тоолвол би бараг мянгат болчихсон” хэмээн хошигнов.

Монгол нохой судлалын холбооны удмын санд цэвэр цусны 2000 гаруй нохойн мэдээлэл бaйдгийн 700 орчим нь монгол банхар. Энэ хүн одоо нийт 20 орчим монгол банхартай бөгөөд нэг хэсгийг Толгойтод, нөгөө хэсгийг нь Төв аймгийн Баянчандмань суманд байрлах үржүүлэх байрандаа тэжээнэ. 2000-аад оны эхээр нохой сонирхон тэжээдэг, тэр тусмаа мөнгөөр худалддаг, худалдан авдаг хүн бараг байсангүй. Харин сүүлийн жилүүдэд нохой сонирхогчид эрс өсч, нохойн үржлийн газар, клубын тоо борооны дараах мөөг мэт олширчээ. Үүнийг дагаад монгол банхарын зах зээл өргөжсөөр байна. Нохой худалдах, эр, охин нийлүүлэх нь тогтсон үнэ ханштай.

Гэхдээ нохой нийлүүлэх нь хонинд хуц тавихаас тэс өөр. Тухайн нохойн удмын мэдээлэл, үүлдрийнхээ үндсэн хэв шинжийг хадгалж чадсан эсэх зэрэг нарийн тооцоолол шаардлагатай. Өөрөөр хэлбэл, үржлийн газрууд баталгаатай, бичиг баримттай нохойг нийлүүлэгт оруулдаг. Нийлүүлэх үнэ нохойн үүлдэр, чанараас хамаараад янз бүр.

Сайн чанарын нохойтой нийлүүлэх үнэ 500 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Энэ дундаас немц овчарк хамгийн өндөр үнэтэй.

Харин монгол банхарын гөлөг худалдах дундаж үнэ 500 мянга. Д.Цэрэнханд өнгөрсөн жил үржлийн газраасаа 50 гөлөг зарсны дийлэнхийг нь малчдад борлуулжээ. Ингэхдээ малчдад хоёр дахин хямд үнээр зардаг. “Малчдад хямдхан зардаг, заримдаа бүр үнэгүй өгдөг нь хөдөө орон нутагт монгол банхар хурдан тархаж, өвөг дээдсийн үеэс эхлэн хотоо манадаг байсан үндсэн ажлаа ахин хийгээсэй гэсэн бидний хичээл зүтгэлтэй холбоотой” гэж тэрбээр ярив. Нохойн үржлийн газар олон болсон учир малчид үржлийн газраас монгол банхар авах нь ихэссэн байна. Малчдаас гадна байгууллагууд харуул хамгаалалтын зорилгоор, хувь хүмүүс хотод хашаандаа эсвэл зусландаа байлгах гэж авдаг.

Монгол банхар үржүүлдэг 80 орчим үржлийн газар байдагМонгол банхар ажлын байрандаа очоод зогссонгүй хувь хүмүүсийн санаачлагаар экспортод гараад эхэлжээ. Тэгэхээр Бутаны гадаад хэргийн сайд биднээс дутуугүй Монголын нохойн талаар мэдээлэлтэй байсан болж таарлаа. Монгол банхрыг голдуу ОХУ-ын Буриад, Тува, Халимагт экспортолдог. Ингэхдээ нэг гөлгийг доод тал нь 700-800 ам.доллараар худалдаалж байна.

Нохойн ургийн бичиг

Монголд нохойн салбарын асуудлыг хариуцдаг гол газар нь Монголын нохой судлалын холбоо юм. 2009 онд бий болсон уг байгууллагын ажлын үр дүнг бүтэл муутай яамны ажилтай ч зүйрлэхээргүй. Байгуулагдсан цагаасаа Монголд төрсөн, импортоор орж ирсэн цэвэр цусны нохдыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлжээ.

Монголын нохой судлалын холбоо өнгөрсөн онд, таван жил хөөцөлдсний эцэст Олон улсын нохой судлалын холбооны (FCI - Fédération Cynologique Internationale) албан ёсны гишүүн болжээ. Одоогоос 150 жилийн өмнө дэлхийд цэвэр үүлдрийн нохой бүртгэж эхэлсэн учраас гарал үүсэл нь тодорхой, бичиг баримттай, эрүүл нохой экспортолдог жишиг олон улсад аль хэдийнэ тогтжээ.

Эдүгээ Нохой судлалын холбооны мэдээллийн санд нийт 2000 гаруй нохойн мэдээлэл байна. Нохой болгон англи, монгол хэл дээр удмын карт, гэрчилгээтэй, хүзүүний арьсанд нь суулгасан 15 оронтой код бүхий бичил чиптэй. Өөрөөр хэлбэл, нохой бүртгэлийн систем иргэний бүртгэлийн түвшинд очжээ. Аль нэг үржлийн газарт гөлөг төрөхөд үржлийн нэр, өөрийн нэр өгч гэрчилгээ олгоно.“... онд төрсөн Боржигон овогтой ...” гэдгийн адил “2017 он. Монгол арслан. Бүргэд” гэх жишээний. Хамт төрсөн гөлөгнүүдэд Бүргэд, Баавгай, Байгаль гэх мэт ижил үсгээр эхэлсэн нэр өгөх ёстой. Үржлийн нэр давхцсан эсэхийг FCI-д хүсэлт явуулан баталгаажуулдаг.

Нохойн удмын картанд дээшээ дөрвөн үеийн нийт 30 нохойн мэдээлэл бичигддэг

Хамгийн олон нохойтой үржлийн газар болох “Мянган найз” групп нь 140 орчим нохойтой. 10 гаруй хүн ажилладаг бөгөөд өдөрт нэг тонн гаруй хоол хийдэг.

Мөн удмын картанд эцэг, эхээс нь эхлээд элэнц, хуланц хүртэл дөрвөн үеийг нохдыг бичдэг. Ингэснээр гөлөгний шинэ эзэн нохой нь буруу нохойтой нийлж цус ойртох, чанар нь муудаж үнэ цэнэ буурах эрсдэлээс сэргийлж буй хэрэг юм. Зарчмын хувьд хамгийн сайн нохой худалдаж авъя гэсэн хүн уг холбоонд очин нохойнуудын удмын мэдээлэлтэй танилцахад хангалттай.


Монголын нохой судлалын холбоо олон улсын толгой байгууллагад элссэнээр Монгол Улс дэлхийн 95 оронд нохойгоо экспортлох боломжтой болсон тухай тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Х.Амгаланбаатар ярив. ОХУ-д монгол банхар зардаг бол Хятад, Өмнөд Солонгост Дундад Азийн хоньч үүлдрийн нохой, Европ руу Төвд банхар экспортолдог.

Нохой судлалын холбооны тоо баримтаар манай улс сүүлийн хоёр жилд дэлхийн 13 оронд нохой экспортолжээ.

Дэлхийн хамгийн том нохойн зах зээл нь Хятад. Энэ зах зээл сүүлийн 20 жилд эрс томорч, дэлхийн хамгийн үнэтэй нохойг хятадууд авдаг болсон. Энэ улсын нохой сонирхогчид Германы дэлхийн аварга болсон нохойнуудыг өндөр үнээр худалдаж аваад үржүүлдэг. Монголд немц овчарк тэжээдэг зарим нохой сонирхогч нохойгоо Хятад руу авч явж нийллэгт оруулдаг тохиолдол ч байдаг аж.

Үргэлжлэл бий...