Манай сэтгүүлч Женев хотноо

Швейцарийн Женев хот. Дэлхийн санхүүгийн төв гэдгээрээ алдартай энэ хотод очиж үзэхийг хүссэн жуулчдын хөл тасардаггүй. Санхүүгийн томоохон байгууллагуудын төв Женевт төвлөрснөөрөө албаны, ажил хэрэгч хүмүүсийн уулзалт семинар байнга болдог гэж хэлж болно.

Тухайлбал, хөгжиж буй орнуудын сэтгүүлчид өнөөдөр Швейцарийн Женев хотноо чуулж эхэллээ. Дэлхийн худалдааны байгууллага болон Фридрих Эбертийн сангаас хамтран зохион байгуулж буй энэхүү семинарт хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэтгүүлчдийн төлөөлөл оролцож байна. Хятад, Сингапур, Энэтхэг, Тайланд, Камбож, Монгол зэрэг Ази, Африкийн 15 орны олон мянган сэтгүүлчдээс англи хэлний өндөр түвшний мэдлэг, сэтгүүлчийн ур чадвараар нь 15 сэтгүүлчийг шалгаруулжээ. Монгол Улсаас “Mongolian Economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Энхцэцэг хэлний мэдлэг, сэтгүүлчийн ур чадвараараа онцгойрон сонгогдож, эх орноо ганцаар төлөөлөхөөр болсон билээ.

"Олон талт худалдааны систем: үйл ажиллагаа, сорилт, боломж” сэдэвт тус уулзалт семинар нь энэ сарын 22-26-ны хооронд болох бөгөөд хөтөлбөрийн дагуу оролцогчид худалдааны асуудлаар түлхүү санал солилцож, туршлага хуваалцана. Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын худалдааны төв, Нэгдсэн үндэстний байгууллагын Худалдаа, хөгжлийн чуулган зэрэг олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнууд илтгэл тавьж, харилцан ярилцах аж. Мөн дэлхийн хөгжлийн чиг хандлага ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн сэдвийн хүрээнд ч уулзалт ярилцлагууд өрнөж, санхүүгийн хүчирхэг байгууллагууд ногоон хөгжлийн чиглэлээр ямар бодлого хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа талаараа мэдээлэл хийх юм байна.

Нийт 158 гишүүн орныг багтаасан Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаа цаашдын зорилго чиглэлийн тухайд өргөн хүрээний ойлголттой болохын зэрэгцээ үндэстэн дамнасан худалдааны асуудлаар гүнзий мэдлэг мэдээллийг хуримтлуулж, түүнийгээ нийтлэл нэвтрүүлэгтээ тусган ажиллахад дээрх семинарын гол зорилго нь оршиж буй.

Дэлхийн эдийн засгийн хөгжилд худалдаа голлох үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд худалдааны салбарын одоогийн болоод ирээдүйн байр суурь ихээхэн чухал. Тиймээс сэтгүүлч нарын зүгээс онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэж Дэлхийн худалдааны байгууллага үзсэн байна.

Манай сэтгүүлч Б.Энхцэцэг Монгол Улс хөрш орнуудтайгаа хэрхэн худалдааны хамтын ажиллагаа явуулдаг талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Тэрбээр www.mongolianeconomy.mn сайтынхаа “Тусгай томилолт” булангаар дамжуулан уулзалтын талаарх мэдээ мэдээлэл болоод Женев хотын сониноос уншигчдадаа байнга хүргэх болно.