Манай сэтгүүлч шагнал хүртлээ

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа “Эдийн засгийн шилдэг сэтгүүлч” шалгаруулах ёслол болов. Уг уралдаанд эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг 30 орчим сэтгүүлч “Эдийн засгийн тогтвортой хөгжил” сэдвийн дор компанийн засаглал, уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн талаар нийтэлж, нэвтрүүлсэн шилдэг бүтээлээрээ өрсөлдсөн юм. Оролцогчдыг телевиз-радиогийн болон сонин-сайт-сэтгүүлийн гэсэн хоёр хэсэгт хувааж тус бүр дөрвөн байр эзлүүлсэн. Уг уралдааныг Дэлхийн банк, “Оюу Толгой” ХХК, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Бизнесийг дэмжих санаачилга” төсөл зэрэг байгууллага дэмжин ажилласан байна.

Манай сэтгүүлч Б.Баяртогтох тус уралдаанд "Төмөртэй хүн баяждаг" бүтээлээрээ тусгай байрт шалгарлаа. “Төмөртэй хүн баяждаг” (Энд дарж уншина уу) Эдийн засаг, санхүү бизнесийн чиглэлээр монгол-англи хэл дээр мэргэжлийн түвшинд гарч буй сэтгүүлийн хувьд “Mongolian Economy”сэтгүүлийнхэн уг уралдаанд идэвхтэй оролцсон. Манай сэтгүүлч Б.Баяртогтох нь “Төмөртэй хүн баяждаг” нийтлэлээрээ сүүлийн үед дотоод гадаадынхны анхаарлыг нэлээд татах болсон төмрийн хүдрийн асуудлыг тал бүрээс нь сонирхолтой баримтаар хөндөн бичсэнээрээ онцлог болсон билээ. Сэтгүүлчдийнхээ үгийн урнаар дархлах их үйлсэд өндөр амжилт хүсье.

Сонин-сайт-сэтгүүлийн төрөлд шилдэг болсон бусад бүтээлийг доор сонирхуулж байна.
Сэтгүүлч Ч.Дашдэлэг тэргүүн байр, “Эдийн засгийн өсөлт ба экологийн сүйрэл” бүтээлээрээ.
Mining.mn сайтын сэтгүүлч Г.Батзориг хоёрдугаар байр, "Дэд бүтэцгүй бол монголчуудын мөрөөдөл биелэхгүй" бүтээлээрээ.

Businessnews.mn сайтын сэтгүүлч Т.Энхбат гуравдугаар байр, "Хилээр урсаж оддог усыг говийн бүтээн байгуулалтад ашиглая" бүтээлээрээ.

Харин Телевиз-радиогийн төрөлд:
МҮОНТ-ийн сэтгүүлч Р.Гандиймаа тэргүүн байр "Татварын шинэчлэл, Таксины үнэ, Голланд өвчин"
NBS телевизийн сэтгүүлч Б.Нарангоо хоёрдугаар байр "Шатахуун тойрсон асуудлууд, шийдэх арга зам"
“Шууд” телевизийн сэтгүүлч Ц.Соёлмаа гуравдугаар байр "Эрдэнэс Тавантолгой"
“Mongolian mining journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” студийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ "Европ Америкийн өр Монгол" бүтээлээрээ тусгай байрт тус тус шалгарсан юм.