Манан дундах “Алуурчин”

Хүн төрөлхтний нэгэн цагт бүтээсэн гайхамшиг гамшиг болон хувирах нь цөөнгүй тохиолддогийг тэртээх 50 жилийн өмнө Лондон хотын олон мянган хүний амийг бүрэлгэсэн “Их утаат манан” гэрчлэх билээ. Хэдэн зуун жилийн турш утаа, манан Их Британи улсын томоохон хотууд тэр дундаа Лондон хотын амьдралын нэг хэсэг байсаар ирсэн. Үүний гол эх үүсвэр нь хэн бүхэнд нүүрс их хэмжээгээр түлэх явдал гэдэг нь илэрхий байсан юм. Манан гэгч үзэгдэл нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна нэг газраас нөгөөд хүрэх замдаа төөрөх, хулгайч дээрэмчдийн олз болох гэх мэт аюулыг дагуулдаг байв. Английн алдарт зохиолч Чарлез Диккенс хүртэл Лондон хотын саарал дүр төрхийг “Хүйтэн байшин” зохиолдоо зурмал зураг, өөрийн үгтэй хослуулан дүрсэлсэн байдаг билээ.

Ромын эзэнт гүрний үеэс манан татсан сүүмгэр төрхөөрөө зард гарсан Лондон хотын тэнгэр үргэлж хөмсөг зангидан бүдийх авч хэзээ ч тэдгээр өдөр шиг манан утаа хосолсон өтгөн хөшиг татаж байсан удаагүй. Тэр өвөл цаг агаар хэдэн долоо хоногийн турш олон жилийн дунджаас эрс хүйтэн байсан бөгөөд арваннэгдүгээр сард цас их хэмжээгээр унасан байжээ. Эхний өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд манан төдийлэн өтгөн биш ч хуурай утаа ихтэй байжээ. Хүйтний эрч чангарах тусам лондончууд дулаацахын эрхэнд галаа улам өрдөхийх хэрээр төдий чинээ их нүүрс шатна. Ойролцоогоор нэг сая гаруй айлын зуухнаас нүүгэлтсэн хар утаа тасралтгүй суунаглаж байлаа. Дайран дээр давс гэдгээр дотоодын үйлдвэрүүд жирийн өдрүүдийн адил жинтэй хувь нэмрээ агаарт өргөсөөр. Яг энэ үед Лондон хотын цахилгаан трамбай дизель хөдөлгүүртэй автобусаар солигдож утаа гаргах эх үүсвэр олон зуугаараа нэмэгдсэн юм.

Лондонд вандуйтай шөл мэт зузаан манан үргэлж татдаг тул ийнхүү “Вандуйтай шөл” хэмээн нэрлэгдэх болсон хотын иргэд жирийн үзэгдэл мэтсанан, төдийлэн гайхаж хүлээж авсангүй. Гэвч энэ явдал Лондон хотыг 1952 оны арванхоёрдугаар сарын 5-9 хүртэл зогсонги, үхмэл байдалд оруулжээ. Шөнийн хүйтэн агаар утаат мананг өтгөрүүлж үзэгдэх орчныг улам багасгаж байлаа. Эхний өдөр үзэгдэх орчин 500 метрт байсан бол, дараагийн өдөр 50 метрт хүрч сүүлдээ хэдхэн метрийн зайд ч юмс үзэгдэхээ байжээ. Үүнээс үүдэн зарим газар хүмүүс хөл гараа ч олж харахгүй болсон байв. Зам талбай эзэнгүй машинаар дүүрч, кино театрт утаа орж, дэлгэц харагдахгүй болсон тул хүмүүс гэр гэрлүүгээ яаран буцаж байсныг иргэд дурсан ярьдаг. Хаашаа ч явсан ямар ч зүг чигийн баримжаагүй болсон тул төмөр зам, агаарын болон нийтийн тээвэр зогсож ,сургууль цэцэрлэг хаагдахад хүрчээ. Утаат манан яг л урсгал ус мэт түрэмгийлэн үүд нээх төдийд давшлан орж ирч байсан тул дэлгүүр хоршоод хаалгаа барьж, ард иргэд гэртээ бүгэх болов. Агаарын өндөр даралт, хүйтэн хэмтэй нэгдэж дээр нь нам гүм салхигүй орчин утаат мананг хаашаа ч хөдөлгөлгүй тогтоочихсон нь яг л тогоон дээр таг тавчихсан мэт Лондон хотыг утаатай цуг хашчихсан аж.

Бүтэн дөрвөн өдөр үргэлжилсэн дотор хирдхийлгэм 1952 оны арванхоёрдугаар сарын утаат манан дөрвөн мянга гаруй хүний амь насыг авч одсон юм. Үүнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд энэ тоо найман мянгаар нэмэгдэж 12000 болжээ. Ихэнх амь үрэгдэгсэд амьсгалын замын болон зүрх судасны өвчний улмаас нас барсан бөгөөд зөвхөн архаг хууч өвчтэй хүмүүст утаат манан үхлийн цохилт өгсөн байна. Энэ нь ужиг өвчинг сэдрээж хэвтэрт орсон тэдний уушгыг хорт утаа асар хурдацтай доройтуулсан байжээ. Хамгийн түрүүнд нийслэлийн төв эмнэлгийн эмч сувилагч болон цогцос хадгалах газрын ажилтнууд богино хугацаанд үхэлд хүргэх аюул заналхийлж байгааг мэджээ.Тэд бүх нас барагсдын уруул нь хөхөрсөн байсныг анзаарсан гэдэг.

Оршуулгын “хөтөч” Стан Криб болон түүний хөвгүүд Лондон хотын сааралтсан гудамжаар мянга мянган оршуулгын цувааг чиглүүлэн авч явж байжээ. Тэрээр хэлэхдээ “ Яг л нүд минь сохорсон юм шиг, юу ч харагдахгүй байсан” ажээ. Үнэхээр ч лондончууд дөрвөн өдрийн турш сохор мэт амьдарч, бие махбодь, оюун санаагаараа тарчилж байсан юм. 1952 оны арванхоёрдугаар сарын 9-нд салхи гарч, утаат мананг хөөн зайлуулсан авч аль хэдийнэ хэдэн мянган хүн нас барж, дахин хэдэн мянган хүний хувьд сэхэхэд дэндүү оройтсон байжээ. Тэдний ихэнх нь хөгшин настай, архаг өвчтэй болон биеийн эсэргүүцэл султай хүмүүс байсан байдаг. Өвчтөнүүдийг хүлээж авч байсан эмнэлгийн ажилчдын хэлснээр тухайн үед тун цөөхөн хүн юу болоод байгаа талаар ойлголттой байж. 1950 оны эхэн үед нийслэлийн “Сант Бартоломю” эмнэлэгт ажиллаж байсан Доктор Роберт Воллер “Маш олон хүний амь нас сүйдэж байгааг авсны хүрэлцээ муудаж, цэцэгний худалдаа эрс нэмэгдсэн нь тодхон харуулж байлаа” хэмээжээ. “Алуурчин” хэмээн нэрлэгддэг энэ утаат манан орчны бохирдлыг дэлхийн нийт өөр нүдээр харахад хүргэсэн юм.

Хүн төрөлхтний өөрийн гараар тарьсан байгалийн гамшгийн нэгт тооцогддог энэхүү үйл явдал Лондон хотыг 1954 онд төрөлжсөн эрчим хүчний эх үүсвэртэй болох, мөн “Цэвэр агаар” хуулийн төслийг бодит биелэл болгоход хүчтэй түлхжээ. Шинэ хуулийн зохицуулалтаар утаа ихээр гаргадаг түлшийг хориглосон бөгөөд оршин суугчид болон үйлдвэр эрхлэгчид утаагүй түлш хэрэглэх ёстой болсон билээ. Цэвэр агаарын тухай хууль гарсан авч 1960 оныг хүртэл зузаан утаат манан оршсоор ирсэн гэдэг. 1956 болон 1968 онд “Цэвэр агаарын тухай” хоёр ч хуулийн төслийг Парламентаас баталснаар үйлдвэр, айл өрхийн нүүрсний хэрэглээг тодорхой хэмжээнд багасгаж чадсан юм. Өөрөөр хэлбэл, төр төмөр нүүрээ гаргасан хэд хэдэн хатуу шийдвэр гаргасны дүнд тодорхой үр дүн харагдаж эхэлсэн гэдэг.

Үйлдвэрлэл хөгжсөн орнууд хуулийн зохицуулалтаар агаарын бохирдолтой тэмцэж байгаа хэдий ч дэлхийн олон улс оронд Лондон хотын гашуун туршлагыг давтахад ойрхон ирээд байгаа юм. Лондончууд өнөөдөр ч хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээний агаарын бохирдолтой орчинд амьдарч байна. Гэхдээ тус хотын зам машинаар хахаж, тэр чинээгээр агаарын чанар өдөр ирэх тусам дордож байгаа нь тус улсад гамшигт 1952 оны үйл явдал давтагдахгүй гэх баталгаа байхгүйг харуулж байна.

Хоёр жил тутамд Иелийн их сургуулиас гаргадаг байгаль орчны үнэлгээнд Их Британи улс 2010 онд 14-р байрт зогсож байсан бол 2012 онд 9-р байр руу урагшилсан амжилт үзүүлжээ. Энэ нь тус улс хэдэн арван жил байгаль орчны асуудлаар хийсэн ажлын үр дүнтэй холбоотой гэх боловч олимпийн наадам зохиогдох болоход агаарын бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд босч ирсэн нь ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа юм. Монгол улс Иелийн их сургуулийн байгаль орчны үнэлгээгээр 2010 онд 142-т байсан бол энэ онд 107-р байранд жагсчээ. Олон сая хүний очиж үзэхийг мөрөөддөг энэ хот нөгөө талаас агаарын бохирдлын идэвхтэй бүс гэдгийг төдийлэн олон хүн мэддэггүй аж.

Энэ онд зуны Олимп Англи улсаар овоглогдох болсонтой холбогдуулан Лондон хотын хувьд агаарын бохирдол томоохон сорилт болоод байгаа юм. Олимпийн хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөж буй тамирчин тус улсын хэвийн хэмжээнээс хэтэрсэн бохир агаараас үүдэн төдийлэн сайн оролцож чадахгүйгээс гадна өвчлөх ч магадлалтай байна. Цөөнгүй тамирчид энэ асуудлаас үүдэн оролцохоос татгалзсан хариу илгээжээ. Учир нь тэд жирийн хүмүүсээс хэд дахин илүү агаараар амьсгалах шаардлага тулгардаг учир төдий хэмжээнд эрүүл мэндийн хувьд эрсдэл үүрнэ гэсэн үг юм. Олимпийн үеэр манан татах, агаарын даралт ихсэх улмаар салхигүй байх гэх мэт цаг агаарын таагүй нөхцөл үүсвэл газар дээрх утааны хэмжээ ихсэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Европын холбооны тогтоосон хэмжээнээс хэтэрсэн агаарын чанарын үзүүлэлт Их Британи улсад 300 сая паундын торгууль авчрах магадлалтай байна.

2008 оны “Зуны Олимп” Бээжин хотод зохиогдсон билээ. Хятад улсын Засгийн газрын тогойн өвчин нь агаарын бохирдол болж байсан юм. Агаарын чанарын шаардлагыг хангахын тулд Бээжин хот машинуудаа тэгш сондгой дугаараар нь үндэслэн замын хөдөлгөөнд оролцох болон оролцохгүй өдрүүдийг зааж өгчээ. Томоохон үйлдвэрүүдийн бүтээмжийг багасгах болон түр хугацаанд бүр мөсөн зогсоох гэх мэт агаарын бохирдолд тодорхой хувь нэмрээ оруулдаг бүхий л үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг авч байсан юм. Богино хугацаанд агаарын бохирдлыг амжилттай бууруулж чадсан тэдний амжилт ахархан байсан хэдий ч ирээдүйд “Цэнхэр тэнгэр” олж харахын тулд утааг хянахад ямар их хүчин чармайлт золиос хэрэгтэй болохыг харуулсан билээ. Хөгжиж буй орнуудын их өсөлтийг сүүдэр мэт дагадаг томоохон асуудал бол агаарын бохирдол юм. Хүмүүсийн хийсэн бүтээл нэгэн цагт дэвшил байсан бол хэзээ нэг цагт хорт зэвсэг болон хувирах нь олонтой.