МАН-ынхан "марш"

Сэтгүүлч А.Сэвжид

Одоо У.Хүрэлсүхийн цаг

Дипломат, Сэтгүүлч, Орчуулагч зэрэг мэргэжилтнээр удирдуулж явсан улс төрийн ууган хүчин цэргийн командад орлоо. МАН-ын XXVIII Их хурлын гишүүдийн нууц санал хураалтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 63.1 хувийн санал авч намын дарга болов.

Ингэснээр 1992 оноос хойшхи Ерөнхий сайдын давхар дээлтэй МАН-ын тав дахь дарга болжээ.

Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа жагсаалтаар гишүүн болсон ч арваннэгдүгээр сард нь бүрэн эрхээсээ татгалзсан. Шалтгаан нь ар гэрийн гачигдлаар төрийн ажлыг цалгардуулахгүй гэсэн. Түүнээс хойш хоёр ч засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байлаа. 2016 онд УИХ-д нэр дэвшээгүй ч Засгийн газарт ажилласан. Дараа нь М.Энболдын фракцийн эсрэг өрнүүлсэн түүний акц амжилттай болж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг танхимаар нь унагаж оронд нь заларсан. Харин дараагийн зогсоол нь намын дарга байж ийнхүү гүйцэлдэв. Түүний фракц хүчтэй байна.

Гэхдээ баярлах болоогүй. Ерөнхий сайд болоход нь тусалсан 33 гишүүн бүгд өөрийнх нь талд байгаа гэдэг нь тунчиг эргэлзээтэй.

Тиймээс дараагийн гурван жилд нам доторх байр сууриа хүчтэй хадгалах нь түүний хэр удаан оршин тогтнохтой шууд холбоотой. Эс чадвал орлох хүн нам дотор нь бэлэн. Хэдий тэр УИХ-д сонгогдолгүйгээр Ерөнхий сайд болсон ч нам доторх байр сууриа тогтвортой байлгахын тулд намын дарга болох зайлшгүй хэрэг байсан. Судлаачдын хэлж буйгаар У.Хүрэлсүх эрх баригч намын дарга болсон нь зөвхөн нам дотор гэхээс илүүтэй Засгийн газар цаашлаад улс төрийн хүрээнд тогтвортой байдлыг авчирж байгаа аж. Одоо бол түүний цаг.

Дараагийн зогсоол...

Парламентийн засаглалтай улсад Ерөнхий сайдын эрх мэдэл давуу байдаг ч Монгол Улсад хараахан тийм биш. Өнгөрсөн хугацаанд буюу 2012-2016 онд Засгийг тэргүүлсэн сайдууд намынхаа фракцаас, Ж.Эрдэнэбат нь УИХ-ын дарга М.Энхболдоосоо хараат. Харин У.Хүрэлсүх... Түүний хувьд хэн нэгнээс хараат бус харагддаг ч Ерөнхий сайд болоход нь эсрэг кноп дарсан 32-ийн бүлэгтэйгээ тохиролцож, найдвартай харилцаатай байх нь чухал гэдгийг сайн мэдэж буй. Хэрвээ чадахгүй бол мянга хариуцлага ярьж, популист үг чулуудсан ч үлдэж чадахгүй.

Лоббидсон бүлгийнхээ эрх ашгийг хангаж чадаагүй бол Ерөнхий сайд аа зайлуулдаг нь өнгөрсөн 27 жилд бүрэлдсэн улс төрийн тогтолцоо юм.

Тиймд алдаж болохгүй гурван жил түүний багт байна. Сөрөг хүчин тэр ч, нам дотор зарим хүн түүний алдаа гаргахыг хүлээж байгаа. Гэхдээ ирэх гурван жилд Монгол Улсыг өөд нь татаж, дагаад намынхаа нэр хүндийг сэргээж чадвал, тэр ч бүү хэл 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал тэрбээр Ерөнхий сайдаар улирахыг үгүйсгэхгүй. Учир нь түүний үг яриа үйлдлээс эрх мэдлийн шунал үнэртдэггүй гэх нь Ерөнхийлөгчийн суудлаас илүүтэй гүйцэтгэх засаглал тохирохын шинж гэлтэй. Гэхдээ бүх зүйлийг цаг хугацаа л харуулна.