Маргарет Тэтчер мартагдахгүй, учир нь...

Дэлхийн эдийн засгийн эргэлтийн хэмнэлийг өөрчилж чадсан гавьяатан цөөн бий. Тэдний нэг нь Маргарет Тэтчер. Өөрийн Консерватив нам төдийгүй Их Британийн улс төрийг орвонгоор нь өөрчилсөн хүн бол энэ эмэгтэй. Түүний өмч хувьчлалын төлөөх тэмцэл дэлхийг донсолгосон хувьсгалыг эхлүүлж, Социализмын дэглэмд цэг тавихад хүргэсэн билээ. Винстон Чёрчиль дайнд ялсан ч хэзээ ч “Исм”-ийг бий болгож чадаагүй хэмээн “The Есonomist” сэтгүүл Маргарет Тэтчерийн тухай хөрөг нийтлэлдээ онцолжээ. Английн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд түүний гурав улиран сонгогдсон нь ч тэр тус улсын түүхэнд цорын ганц гэдгээрээ онцлог.

Хэдийгээр түүнийг нас барсантай холбогдуулан дэлхий даяар гавьяаг нь нэхэн дурсаж байгаа ч мөн нөгөө талаас шулам гэж үзэж, нас барсныг нь баяр болгон тэмдэглэх үйл явдал олон гарлаа. Нэг талаас эдийн засгийн эрс шинэчлэгч байсан гэх боловч нөгөө талаас түүнийг ардчилалын эсрэг тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч тэр дундаа Азийн цагаачдыг үзэн яддаг байсан гэж үзэх нь бий.

Монгол Улс ч түүний нэр нөлөөллийн гадуур үлдээгүй гэх мэдээлэл байдаг. Ардчилал ялсан 1990 оны үед Монгол Улсын тухайн үеийн сайд нар Дэлхийн банк болон Олон улсын валютын санд элсэхээр хүсэлт гаргахад Маргарет Тэтчер ихээхэн дэмжиж, хурдан хугацаанд элсэхэд нөлөөлсөн гэдэг.

Тэтчеризмийн гол зарчим бол тогтонги байдлыг халж, эрх чөлөөгөөр мөрийцөх байв. Тэрбээр хүмүүс зөвхөн эрх чөлөөгөөр хангагдсан нөхцөлд л үндэстэн аугаа амжилтад хүрнэ гэж боддог байжээ. Чёрчилийн замналаас ялгаатай нь Төр макро түвшинд менежмент хийж, хувь хүмүүс өөрсдийн амьдралаа авч явах нь зүйтэй хэмээн үзэж байсанд оршино.

Эдийн засгийн либерализм ухралтад орж, Зөвлөлтийн их гүрэн хүрээгээ тэлэн, Милтон Фрийдман, Фридрих Хаяак онолын буруу номтнууд хэмээн үл тоогдож байсан үе бол түүний улс төрийн амьдралын эхэн үе байлаа. Нөгөө талаас түүний эх орон Их Британийн Засгийн газар үйлдвэрчний эвлэлүүдтэй хүзүү сээрээрээ холбогдож, хөнгөлөлт урамшууллаар нуран унаж буй үндсэрхэг үзэлт үйлдвэрүүдээ бордож, төлөвлөгөө биелүүлтээр шахан дарамталж байв. Идэвх, санаачлагаар эрч хийсэн Маргаретыг ийм л үе угтсан. Тухайн үед “Улс төр уналтыг удирдах” ёстой хэмээх үзэл суртал тарж эхэлсэн нь түүний цусыг хөөргөсөн гэдэг. Нөгөө талаас Милтон Фрийдман, Фридрих Хаяакын үзэл баримтлал нөхцөл байдал арай өөр байж болно гэдгийг түүнд ойлгуулсан байна.

Тэртээ 1979 оны үед эдийн засгийн хувьсгал хийж чадсан Төмөр хатагтай төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьчилж, үйлдвэрчний эвлэлүүдтэй хэлэлцээр хийхээс эрс татгалзаж, улсын хараа хяналтыг халж, бослого гаргагч уурхайчдыг тараан, Кейнсийн үзэл баримтлалыг Фрийдманы мөнгөний бодлогоор сольжээ. Энэ бүхний үрээр 1975 онд 27 хувь байсан тус улсын инфляци 1986 онд 2.4 хувь болтлоо буурсан байдаг. Мөн ажил хаяж, бослого гарснаас учирсан мөнгөн хохирол 1979-1986 оны хооронд 29 саяас хоёр сая болтлоо буурч, татварын хэмжээ 80 хувиас 40 хувь болж багассан байна.


Буцахгүй

Зүүнийнхэн тэр дундаа уурхайчидтай хийсэн тэмцэл түүнд ихээхэн нэр хүндийг авчирсан гэдэг. Гэсэн ч тэрбээр барууныхныг шахан хавчиж, консерватив үзэл баримтлалаар бэхэлгээ хийсэн цайзыг нурааж, Лондоны зүрхэнд бөмбөг тэсэлсэн билээ. Ажилгүйдлийн түвшин хоёр сая давах үед тэрбээр консерватив үзэлт намын нөхөддөө “Хүсээд байвал чи өөрөө буц” хэмээн хэлж байсан гэдэг. Төмөр хатагтайн хийсэн эрс шинэчлэлийн алхмуудын дийлэнх нь түүний өөрийн талын хүмүүсийг чиглэж байсан нь юун түрүүн “гэрээ засахаар” шийдсэний илрэл байжээ. Тэрбээр нэг удаа эцэг Жеорж Бушт “Энэ бол гуйвж, дайвах үе биш” хэмээн хатуухан хэлж байжээ. Рональд Регин түүнтэй нэг төрлийн хүн байсан ч түүнд Маргаретийн хурц эрэмгий шийдвэр, төсвийн алдагдалд дайсагнасан зоримог үйлдэл байгаагүй гэддэг. Гэсэн ч Рональд Рейгэн, Маргарет Тэтчер хоёр гар нийлэн зах зээлийн эдийн засгийг бүтээж чадсан хүмүүс . Эргэж, буцахыг мэдэхгүй ч хэрхэн буулт хийхээ мэддэг хүн байсэн гэж хүмүүс Маргаретийг дүгнэдэг.

Америкийн бүргэдүүдийн сануулгыг үл анзааран Михайл Горбачевийг хамтран ажиллаж болох жинхэнэ эр хүн хэмээн цоллож, түүнийг өөрийн талд авсан байдаг. Горбачевийг тэрбээр анхнаасаа дэмжин ажиллаж байжээ. Тэрбээр 1981 онд уурхайчидтай хийж байсан тэмцлээсээ түр ухарч, хангалттай нүүрсний нөөцтэй болохын тулд гурван жил амаа үдсэн мэт тэдний өөдөөс сөргөлдөөгүй. Төрийн алба улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнийн хэмжээтэй тэнцэхүйц зарлага гаргаж байгааг тэрбээр шүүмжилж, “халамжтай төр, халамжлуусан Засгийг” халахаар зориг шулуудсан юм.

Маргарет Тэтчер 1970 онд Боловсролын сайд болсныхоо дараа төсвийн зардлыг хэмнэхийн тулд нийт сургуулийн хүүхдэд өгдөг байсан сүүг хассаныхаа төлөө "Сүүний дээрэмчин" гэсэн хоч хүртэж, үүнийх нь төлөө хожим 1985 онд Оксфордын их сургууль хүндэт докторын хэргэм олгохоос татгалзаж байжээ.

Төрөөс маш их зардал гаргаж, хүн бүрт тэгшитгэн олгож буй хуваарилалт үргэлж өгөөжтэй биш байдаг. Хүн бүрийн хэрэгцээ, боломж адил биш учир ялгаатай хандах ёстой гэж тэр үзэж байв. Төрийн ажилд сэтгэлийн хөдлөлөөр хандаж, хавтгайрсан зардал гаргахгүй байхыг сайдуудад тушааж байв.

Маргаретийн эрс шинэчлэл одоогийн хямралын үндсийг тавьсан гэдэг. Тетчеризм байгаагүй бол Их Британид эдийн засгийн тэсрэлт болохгүй байсан. Санхүүгийн салбар эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлж, иргэд хэр хэмжээнээсээ хэтэрсэн зээл авч, Засгийн газар банкуудаа аврах гэж өөрөө өрөнд орохгүй байсан гэдэг. Эдгээр нөхцөл байдлын үүсгэвэр болсон гэдэг худлаа биш. Гэхдээ Тетчеризм байгаагүй бол Их Британи төрийн эрх мэдэл хэмээх том намагт шигдэж, эдийн засгийн өсөлтөө Засгийн газраар захируулж, цэргийн дэглэмт үйлдвэрчний эвлэлүүдийн гарт ялзрах байсан гэж мэргэжилтнүүд үздэг.

Дэлхийг нөмрөөд байгаа хямралаас үүдэн хатагтай Тэтчерийн амьдралаа холбосон зарчмаас олонх нь хазайх болсон. Баян орнуудад төрийн эдийн засагт эзлэх байр суурь огцом өссөн. Ихэнх хууль, дүрэм, зохицуулалтыг хувийн хэвшлийн салбартай хэтэртэл нь нягт уяж өгөх болж. Өмнөх 30 жилд байгаагүйгээр бизнесийнхэн хараа хяналтанд орчихлоо. Дээр нь банкны салбарынхан хүмүүст яг л хий үзэгдэл мэт сэрдхийм сэтгэгдлийг төрүүлдэг болов. Үүний зэрэгцээ төрийн эрх мэдлийг дээдлэгч Хятад улсын сэргэн мандалт нь хөгжиж буй эдийн засагтай орнуудад эдийн засгийн чөлөөт байдал бус хараат байдлыг үлгэрлэж байна.

Өсөлтийн төлөө цөхрөнгөө барж буй дэлхийн хувьд энэ зөв зүг мөн үү. Зах зээлүүдээ чөлөөлөлтөл Европ өөдлөх үү, хэтэрсэн зохицуулалтаасаа салтал Америк сэргэх үү, Зах зээлээ чөлөөлтөл Хятад өсөлтөө тогтвортой барьж чадах уу. Магадгүй бидний амьдарч буй энэ л цаг үе Маргарет Тэтчерийн гол зарчмаас зуурах ёстой цаг нь мөн байж мэдэх. Хөгжихийн тулд, төрийн мэдлийг хойш нь түрэх гэж товчилж болох юм. Дэлхийд өнөөдөр юу хэрэгтэй вэ гэвэл илүү их Тэтчеризм. Тиймээс Маргарет Тэтчерийн бие хальж, амьд дуу хоолой замхарсан ч “Исм” нь мөнхөд оршсоор байх болно.