Марк Тассе: Олон соёлын уулзах цэгийг ол
Америкийн Монгол судлалын төвийн захирал Марк Тассе нь Бизнес хөгжлийн чиглэлээр 15 жил ажилласан бөгөөд Азид дэлхийн бизнесийн хөгжлийн мэргэжилтнээр зургаан жил амьдарчээ. Тэрбээр өнөөдөр Америкийн дэмжлэгтэйгээр Монголд бизнесийн судалгаа анализ хийж буй эрдэм шинжилгээний мэргэжилтэн, судлаачдад зөвлөгөө өгч, хамтардаг байна. Тэрбээр төслийн шинэ боломжит санааг олж илрүүлэх, төслийн менежерийн хувьд ур чадвараа хэрхэн хөгжүүлэх тал дээр мэргэшсэн нэгэн. 2013 оны тавдугаар сарын 21-нд Марк Тассе “Төслийн менежер болон багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх” сэдвийн дор сонирхолтой илтгэлийг “Төслийн удирдлагын анхдугаар чуулган” дээр тавьсан билээ. Энэ үеэр манай сэтгүүл түүнтэй ярилцах боломж олдсон билээ.
-Та Төслийн удирдлагын анхдугаар чуулган дээр тавьсан илтгэлийнхээ гол санааг манай уншигчдад хүргэхгүй юу?
-Миний илтгэл АНУ болон Канадын Засгийн газар хэрхэн төслийн удирдлагыг хэрэгжүүлдэг талаар байлаа. Тэдний хувьд үйл ажиллагаандаа харилцаа холбоо, бодит үр дүнг ихээхэн чухалчилдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголд эрс өөрчлөлтүүд олон гарлаа. Дэлхийн эдийн засаг руу харайлган орж байна гэж хэлж болно. Дэлхийн эдийн засгийн хүрээлэлд өрсөлдөхийн тулд тухайн орчинтой нь зохицож ажиллаж сурах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрсэн нь Монголын Засгийн газартай хамтарч ажиллаж байх үед үйл ажиллагааны дунд ямар нэг зүйл гарч ирэхвий гэдэг сэрэмжлэлээс үүдэлтэй. Гаднынхны ямар нэг үйл ажиллагаа явуулахдаа баримтлаад дадчихсан стандарт гэдэг зүйл Монголд одоо хөгжиж байгаа учраас аль аль талаасаа харилцан ойлголцлын хүрээнд зөрүү гараад байна.
-Өнөөдрийн байдлаар Монголд олон төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ шинээр хэрэгжих гэж байна. Тэгвэл төслийн энэ их урсгалыг хэрхэн тэнцвэржүүлвэл зохилтой вэ?
-Дээр дурьдсан асуудлаас гадна дараагийн нэг асуудал нь төслийн загварчлал, үнэлгээ, хяналтыг хэрхэн хийж байгаа нь юм. Хэрвээ оролцогч талууд ондоо стандартын дагуу ажиллаад, хэрэгжүүлэх гээд байвал явцын дунд ахиад л зөрчил гарч ирнэ. Гаднын компаниудын талаарх шүүмжлэлүүдийг харвал, зохицуулалт, төлөвлөгөө, цаг хугацааг хэт барих гэж зүтгэдэг уян хатан биш гэдэг. Хүлээж байсан шиг ажил хурдан урагшлахгүй болоход үйл явц удааширдаг. Европод зохиогдсон олон улсын тэмцээн үүний тод жишээ. Олон орноос ирсэн багуудад нэг цагийн хугацаанд ширээн дээр бэлдсэн материалаар тодорхой байгууламж бүтээх даалгавар оноосон. Хойд Америкийн баг бүрэлдэхүүн хэсгүүдээ нийлүүлж эхэлсэн бол Францууд маргалдаж, өөр, өөрсдийнхөөрөө зүтгэж байлаа.
Харин Германы баг өгөгдсөн цагийнхаа 40 минутыг загвар, хар зураг, төлөвлөлт зэрэг төслийнхөө загварчлалд зарцуулсан. Хүн бүр тэднийг төлөвлөлтөд хэт их цаг зарцуулсан учир амжихгүй гэж бодож байв. Гэсэн ч төслийн үйл явцыг нарийн тооцож чадсан учир тэд үлдсэн 20 минутанд хамгийн өндөр цамхагийг барьж чадсан юм. Өөр хоорондоо адилгүй соёлуудын ялгаа зөрчлийн эх үүсвэр байдаг. Гэсэн ч тэдний хувьд нөөц боломж юу болох, цаг хугацааг хэрхэн тааруулах вэ, зохион байгуулалтаа яаж хийх вэ гэдгээ мэдэж байв. Нэн тэргүүнд улс орнуудын тогтсон дадал, соёлын ялгаатай зохицох арга замыг бий болгох нь зүйтэй.
Энэ бол соёлуудын уулзах цэг.
Тиймээс ганцхан орны соёлын дагуу явдаг үйл явц биш. АНУ-ын Төслийн удирдлагын хүрээлэн өөр хоорондоо адилгүй 100 гаруй орныг хамардаг. Гэсэн ч дэлхий даяараа хэрэглэж болох олон улсын нэгдсэн стандартыг бий болгосон. Энэ бол соёлын ялгаанаас үүдэлтэй дээрх асуудлуудтай зохицож болох стандартыг хэн ч бий болгож болох энгийн үйл явц байдаг. Хүлээсэн үр ашгаа хүртэж чадахүйгээр цаг мөнгөө үрээд байгаа тохиолдлууд байсаар байна. Иймээс л үнэхээр дээрх байдалд хүрсэн эсэхийг үнэлж дүгнэх тогтолцоо хэрэг болдог.
-Цаг, мөнгө, эцсийн зорилгодоо хүрэх нь сайн төслийн шинж гэж та илтгэлдээ дурьдсан. Тэгвэл төсөв, хугацаа нь хэтэрч, хариуцлагын асуудал яригдаж байгаа Оюутолгой төсөл муу жишээ болж таарч байна уу, Энэ төслийн алдаатай хэсэг нь хаана байна вэ?
-Анхны хийсэн гэрээнд заагдсан хүлээлтүүд байрнаасаа ухарч байна. Дээрх хүлээлтүүдийн хүрээнд төслийн “нэг хэл” байсан уу, урьдчилж харах боломжгүй үйл явдлуудад арга хэмжээ авсан уу? Олон төслийн үйл ажиллагаанд том цохилт өгсөн 2008 оны эдийн засгийн нуралтыг хэн ч урьдчилж хараагүй. Цөөнгүй асуудлыг дагуулсан Хятадын эдийн засгийн удаашралыг хэн ч тааж хэлээгүй. Төлөвлөлтийн үйл явцаа зохих ном журмын дагуу хийж, асуудлыг бүхэлд нь харж, асуудлыг тооцохгүй аваас дээрх шиг гэнэтийн үйл явдалд бүдэрдэг. Энэ бол төлөвлөлтийн дундах жижиг чимхлүүр нэмэлт хэсгүүд байдаг. Гэвч шаардагдах жижиг хэсгүүдийг нэмснээр томоохон өөрчлөлт бий болдог. Монголын хувьд оролцогч талуудын хүлээлт нь мөн жолоодлого нь ондоо өөр байх хандлагатай учир төслийн анх хийсэн төлөвлөлт өөр зүгт явчих гээд байдаг.
-Төслийн хэмжээнээс үүдэн төлөвлөлт төвөгтэй болдог вэ?
-Оюутолгой шиг хэмжээний асар том төслүүдийн хувьд цаг, төсөв хоёроо барина гэдэг их хэцүү. Төлөвлөснөөсөө хэтрэх нь энгийн үзэгдэл. Үүнээс илүүтэй төслийнхөө үндсэн зорилгыг барих нь чухал. Одоо харж буй нөхцөл бол тэд хэр хол явсан бэ гэдэгт төвлөрч байна. Хүлээж байсан нөхцөл байдал уу, эсвэл энгийн үзүүлэлтүүдээс хэт хол зөрөөд алслагдаад байна уу гэдэг юм. Хэрвээ сүүлийнх нь бол үүнийг асуудал гарч ирж гэж үзэж болно.
-Монголын төслийн менежерүүдэд нэн тэргүүнд та юу гэж зөвлөх вэ?
-Нэн тэргүүнд өгөх зөвлөгөө бол харилцаа, хамтын ажиллагаа. Харилцан ойлголцож, зорьж буй үр дүнгээ тодорхойлж, нэгдэх нь нэн чухал. Бүгдээрээ төслийн хүрээнд ийм, ийм зүйлийг нэмье гэдэг саналаа гаргаад улмаар алийг нь нэмж, алийг нь төслийн үндсэн зорилготой авцалдахгүй байгаа учир хасч байгаагаа ярилцаад явах хэрэгтэй. Шинэ төслийн менежерүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь төслийн явцад гарч ирдэг таамаглаагүй сөрөг хүчин зүйл байдаг. Урт хугацааны төслүүд дээр энэ нь илүүтэй тохиолдох хандлагатай байдаг. Цаг хугацаа гэдэг аливаа зүйлийг төсөөлж байснаас өөр тийш нь эргүүлэх хүчин зүйл болох талтай.
-Төслийн удирдлагын хүрээнд хүмүүсээ сургах тал дээр юуг анхаарах вэ?
-Төслийн удирдлагын хүрээлэнгийн сайн талуудын нэг нь энэ. Мэдлэгээ шилжүүлэх, хүмүүсээ сургах асуудлыг их энгийн, хялбараар шийдэж өгсөн байдаг. Тиймээс Канадын Засгийн газар энэ тогтолцоог хүлээж авч, сургалтын хөтөлбөртөө шингээж эхэлсэн. Засаглалын хамгийн доогуур түвшинд явж байсан ч авч хэрэглэж болдог. Засгийн газрын ахмад албан хаагчдад ч адилхан зарчмаар зааж сургадаг давуу талтай. Учир нь төслийн хүрээлэнгийн ерөнхий зарчим нь ямар ч түвшинд ялгаагүй ижил.
Өөр байх тохиолдол нь төслийн хэмжээ байдаг. Гэхдээ ямар ч аргаар эхэлсэн ижил төгсгөлтэй байдаг.
Суурь чадвар л хамгийн чухал. Нэг стандартыг сонгож, хэрэгжүүлэхээс гадна дээд түвшний шийдвэр гаргагчдаас эхлэн энэ талын суурь ойлголтуудыг өгөх нь тэдний хувьд дээрх асуудлын хүрээнд шийдвэр гаргахад туслах учиртай.
-Төслийн удирлагыг төлөвшүүлэхэд хэр их хугацаа шаарддаг бол?
-Ихэнх хөтөлбөрийн дагуу төслийг хэрхэн авч явах талаарх ойлголт өгч сургаж, хэрэгжүүлэхэд зургаан сар зарцуулдаг. Дэлхийн бусад оронд суурилдаг ажлын хэсгийнхэн монголчуудтай зөвлөхийн байр сууринаас хамтарч ажиллахад бэлэн байгаа. Төслийн удирдлагын хүрээлэнгийн сүлжээний ажлын нэг хэсэг бол энэ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэхэд тань туслах тус байгууллагын 500 мянга гаруй мэргэжилтэн бас бий.
Бусад улс оронд хэрэгжиж буй ижил төрлийн төслийн багынхантай ч холбогдож туршлага судалж болно. Хаанаас эхлэх вэ, яаж хийх вэ гэж асуухын оронд энэ боломж, нөөцийг ашиглах нь зүйтэй.
-Энэ хурлын дараах монголчуудын нэн тэргүүнд хийх ёстой ажил юу байх вэ?
-Засгийн газар нэн түрүүнд 15-20 хүн бүхий ажлын хэсэг байгуулж, тусгай сургалтын хөтөлбөрийн дагуу дадлагажуулж, улмаар тодорхой төслүүд хариуцуулах хэрэгтэй. Тэгээд юу болохыг нь хар, үр дүнг нь хэмж. Хэрэгжиж байгаа болон урьд нь хэрэгжсэн төслүүдтэй харьцуулж илүү сайн байж чадаж буй эсэхийг шалгаж болно. Амьдрал дээр хэрэгжүүлсэн нөхцөлд л тухайн ойлголт баталгаажина. Өөрөөр хэлбэл, яаж болох, болохгүйг мэдэж авна гэсэн үг. Тиймээс туршаад үз.
Mongolian Economy сэтгүүлийн “Төслийн нэг хэл, нэгдсэн стандарт” дугаар
2013.06.10
