Махны үнийг бодитой судалж чаддаггүй


Махны үнэ байнга өөрчлөгдөж, нийслэлийн хүнсний захуудад харилцан адилгүй худалдаалагдаж байна. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг “Үндэсний статистикийн хорооноос долоо хоног тутамд хүнсний гол нэрийн барааны үнийн тайлан гаргадаг. Тус тайланд мах худалдаалах нийслэл дэх 7-8 цэгийн ханшийг ашигладаг. Тухайлбал, Улаанбаатар хотод худалдаалж буй нийт махны ердөө 0.4 орчим хувийг эзэлдэг “Меркури” захын махны ханшыг оруулдаг” гэв. Мах худалдаалж буй хүнсний захуудаас тус захын ханш харьцангуй өндөр байдаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй махны үнийг тэрбээр бууруу гэж үзэж байгаа аж. Харин “Хүчит шонхор” захад Улаанбаатар хотод худалдаалагдаж буй махны 70-80 орчим хувийг борлуулдаг. Тус захад тухайн өдрийн үдээс хойш махны үнэ өглөөний ханшаас 20-30 хувиар өссөн байдаг талаар тэрбээр хэлсэн юм. Мах борлуулагчид нэг кг махыг өглөө 5000 төгрөгөөр зарж байсан бол тухайн өдрийн үдээс хойш 7000 төгрөгөөр худалдаалдаг жишээтэй. Нийслэлийн махны үнийг тодорхойлогч тус захад худалдаалагдаж буй махны үнэ хэр олон ченжийн гар дамжина төдий хэр өсдөг нь нууц биш.

Махны үнийн талаарх өөр нэг ташаа ойлголт бол шинэ, хөлдүү махны үнэ ижил байх ёстой гэх. “Хүчит шонхор” захын мах борлуулагчдын хэлж буйгаар арван хүн тутмын хоёр нь шинэ мах худалдаж авдаг байна. Гэвч шинэ мах хөлдүү махаас өндөр үнэтэй нь малчид тэжээл, бордооны үнээ махныхаа үнэд шингээдэгтэй холбоотой аж.
Харин нөөцийн махны үнийн тухайд ҮХААЯ-ны мэргэжилтний хэлж буйгаар жижиглэнгээр худалдаалж буй нөөцийн махны үнэ гулууз махны ханшаас өндөр байгаа нь үнийн хөөрөгдөл байгаатай холбоотой аж. Улсын хэмжээнд нөөцийн махыг өнгөрсөн сарын 17-ноос худалдаалж, “Хархорин”, “Бэлх” зах, “Мишээл экспо”, “АСА” цирк зэрэг арав гаруй цэгт борлуулж байгаа. Нийслэлчүүдийн хэрэглээнд нийт есөн мянган тонн нөөцийн мах бэлтгэснээс өнөөдрийн байдлаар /2013 оны хоёрдугаар сарын 07/ 200 гаруй тонн мах борлуулсан бөгөөд үүний 10 гаруй тонныг жижиглэнгээр худалдаалаад байгаа аж.
Нөөцийн махны үнийг танилцуулъя /кг, төгрөгөөр/
Төрөл Гулууз, өрөөл Жижиглэн
Хонины мах 5200 5700
Ямааны мах 4200 4600
Үхрийн мах 5700 5900