Менежерүүд бий болсон нь

Менежер гэх даргаас дутахгүй албан тушаалтны орон тоо тоймгүй олон болсон. Тухайлбал, Их Британид таван сая менежер ажилладаг гэсэн судалгаа захын нотолгоо болох буйзаа. Энэ нь 100 жилийн өмнөхөөс даруй 10 дахин нэмэгдсэн тоо юм.

Менежер гэдэг нь “menager” гэх Франц үгээс эхтэй бөгөөд зохицуулах, оролдох зэргийг илтгэхийн зэрэгцээ захирах гэх утгыг ч агуулах нь бий. Тухайлбал, кондуктор галт тэрэг, автобусны зорчигчдыг зохицуулах үүрэгтэй бол администратор буюу оффис менежер нь байгууллагын ажилчдыг үндсэн систем, журамд нэгтгэн удирддаг.
Менежмент гэдэг үг бидний амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй. Нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн гэж болох хэн бүхэн Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалж, шүүгээ дүүрэн менежментийн ном цуглуулсан, тэр бүү хэл тус мэргэжилтэй холбоотой үгсийн сан бүрдүүлсэн байх жишээтэй. Гэвч ганцхан зууны тэртээ Бизнесийн удирдлага гэж чухам юу болохыг мэдэх хүн байгаагүй гэлцдэг.
Бизнесийн ертөнцөд менежер гэх үг XX зууны эхээс эрчээ авсан билээ. Их Британийн Royal Holloway их сургуулийн профессор Крис Грей “Удирдах, зохион байгуулах гэсэн утгатай эл үг XIX зууны эхэн үед хуурмаг бүхнийг илтгэж байж. Тухайн үед менежер хүнийг луйварчин, хулгайч мэтээр хардаг байжээ. Учир нь бизнесээ хэн нэгний гарт даатгах нь мөнгөө алдахаас гадна удирдах эрхээ булаалгана гэсэн сэтгэхгүй ноёлож байсантай холбоотой” хэмээн тайлбарласан байна. Адам Смит “Компанийн захирлууд хөрөнгийнхөө менежерүүд нь байдаг. Иймээс тэд бусдын бизнест бус өөрийн гэх зүйлдээ ухаанаа зарахыг чухалчилдаг” хэмээн “The Wealth of Nations” бүтээлдээ бичжээ. Ийм учраас Шотландын Royal Bank-ыг дампууруулах дөхсөн Фред Гүүдвины хэрэг Адам Смитийг гайхшруулахгүй байсан болов уу. Өнөө үед ч менежерүүд муу нэртэй хэвээр байгааг профессор Крис Грей хэлж байна. Учир нь удирдлагууд тэдний юу хийж явааг мэдэхгүйдээ бус харин менежерүүд нь хийж байгаа зүйлээ мэдэхгүй, ойлгохгүй байх вий гэж эмээдэг аж.
XIX зууны сүүл үеэс эхлэн менежментийн тухай товч бөгөөд тодорхой ойлголт гарсан нь үр дүнгийн тухай байсан юм. Менежментийн эрний түүхээс сөхвөл Фредерик Тайлор гэгч эр шинжлэх ухааны менежмент хэмээх нэршлийг бий болгосноор дэлхийн анхны менежментийн зөвлөх болжээ. Тэрбээр дундаж ажилчин ноомой, өөртөө итгэлгүй байдаг тул тухайн ажилчныг бодит үр дүн гаргахад дөхөм болох зохицуулагч байх шаардлагатай хэмээн үзжээ. Үүнийгээ Фредерик Тайлор менежментийн систем хэмээн нэрийдсэн бөгөөд “Албадлагын зөөлөн зарчмаар стандартыг бий болгох, ажиллах орчинг бүрдүүлж, улмаар ажилчин удирдлагын хооронд хамтын ажиллагааг бий болгох нь бодит үр дүнг түргэсгэнэ. Үүний тулд зөв менежментийг бүтээх нь чухал” гэж үздэг байв. Түүний уг онолыг үйлдвэрүүд анхлан нэвтрүүлсэн бөгөөд төд удалгүй томоохон компаниудын зарчим болж хувирсан билээ.
Гэсэн ч XX зууны хоёрдугаар хагас хүртэл Фредерик Тайлорын менежментийн онол Их Британийн бизнесийн ертөнцөд хөлөө олохгүй байлаа. Учир нь тухайн үеийн Английн менежерүүд сонирхогч төдий байсан юм. Дэлхийн II дайны дараагаар том гэгдэх компаниуд бизнесийн тухай "түй" ч мэдэхгүй хүмүүсээр, тухайлбал цэргийн генералуудаар удирдуулж байж. British Airways, BBC гэх өдгөө алдарт хүрсэн байгууллагуудын удирдлагууд бизнесийн гэхээсээ илүү захиргаадлын системээр ажилдаг байв. Ийнхүү явсаар Их Британийн анхны бизнесийн сургууль 1965 онд байгуулагджээ. Гэтэл бизнес эрхлэхэд зохион байгуулалт хэр чухал болохыг хэдийнэ ухаарсан америкчууд, Европын бусад орон энэ салбарт анхаарлаа хандуулаад нэг зууныг үдчихсэн байсан юм. Үүгээр ч зогсохгүй туршлага арвинтай америкчууд менежментийн шинэ систем нэвтрүүлж эхэлсэн байлаа.
Корпорацийн хөгжил идэвхжиж эхэлснээр менежментийн “аян” газар авч менежерүүд борооны дараах мөөг шиг олширч байв. Өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр ур чадвар, мэдлэг шаардах болов. Америкийн социологич Врайт Миллс “Чадвартай менежер ярих авьяастай байхаас гадна итгэл төрүүлэхүйц байх шаардлагатай. Гэхдээ дэлгэсэн ном шиг байж болохгүй” гэв.
XX зуунд шаргуу хөдөлмөр тэргүүний зарчим байсан бол өдгөө үнэн зөв байхын зэрэгцээ өвөрмөц байхыг менежерүүдээс шаардах болсон. АНУ-ын социологич Уильям Вайт “Менежер хүн хөдөлмөрч байхаас гадна мөнгө даллагч байх ёстой” хэмээн судалгаандаа дурдсан байна. Мөн тэрбээр хувийн амьдрал, ажил хоёрыг хэрхэн тэнцвэртэй байлгах тухай судалсан. Түүний судалгаанд “Менежер хүнд хувийн амьдрал гэж байдаг уу” гэсэн асуулт багтжээ. Үүнд нэгэн борлуулалтын менежер “Хүүхдүүдээ хурдан том болж амьдрал зохиогоосой гэж боддог. Учир нь тэр үед би тэдэндээ цаг зав гаргаж чадахгүй байгаадаа арай бага харамсах болно” гэж хариулжээ.
Чихэнд чимэгтэй менежер гэх мэргэжил тэр ертөнцийнхөө бичигдээгүй хуулиудад дарлуулах болж. Менежментийн “аян” өргөжих тусам хямд аргаар албан тушаалын төлөө шунагсдыг ашиглах гарцыг бий болгож, улмаар нийгэмд мэргэжлээр нь ангилах заагийг өргөсгөж байна гэж зарим судлаач анхааруулж байна.