Мески Брейн: Нийслэл төсвийн нэгдсэн мэдээллийн сантай болох хэрэгтэй

Дэлхийн банкны эдийн засагчид “Улаанбаатар хотын санхүүжилт” судалгааг НЗДТГ-ын захиалгаар хийж, дүнгээ танилцуулсан. Судалгааны ажлын хэсгийн судлаач, Зүүн Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн хэлтсийн Хотын хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Мески Брейнаас судалгааны үр дүнгийн талаар сонирхлоо.

-Улаанбаатар хотын санхүүжилтийн тогтолцоо, төсвийг судалж үзэхэд тулгамдаж буй гол асуудал нь юу байна вэ?

-Улаанбаатарын хувьд олон давуу талтай хот. Нийслэлийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөлд судалгаа хийлээ. Нийслэл төсвөө юунд хэрхэн зарцуулж буйгаа иргэдэд тайлагнадаг систем алга. Улаанбаатар хотын орлого, үүнийг дагаад зарцуулалт нь нэмэгдэж буй нь сайн үзүүлэлт. Хөрөнгийг юунд, яаж зарцуулсанаа иргэдэд тайлагнадаг, ил тод нээлттэй төсвийг олон улсад сайн туршлага гэж хэлдэг. Дүүрэг болон хотын захиргааны чиг үүргийн давхардал их байгаа нь үйлчилгээний зардлыг өсгөж байна. Тухайлбал, орон сууц, нийтийн аж ахуй, зам гүүр барих, хот тохижилт, байгаль орчин хамгаалах зэрэг асуудалд давхцаж байна.

- Хотын үйлчилгээг сайжруулж, санхүүгийн системийг хөгжүүлэхийн тулд анхаарах зөвлөмжийг судалгааны үр дүнд гаргасан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юү?

-Төсвийн ил тод байдлыг хянахад иргэдийн оролцоо чухал. Ингэхийн тулд төсвийн зарцуулалтыг үйлчилгээний төрлөөр нь ил тод болгож, олон нийтэд мэдээлж байх ёстой. Хотын үйлчилгээг сайжруулж, санхүүгийн системээ хөгжүүлэх боломж нийслэлд бүрэн байна. Тухайлбал, төсвийн хэт хэсэгчилсэн бүтцийг арилгахын тулд нэгдсэн тайлан гаргаж байх. Төсвийн зарлагыг үйлчилгээний ангилалаар нь тайлагнах, орон нутгийн болон нийслэлийн захиргааны чиг үүргийн ангилалыг тодорхой болгох шаардлагатай байна. Мөн төсвийн бичиг баримтаа ил тод, нээлттэй болгох саналыг бид гаргасан. Бид төсвийн орлого болон зарлагад дүн шинжилгээ хийж, тус бүрд нь зөвлөмж гаргасан.

-Орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж, хянахын тулд юу хийх ёстой вэ?

- Урсгал болон хөрөнгийн орлого хоорондын ялгааг ил тод гаргах хэрэгтэй. Нийслэлийн орлогын 83 хувь нь орон нутгийн татвараас бүрддэг. Мөн үүнд цалингийн татвар харьцангуй өндөр буюу 72 хувьтай байна. Дэлхий нийтийн жишигт ийм туршлага байхгүй. Тиймээс орлогын бүрдүүлэлтийн эх үүсвэрээ илүү найдвартай болгох хэрэгтэй. Жишээлбэл, эд хөрөнгийн бүртгэлийг илүү нарийвчлан хийж, хөрөнгийн татварыг бий болгох боломж Монголд байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зарцуулалт хийхдээ эх үүсвэр нь хаанаас гарч байгааг хянах нь чухал. Улсын төсвөөс нийслэлд хэдий хэмжээний орлого орж ирж байгааг багцлах хэрэгтэй. Одоогоор Сангийн яамнаас Улаанбаатар хотын төсөвт шилжүүлэх хөрөнгийн хэмжээг жил бүр төсвийн тухай хуулиар тогтоодог. Энэ нь Улаанбаатар хот нийт орлогоо таамаглах, хөрөнгө оруулалт хийхэд саад болж байна. Иймээс үүнийг тодорхой болгох шаардлагатай. Мөн батлагдсанаас илүү орлого олохтой холбоотой журам батлах хэрэгцээ байна. Түүнчлэн хотын дэд бүтцийг өргөжүүлэх, ашиглалт хамгаалалтын зардлыг хөрөнгийн татвараас санхүүжүүлэх боломжийг ч судалж эхлэх нь зүйтэй.

-Нийслэлийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлага ч дагаж өсөж буй. Тэгвэл зарлагаа зөв зарцуулахад хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Нийслэлд санхүүгийн төлөвлөлт зарлагын таамаглал муу, хөрөнгө оруулалтын таамаглал хангалтгүй, орлого шингээх болон хэрэгжүүлэх чадавх хангалтгүй байгаагаас зарлагын илүүдэл нэмэгдэж байна. Үүнийг дагаад иргэдэд үзүүлэх үйлчилгээ ч суларч байгаа юм. Мөн хөрөнгө оруулалт үр дүнгүй болоход хүрч буй юм. Тухайлбал, улаанбаатар хотын хөрөнгө оруулалт ДНБ-ий нэг хувьтай тэнцэж буй нь олон улсын стандартай харьцуулахад бага үзүүлэлт. Тиймээс зарлагын хувиарлалт хийхдээ орон нутгийн иргэдэд хамгийн ойр доод шатны нэгж болох баг, хороогоор нь дамжуулж иргэдийн саналыг тусгаж, юунд хөрөнгө оруулалт хийхээ шийдэх хэрэгтэй. Мөн үйлчилгээний чиг үүргээ илүү нарийвчилж, тодорхой болгох шаардлагатай байна.

-Судалгааны дараа ямар үр дүн, өөрчлөлтийг Нийслэлийн зүгээс хүлээж байна вэ. НЗДТГ-ын зүгээс хамгийн түрүүнд анхаарч, хийх ёстой зүйл нь юу вэ?

-Хамгийн түрүүнд нийслэлийг төсвийн нэгдсэн мэдээллийн сантай болгох хэрэгтэй байна. Хотын орлого, зарлагын байдал тэдгээрийн хандлагыг дунд хугацаагаар харуулдаг жишигт шилжихээ Нийслэлийн хотын удирдлагууд хэлсэн. Төсвийн ил тод байдал гэдгийг OECD зарчимд тодорхойлохдоо, “Төсөвтэй холбоотой мэдээллийг цаг хугацаанд нь цогц байдлаар нээлттэй байлгахыг хэлнэ” гэсэн байдаг. Тэгэхээр үүнийг хангахад чиглэж л ажиллах чухал юм. Тиймээс төсвийн формат /төсвийн бичиг баримт, төсвийн орлого, зарлагыг нарийвчлан багтаасан/-ыг олон улсын сайн туршлагад нийцүүлж, шинэчлэх хэрэгтэй. Тухайлбал, Зарим төрлийн зардлын ангилал ил тод биш байна. Урсгал зардлын 30 гаруй хувийг төрийн өмнөөс гүйцэлдүүлсэн ажлын хөлс, бусад үйл ажиллагаа ба хөтөлбөрт зарцуулсан зэрэг тодорхойгүй байдлаар тайлагнаж байна. Үүнийг ил тод болгож, төсвийн бичиг баримтдаа тусгах ёстой. Мөн Улаанбаатар хотын төсвийн усргал болон хөрөнгийн төсвийн орлого, зарлагын тэнцлийг тодорхой харуулах хэрэгтэй.

-Бонд гаргахын тулд засаглалаа ил тод, тунгалаг болгох шаардлагатайг та хэлсэн. Улаанбаатар хотын засаглал бусад хотуудтай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

- Улаанбаатар хот бонд гаргаж, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин нээлттэй болсон. Улс орнууд зээлжих эрх нь ямар түвшинд байгааг тодорхойлохын тулд тусгай мэргэшсэн Санхүүгийн агентлагуудаар үнэлгээ хийлгэж, зээл шингээх чадварыг гаргаж ирдэг. Ингэхдээ тухайн улс, хотын санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн орчин тогтвортой эсэхийг хардаг. Улаанбаатар хотын орлого, хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй учир зээлжих эрх нь харьцангуй сайн харагдаж байна. Хотын дарга томоохон хоёр агентлагаас зээлжих эрхийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ илгээсэн гэсэн. Тэднээс хариу ирсний дараа тодорхой болох байх.