Могойн голын ДЦС-ын барилгын ажил эхэллээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайд түшиглэсэн дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэл, тухайн орчмын цэвдэгтэй газраас шалтгаалан барих боломжгүй болоод байсан. Тиймээс Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 60МВт хүчин чадалтай ДЦС байгуулахаар болж, барилгын ажил нь энэ сарын дундуур эхэлсэн байна.

Энэхүү төслийг санаачлагч Шинэ Азиа групп нь БНХАУ-ын “Жун Жи” компанитай хамтран хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж байгаа бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын CMEC /China National Mashinery & Equipment Import & Export Corporation/ гэх корпораци ажиллаж буй аж. Түүнчлэн гэрээний хугацаанд улсын төсвөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй, харин барилгын ажлын явцад гадаадаас авах ажилчдын ажлын байрны төлбөр, мөн импортоор оруулах материал, тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг тухай бүр нь хуулийн хүрээнд шийдвэрлэхэд Засгийн газрын дэмжлэг үзүүлэхээр гэрээндээ заасан аж.

Баригдаж буй ДЦС нь нүүрсээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайгаас зах зээлийн үнээр худалдан авч, үйлдвэрлэсэн эрчим хүчээ Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу зохицуулалттай үнээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх амлалт өгч байна. Энэхүү концессын гэрээний дагуу ДЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар гэрэл цахилгаангүй, дэд бүтэц муу хөгжсөн алс бүс нутагт 300 орчим ажлын байр шинээр бий болох, Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайн борлуулалт жилд 15000 тн байсан бол 200000 тн болж нэмэгдэх, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, төвийн эрчим хүчний системд холбогдож, систем хоорондын горим ажиллагааг тогтворжуулж, системийг зүй зохистой, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай удирдах, Завхан, Говь-Алтай аймгуудад эрчим хүчний станцын дизель түлш худалдан авахад зориулан улсын төсвөөс жил бүр олгож ирсэн 13 орчим тэрбум төгрөгийн татаасыг хэмнэх ач холбогдолтой юм. Бүтэн зууны турш байнгын найдвартай, эрчим хүчний эх үүсвэргүй байсан дээрх хоёр аймагт 24 цагийн цахилгаан түгээснээр цаашдаа тус бүс нутагт үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, ард иргэдийн аж амьдрал бодитойгоор дээшлэх, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймагт татварын орлого үлэмж нэмэгдэх гол хөшүүрэг болно гэж төслийн баг үзэж байгаа аж.

ДЦС барих гэрээг 2010 онд УИХ-аас баталсан бөгөөд Концессын тухай хуулийн хүрээнд хийж байгаа Монгол Улсын анхны концессын гэрээ бөгөөд нийт хугацаа 22 жил байх аж. Тус компани станцыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах бөгөөд цаашид үйл ажиллагааны орлогоосоо өртөгөө нөхөж, гэрээний хугацаа дуусахад ДЦС-ыг төрийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нөхцөлтэй юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 110 сая ам доллар бөгөөд тус ДЦС нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх том бүтээн байгуулалт төдийгүй байгаль орчинд хал багатай дэвшилтэт технологи бүхий орчин үеийн ДЦС байна гэдгээрээ онцлогтой юм.