Мод хөглөөч

Хорвоо дэлхийг бүүвэйлэх морин хуурын хоёрхон чавхдаснаас уянгалах зөөлөн аялгуугаар монгол орныг төсөөлөх гаднынхан цөөнгүй. Монголчууд бид ч мөн адил морин хуураа дээдлэн, өөрийгөө болоод өвөг дээдсийн ариун түүхийг энэ хөгжимтэй салшгүй холбоотой хэмээн үзэж хоймортоо залдаг. Тиймээс манай сэтгүүл энэ удаагийн “Made in Mongolia” буландаа морин хуур урлаачтай уулзлаа.

Хуур хийхэд хамгийн тохиромжтой мод нь хус, хуш, нарс

Босго давах төдийд мод, цавууны үнэр хамар цоргиж тог тог гэх чимээ сонстох аж. Хамаг оюун санаагаа хийж буй зүйлдээ төвлөрүүлсэн 30 гаруй настай энэ эр орчин тойрноос тасарчихсан гэлтэй харагдана. Хүн орж ирсэн гэдгийг ч мэдэх сөхөөгүй нимгэн хавтгай модтой “ноцолдох” түүнийг “Bayar and Brothers” ХХК-ийн захирал, урлаач Б.Баярсайхан гэдэг. Энэ сонирхолтой үйлдэл нь сайн морин хуур урлах хамгийн чухал ажиллагаа ажээ. Түүний тогших хавтгай мод нь хуурын цар буюу ишний дор байрлах дөрвөлжин хайрцаг бүхий зүйлийн нэг тал нь аж. Ийнхүү тог тог тогших нь модыг хөглөж байгаа хэрэг. Б.Баярсайханы хэлснээр Мод бүхэн өөрийн хөг “хэл”-тэй байдаг гэнэ. Морин хуур урлаж буй хүн модны юу гэж хэлэхийг сонсож чаддаг мөн өөрийгөө ойлгуулдаг байх нь хамгийн чухал ажээ. Тиймээс мод тогшиж хөгийг нь тааруулж чадаж гэмээнэ морин хуур өөрийн гэсэн хөг аяыг гаргаж чаддаг байна. Морин хуурын ишний дор байрлах дундаа нүхтэй дөрвөлжин хэсгийг цар гэдэг байна. Энэ хэсгийг бүрдүүлж байгаа модыг сайн хөглөхгүй бол хуур сайхан дуугарч чадахгүй. Б. Баярсайхан урлаачийн хэлсэнчлэн “Хүн бүрт цар хөглөх өөр өөрийн гэсэн арга бий. Зарим нь модыг хөгжмийн эгшгээр хөглөж байхад нөгөө хэсэг нь нимгэн зузааныг нь шалгадаг. Харин би бол тогшиж хөглөдөг. Мод хөглөх нь нэлээд ур дүй, дадлага туршлага шаардсан ажил. Хэрвээ царны хөг буруу байх юм бол хэчнээн сайхан чавхдас байлаа гээд хуур олигтой дуугарахгүй” гэсэн юм.

Тухайлбал, өсгөгчгүй чанга яригч дуугардаггүй шиг царгүй морин хуур хөг ая гаргаж чадахгүй. Мод ямар хөгтэй байх нь маш олон зүйлээс шалтгаалдаг юм байна. Тиймээс морин хуур хийх модыг хэд хэдэн шалгуураар сонгоно. Чухам ямар мод сонгохоос л морин хуур урлах ажил эхэлдэг гэсэн үг. Уулын хаанаас, хэдэн настай, хэрхэн хатаагдсан мод сонгох вэ гэдгийг нарийн шийдсний дараа модыг хэмжээний дагуу авдаг байна. Хуур хийхэд хамгийн тохиромжтой модонд нь хуш, хус, нарс орно. Ингээд сонгосон модоо наранд зөв хатаах ёстой. Яаж хатаах нь тухайн урлаачийн өөрийн гэсэн нууц гэнэ билээ. Хэр удаан зөв хатаана чанарждаг байна. Б.Баярсайхан “Би 20 -иод жил хуур урлаж байна. Би анх хуур хийхийн тулд хатааж авсан модоо одоо ч гэсэн хадгалдаг. Хамгийн нандин гэсэн захиалгатаа тэр модноосоо ашигладаг” гэсэн юм. Ийнхүү хатаасан модоор хамгийн түрүүнд захиалагчийн өгсөн загварын дагуу морин хуурын толгойн хэсгийг хийнэ. Үүний дараа ишийг нь хийх бөгөөд хуур захиалсан үйлчлүүлэгчийн онцлогт тохируулан өргөн, нарийн, урт, богино хийдэг байна. Энэ хооронд, мар, чих, нум гээд бусад зүйлийг бэлэн болгоно. Хамгийн сүүлд царыг хийх бөгөөд дээр дурьдсанчлан хөглөж мөн эрхий хуруун чинээ жижиг харуул, алх, хөрөө зэрэг сонихон багаж хэрэгслээр харуулдах, зүлгэх, зүсэх гээд нэмэлт ажлыг хийж гүйцэтгэнэ. Дөрвөн хавтан бэлтгэх ба нүүрэн хэсгийн хавтанд нүх гаргана. Энэ нүх мөн дуугаралтад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг учраас их учиртай. Үүний дараа бэлэн болсон хавтангуудыг хооронд нь нааж цар өөрийн гэсэн хэлбэр дүрсээ олно.

Хуурын чавхдасын нэг нь л гэхэд 100-120 ширхэг сүүлнээс бүрддэг


Урлаач сайн хуур хийж чадах эсэх нь түүний багаж хэрэгслээс ихээхэн хамааралтай. Одоо хорвоо дэлхийг гайхшруулсан хоёр чавхдасыг бэлтгэх ажил хүлээж буй. Морин хуурын чавхдасыг адууны сүүлээр хийх бөгөөд хууранд бэхлэх явцад тасрахааргүй бөх батыг сонгоно. Хэдийгээр харахад хоёрхон чавхдас байгаа мэт ч үнэндээ нэг чавхдас 100-120 ширхэг адууны нарийн сүүлнээс бүрддэг ажээ. Тиймээс ширхэг бүрийг сайтар шалгах хэрэгтэй. Дараагийн шатанд ийнхүү сонгосон сүүлээ боловсруулна. Хүн бүр өөр өөрийн аргаар боловсруулах ба хамгийн анхаарах зүйл нь сүүлийг гэмтээлгүйгээр цэвэрлэх явдал юм. Б.Баярсайхан сүүлийг цэвэрлэхдээ ихэвчлэн эдийн савангаар угаадаг гэнэ. Хэрвээ өөр төрлийн бодис угаалгын нунтгаар угаавал сүүлний тослог, бөх бат чанар алдагддаг байна. Ийнхүү чавхдасыг бэлэн болгосны дараа эд ангиудыг өөр хооронд нь холбоно.

Морин хуурын нэг онцлог нь хадаасаар тогтоосон эд анги нэг ч байхгүй бөгөөд ямар нэгэн металл, төмөрлөгийн зүйл ордоггүй цөөхөн хөгжмийн зэмсгийн нэг юм. Ийнхүү хэлбэр дүрсээ олсон бэлдэцээ будаж, янзална. Морин хуурын эх бие бэлэн болох үед өмнө нь бэлтгэсэн чавхдасыг бөхөлнө. Царны дотор талд мөн хөглөгч байрлуулах агаад энэ нь чавхдаснаас ирэх аяыг боловсруулаад гадагш гаргадаг гэнэ. Энэ бүгдийн дараа хуурын хоёр чавхдасыг тоглох ая, тоглож буй хүнээсээ шалтгаалан өөр өөрөөр хөглөдөг ажээ. Ийнхүү бэлэн болсон морин хуур “Рegasus” дэлгүүрт эзнээ хүлээн эгнэнэ. Уг дэлгүүрт морин хуур дунджаар 350 мянган төгрөгөөр худалдаалагддаг аж. Б.Баярсайханы хийсэн морин хуур өдгөө чанартай, цэвэр дуугаралттай, өнгө үзэмж сайн гэх үнэлгээг үйлчлүүлэгчдийн зүгээс авчирчээ. Түүний хэлснээр “Өнөөдөр манайд олон хүн морин хуур хийж байна. Гэхдээ гарын таван хуруунд багтах цөөн тооны урлаачид л чанарын өндөр түвшинд хийдэг. Гадуур зарагдаж байгаа хуурыг аль нь сайн, аль нь муу гэдгийг жирийн хүний нүдээр ялгах боломжгүй. Тиймээс хүн бүр л өөрийн хийсэн морин хуурыг сайн гэх байх. Ийм учраас ихэнх мэргэжлийн морин хуурчид өөрийн гэсэн хуур урлаачтай байдаг” гэсэн юм. Тэрбээр хуур урлаад зогсохгүй “Этүгэн” нэртэй морин хуурын хамтлагт хүчин зүтгэдэг.

Мөн “Pegasus” төвд бүх л төрлийн хөгжмийн сургалт, худалдаа эрхэлдэг ажээ. Өнөөдөр түүний урласан хөгжмийн зэмсэг нь Монголын морин хуурыг төлөөлж АНУ-ын Нью -Йорк дахь “Shubert club” хөгжмийн тvvхийн музей, Аризона мужийн Феникс дахь дэлхийн хөгжмийн музей /MIM/ -д тавигдсан байна. Түүнчлэн УАДБЧ, Морин хуурын чуулга, СУИС, ХБК, Соёлын дээд сургууль зэрэг урлагийн байгууллага төдийгүй Япон, Буриад, ӨМӨЗО-ны морин хуурчид Б.Баярсайханы бүтээлээр хөгжимддөг. Тэрбээр 2009 онд “Морин хуурын стандарт хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулж, баталгаажуулсан зэрэг нь түүний 20 -иод жилийн туршид хичээнгүйлэн зүтгэсний үр дүн юм. Б.Баярсайхан морин хуурыг өр зүрхнээсээ хайрладаг нэгэн билээ. Өөрийн ур, ухаанаар хийсэн хуураар хүний сэтгэлийг хөдөлгөн хөгжимдөх нь амгалан хийгээд сэтгэл хөдөлгөм ажээ. Хуур, хүн хоёр зохицон уусахын хором энэ ажгуу.