Монголд арван хүүхэд тутмын нэг нь хүнд хөдөлмөр эрхэлж байна

Өнөөдөр “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхий өдөр”. Үүнтэй холбогдуулан дэлхийн олон оронд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүчирхийлэлтэй тэмцсэн тайван жагсаал, үнэгүй үзвэр, кино, тоглоомын газрууд үүд хаалгаа нээж буй. Харин манайд Хүүхдийн төлөө газар тэргүүтэй байгууллагууд "Хүний эрх ба нийгмийн тэгш байдал", "Хүүхдийн хөдөлмөрийг устгая" уриатайгаар олон нийтийн үйл ажиллагаа явуулах юм.

ЮНИСЕФ болон Дэлхийн банкны дэргэдэх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар дэлхийд хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо 250 орчим сая байгаа бөгөөд түүний 115 сая нь амь насанд аюултай уурхай, химийн хортой нөхцөлд ажиллаж байгаа аж. Мөн тэдний 150 орчим сая нь Азид, 70 сая нь Африк, үлдсэн нь Латин Америкт харъяалагдаж байгаа аж. Гэхдээ Африк тивд хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо цаг, минутаар нэмэгдэж байгааг тэд судалгаандаа онцолсон байна. Тус улсад 5-7 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг бол Ази-Номхон далайн бүс нутгийн найман хүүхэд тутмын нэг, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын арван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг аж. Харин манай улсад 5-17 насны нийт хүүхдийн 11.5 хувь нь 70 гаруй мянган хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэх статистик бий. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хүнд хөдөлмөр эрхэлж байгаа үзүүлэлт юм. Гэхдээ дээрх тоо 2006 оныхоос 50 орчим хувиар буурсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Тийм хэдий ч дээрх статистик албан ёсны тоо биш гэдгийг тэд онцолж буй. Тиймээс ирэх есдүгээр сард хүүхдийн хүнд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нэгдсэн дүн гаргахаар Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.

Дашрамд дурдахад, Хятадад хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж, боолын зарчмаар ажиллуулж буй байгууллага, хүмүүсийн эсрэг кампанит аян өрнүүлж, Шаньси, Хэньань мужийн уурхай, үйлдвэрүүд хэдэн зуун ядуу иргэн, хүүхэд, оюуны хомсдолтой иргэдийг олон цагаар, бохир орчинд, хайр найргүй ажиллуулж байсныг илрүүлсэн байна.

Түүнчлэн “Burberry”, “Levi”, “H&M”, “Adidas”, “Puma” зэрэг дэлхийн алдартай хувцасны 60 гаруй брэндийн эзэд хүүхдийн хөдөлмөр мөлжиж олсон хөвөн, тэднээр хийлгэсэн бусад бүтээгдэхүүнийг авахгүй байхаа илэрхийлж, дэлхий даяар үүнтэй нэгдэхийг уриалсан байна.

Хүүхдийн хөдөлмөрийг устгах, түүний эсрэг дэлхийн өдрийг манай улс 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Гэвч Хүүхэлдэйн театр, Хүүхдийн парк тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр гаргасангүй, кино театр, тоглоомын газрууд ч нам жим байна.