“Монголд дэлхийн брэнд болох олон бүтээгдэхүүн байна”

Францын мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан Беатрис Балвэтэй Монголын мал аж ахуйн салбарт нэн түрүүнд шийдэх шаардлагатай байгаа малын бүртгэлжүүлэх асуудлын талаар цөөн хором ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би Францийн Хөдөө аж ахуйн яамны харъяа Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан. Уг хүрээлэн нь хууль эрх зүйн болоод бусад бүх төрлийн зөвлөгөө өгдөг байгууллага юм. Миний бие тус хүрээлэнгийн “Малын бүртгэлжүүлэлт, угсаа гарал” төслийн удирдагч.

-Монголд анх удаагаа ирж байна уу. Ирээд төрсөн таны анхны сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Тиймээ анх удаагаа ирж байна. Танай орны цэлмэг тэнгэр, цэнгэг агаар, хотын зохион байгуулалт гээд бүгд шинэ содон санагдсан. Гэхдээ анхны сэтгэгдэлээр шууд танай улс ийм гээд дүгнэх нь өрөөсгөл байх. Ирсэн зорилгынхоо хүрээнд олон газар, олон хүнтэй уулзах тутам танай орны талаарх миний төсөөлөл өөрчлөгдөж байгаа.

-Та Монголд ирсэн зорилгоо сонирхуулахгүй юу?
-Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарын хамгийн чухал зүйл бол улсын хэмжээнд бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болох асуудал юм. Харин Монгол улс малын бүртгэлжүүлэлтийн тал дээр уламжлалт арга болох тамгалах, зүслэх зэргээр ажилладаг юм байна. Тиймээс миний Монголд ирсэн зорилго малын нэгдсэн бүртгэлийн системийн тал дээр Францын арга туршлагыг хуваалцах явдал юм. Франц бол мал аж ахуй өндөр хөгжсөн орон. Монгол ч гэсэн ялгаагүй. Тиймээс манай хүрээлэн Засгийн газартай харилцан ашигтай хамтын ажиллагаа бий болгох сонирхолтой байгаа. 2021 он хүртэл “Монгол мал хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд малыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бий болгох гээд олон чухал ажил төлөвлөгдсөн байсан. Мөн миний бие ҮХААЯ-ны мэрэгжилтнүүдтэй уулзахад Монгол улс зарим малыг ээмэгжүүлэх аргаар бүртгэлийн системтэй болгож байгаа талаар дуулсан. Гэхдээ энэ бол ердөө эхлэл. Цаашдаа ч хийх зүйл их байгаа.

-Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем нь малчдад ямар давуу талыг бий болгох вэ?
-Малыг тамгалах, ширхэг бүрчлэн тоолох гэдэг малчдад хүндрэлтэй төдийгүй тухайн малыг бүрэн дүүрэн илэрхийлж чадах зүйл биш. Жинхэнэ утгаараа бүртгэлжүүлэх буюу малын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем гэдэг бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой стандарт бүхий арга ажиллагаа юм. Өөрийн гэсэн илэрхийлэх дугаартай болсон малын нас хүйс, эрүүл мэнд, вакцинд хамрагдсан эсэх гээд бүх мэдээлэл тусгай мэдээллийн санд автоматаар орж байдаг. Хүмүүс иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ авч өөрийн гэсэн мэдээллийн санг бүрдүүлдэг шиг Монголын бүх мал тийм бүртгэлтэй болох хэрэгтэй. Үүний тулд малд тусгай нууц дугаар бүхий ээмэгжүүлэлт хийх мөн арьсан доор нь мэдээллийн тусгай төхөөрөмж чип суулгах гэсэн хоёр аргаар бүртгэлжүүлж болно. Ингэснээр малчин алдсан малаа хайлтын системийн тусламжтайгаар төвөггүйхэн олох боломж ч бүрдэх юм. Түүнчлэн малын худалдааны асуудалд онцгой ач холбогдолтой. Тухайлбал, Та уралдааны морь авах гэж байгаа бол малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд ороход л хангалттай юм. Тэнд уралдааны бүх насны морьдын мэдээлэл байна. Угсаа гарал, гаргасан амжилт, үнэ, шилжилт хөдөлгөөн, өртөг гээд л бүх мэдээлэл нь багтсан байх жишээтэй. Харин өнөөдөр монголчууд ам дамжсан яриа, тэрний хурдан удмын тийм зүсмийн морины унага гэдэг. Энэ сургыг гаргахын тулд тодорхой хэмжээний танил тал хэрэгтэй. Гэтэл танил талгүй бол танд энэ мэдээлэл очихгүй гэсэн үг. Тэгвэл нэгдсэн мэдээллийн сантай бол хэнд ч гэсэн энэ бүх мэдээлэл нээлттэй болно гэсэн үг юм.

-Манай улсад махны экспорт чухал ач холбогдолтой асуудал л даа. Та мал, аж ахуйн тэргүүлэгч орны салбарын хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Уучлаарай, би өөрийн хийх гэж байгаа ажлаа сурталчилж байгаа хэрэг биш шүү. Мах экспортлогч орон болохын тулд юуны түрүүнд бүх малаа бүртгэлжүүлэх хэрэгтэй. Учир нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн нь чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан байх учиртай. Уг шаардлагыг хангасан гэдгээ нотлох хөдлөшгүй баталгаа мөн хэрэгтэй. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн импортлогч орнуудын тавьж байгаа хамгийн том шаардлага нь тухайн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл юм. Тиймээс олон нийтэд нээлттэй, үнэн бодит нэгдсэн мэдээллийн сан зайлшгүй хэрэгтэй гэсэн үг. Хэдийгээр Монгол малын мах органик бүтээгдэхүүн гэгдэж байгаа ч түүнийгээ хэрхэн батлах вэ. Зүгээр л амаараа хэлээд хэрэглэгчид үүнд итгэхгүй. Харин тодорхой хийсэн ажлаа баримтжуулаад манай малын мах ийм ийм давуу талтай гээд харуулах нь хэрэглэгчдийн итгэлийг олох хамгийн том хөшүүрэг. Тухайлбал, Засгийн газраас бүх мал сүргийг вакцинд хамруулсан байлаа гэхэд түүнийг нь хэн батлах вэ. Харин нэгдсэн мэдээллийн сандаа энэ талаарх мэдээллээ хийгээд явбал тэр нь баримт болон үлдэх юм. Цаашлаад мэдээллийн сангийн тусламжтайгаар мал аж ахуйн салбарын ирээдүйн хөгжлийн бодлогыг гаргах ч боломжтой болно. Ингэж чадвал танай оронд мах экспортлогч орон болох боломж өндөр бий. Нэг үгээр монгол малын мах хэрэглэж байгаа хүн ямар ч айдасгүй байх ёстой. Үүний тулд л нэгдсэн бүртгэл мэдээллийн сан хэрэгтэй байгаа юм.

-Та Монголд ирээд ямар хоол идсэн бэ. Мах идсэн үү?
-Таны асуулт надаас монгол малын мах идэхдээ айсан уу гэж байгаа юм шиг санагдлаа /инээв/. Хэрвээ тийм бол би үгүй гэж хариулна. Монголд ирсэн өдрөө шууд л “Hot pot” гэх түргэн хоолны газар шөлтэй хоол идсэн. Тэр хоолыг хийхдээ шөлөнд нимгэн хэрчсэн мах чанасан байсан. Миний хувьд махыг бүрэн болгож идэх дуртай биш. Тиймээс ялимгүй шүүрхий гаргаад л идсэн. Надад Монгол малын мах амттай санагдсан. Түүнчлэн би айраг уусан, ааруул, төрөл бүрийн мах, махан бүтээгдэхүүн идсэн. Бүгд амттай, өвөрмөц санагдсан шүү.

-ҮХААЯ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн” яармагт энэ жил Франц улс нилээд ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм байна. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон үзэсгэлэнгийн талаарх таны саналыг сонсоё.
-Танай орон хэдийгээр эрс тэрс уур амьсгалтай ч гэсэн үнэхээр гайхалтай олон төрлийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тарьж чаддаг юм байна. Би бүүр гайхсан шүү. Ямар хөдөлмөрч юм бэ. Ямар хугацаанд ийм олон төрлийн ногоог тарьж чаддаг байна аа гэж. Дээрээс нь малын сүүгээр маш олон төрлийн бүтээгдэхүүн хийсэн байгааг хараад үнэхээр биширмээр санагдсан. Бүтэгдэхүүн бүр нь өөрийн гэсэн онцлог, үнэр амттай юм билээ. Энэ сайхан уламжлалаа дэлхий дахинаа брэнд болгох хэрэгтэй. Тэр бүх боломж нь та бүгдэд бий шүү.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье
-Танд ч гэсэн баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсье.