Монголд "жор" хэрэгтэй

Англи “Бүх нийтэд тэгш боломжийг бий болгох”, Ирланд “Тогтвортой өсөлт”, Хятад “Хүчирхэг дундаж давхарга”, Япон “Эрчимтэй хөгжлийн шинэ эринг бий болгох” гээд өөр өөрийн гэсэн хөгжлийн зорилготой байдаг аж. Харин Монголынх юу вэ?
Гэтэл монголчуудад тийм хүрэх зорилго алга. Зүгээр л хөгжинө, хөгжиж байна гээд л ярихаас цаашгүй байх шиг. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай улсад "Үндэсний хөгжлийн цогц бодлого" гэж байхгүй. Харин хөгжлийн үзэл баримтлал гэж бий. Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг бол Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль байх ёстой. Харамсалтай нь бид үүнийг хийж чадаагүйгээс болж маш их зүйлийг алдсан.Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Улс орны эдийн засаг юун дээр тулгуурлаж хөгжих вэ гэдэг асуудлыг бид ярьж байна. Манай эдийн засаг өнөөдөр уул уурхай дээр тулгуурлаж байгаа ч энэ нь биднийг байнга авч явах салбар биш” гэж эдийн засгийн форумын үеэр хэлсэн юм.
Уг нь манай улсад өнөөгийн байдлаар "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-оос эхлээд төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө, стратеги, мастер төлөвлөгөө, үндсэн чиглэл гэх мэт 590 орчим бодлогын баримт бичиг байдаг гэнэ. Эдгээрээс 243 нь дуусах хугацаа нь тодорхой бол 344 хөтөлбөр нь хугацаагүйгээр батлагджээ.
"Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем" үндэсний хөтөлбөр нь хамгийн урт хугацаанд буюу 2007-2040 он хүртэл хэрэгжихээр байгаа аж. Үүнээс гадна олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй 200 төсөл, хөтөлбөр бий. Харин эдгээр хөтөлбөр, бодлогын баримт бичиг хоорондоо хэр зэрэг уялдаатай вэ, залгамж чанартай байдаг уу, хэрэгжилт нь ямар вэ гэдэг талаас нь үзвэл муу үнэлгээ авахаар байгаа гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сануулсан.
Үлгэр жишээ
Гаднын өндөр хөгжилтэй орнуудыг харахад өөрийн гэсэн хөгжлийн цоо шинэ арга механизмыг хэрэгжүүлсэн байдаг. Товчхондоо улс орон бүр өөрийн гэсэн хөгжлийн “нууц жор”-той байдаг. Тухайлбал, 1945 оноос хойшхи Скандинавын буюу Нордикийн орнуудыг энд дурдаж болох юм.
Нордикийн буюу Скандиновын Швед, Дани, Норвеги, Финлянд гэх дөрвөн улс дэлхийн хамгийн аз жаргалтай орныг тэргүүлдэг. Дэлхийн II дайнаас хойш хамгийн тогтвортой хөгжиж чадсан, ядуурлын түвшин хамгийн бага орон бол тэд. Тухайлбал, Норвеги улсын ядуурлын түвшин ердөө гуравхан хувь байдаг аж. Улс төрийн хувьд харьцангуй ил тод нээлттэй, ард иргэдийнх нь сонгуулийн идэвх эх дэлхийн хаана ч байхгүй өндөр аж. Нордикийн орнуудын өндөр хөгжилд хүрсний нууц нь хүн бүр хөгжил гэж юу вэ гэдгээ мэддэгт оршдог аж. Ирээдүйд очих цэг нь тодорхой. Хүн бүр нь тэр зүг тэмүүлдэг гэсэн үг. Харин улс төрийн намууд нь хөгжилд хүрэх өөр өөрийн арга замыг ард түмэндээ танилцуулдаг. Товчхондоо очих цэг нь нэг, хүрэх арга нь өөр өөр байдаг аж. Тус улс эдийн засгийн оновчтой бодлогоор үндэсний салбаруудаа, тухайлбал газрын тос, байгалийн хийн олборлолт, боловсруулалт, загасны аж ахуй, хөлөг онгоцны үйлдвэрлэл, усан замын тээвэр, металын олборлолт, боловсруулалтыг амжилттай хөгжүүлсэн байна. Ингэхдээ төрийн багагүй оролцоо, хяналт, зохицуулалтыг чөлөөт эдийн засагтай зөв хослуулж чаджээ.
Гадаад худалдаанд хямд импорт, үнэтэй экспортын таатай нөхцөлийг бий болгон, үндсэн хөрөнгө хуримтлуулахад хөрөнгө оруулалт ихээр хийж технологийн гүйцэж түрүүлэх, хуулбарлах аргыг амжилттай хэрэгжүүлсэн аж. Газрын тос, байгалийн хий зэрэг түүхий эдийн нөөцөөс олох орлогыг хатуу чанд дүрмээр зохицуулж, ирээдүйдээ нөөцлөх зорилгоор Засгийн газрын тэтгэврийн санд хөрөнгө оруулалт хийдэг. Сангийн нийт орлогын дөрвөн хувийг улсын төсвийн зорилгоор зарцуулдаг. Эдийн засгийн нэгдсэн бодлогоор уул уурхайн бус салбаруудыг амжилттай хөгжүүлж чадсан, газар зүйн байршил нь далайн тээвэр, загасны аж үйлдвэрийг хөгжүүлэхэд таатай байснаас гадна томоохон, баян хөршүүд нь экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй, цаг агаарын хувьд Монголтой төстэй энэ орны хөгжлийн загвараас авууштай зүйл их бий ажээ.