Монголд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна

“Женерал Электрик” компанийн дэд Ерөнхийлөгч Жон Райсыг Монголд ирж, “Салхит” салхины станцын техник тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах үеэр уулзаж ярилцсан юм.

-Монголд сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих боломжийг Та хэрхэн харж байна вэ?
-Өнгөрсөн жил Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр би Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан юм. Үүний дараагаар Монгол Улсад анх ирсэн. Танай орны Ерөнхий сайдтай уулзаад, Монголд салхин парк байгуулах талаар санал солилцож байсан минь ердөө нэгхэн жилийн дараа бодит ажил хэрэг болж, томоохон гэрээнд гарын үсэг зурсан маань туйлын сайхан хэрэг. Монголд салхины станц байгуулах гэж байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улс нийт цахилгааныхаа таван хувийг сэргээгдэх эрчим хүчний салбарын технологиор үйлдвэрлэх боломжтой. Энэ боломж ирэх оны эцсээр бий болох юм. “Женерал Электрик”, “Ньюком”-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Салхит” салхины станц ирэх оны есөөс арванхоёрдугаар сарын хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж үзэж байна.
Бүх зүйл маш богино хугацаанд хэрэгжиж байна. Төсөл хэрэгжих гэж байхад өргөтгөлийн тухай яриад эхэлчихсэн.
Монголын өмнөд хэсгээр, ялангуяа говийн нутгаар салхины хурдны үзүүлэлт ихээхэн сонирхол татам гарсан. Тиймээс бид Монголд салхины станцын төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа.

-Монголд өөр ямар салбаруудад төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа вэ?
-Салхины эрчим хүчнээс гадна био түлш, сэргээгдэх салбарт тооцогддог бусад технологийг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Нүүрснээс метан гаргах, үүгээр цахилгаан эрчим хүч гаргах талаар Монголын удирдах түвшний хүмүүстэй санал солилцоно гэж төлөвлөж байгаа.
Мөн нарны эрчим хүч, цахилгаан хуримтлуулах технологи, төмөр зам, нисэх онгоц, тийрэлтэт хөдөлгүүр зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломж байна гэж боддог.

-Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд томоохон хэмжээний салхин турбин ажиллахад хүндрэл учирч мэдэх юм. Та юу гэж үзэж байна вэ?
-Монгол орны эрс тэс уур амьсгалд манай технологи зохицоно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Монголчуудтай хамтран ажиллаж буйн гол давуу тал нь бидний энэ салбарт зүтгэсэн 30-аад жилийн туршлага юм. Ийм чиглэлээр 4-5 жил үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бий. Гэхдээ тэдний технологи танай өвлийн улирлыг давж чадах уу гэдэг нь асуудалтай. Хоёрдугаарт, “Женерал Электрик”-ийн салхин турбин 15-20 жилийн турш найдвартай ажиллана. Хямд үнэтэй төхөөрөмж сонгосноор 4-5 жилийн дараа хэрэглэгч нь харамсах тохиолдол бий.

-Cалхины эрчим хүчний төслийн хувьд өөр ямар нэгэн эрсдэл харж байна уу?
-Би өөр эрсдэл олж харахгүй байна. Тухайн төслийн технологийг цаг хугацаанд нийлүүлэх нь чухал. Манай нийлүүлэлтийн сүлжээ маш сайн ажилладаг.

-Монгол Улс эдийн засгийн өндөр өсөлттэй явж байна. Энэ талд таны бодлыг сонсоё?
-Хэрвээ та нар өөр өндөр хөгжилтэй улсын жишээг харах юм бол бүх улсад хөгжлийн замд нь тодорхой бэрхшээлүүд учирсан байдаг. Тухайлбал, байгаль орчны хэтийн төлөв, зам тээвэр, хүн амын шилжин суурьшихтай холбоотой асуудлуудыг хэлж болно. Монгол орны хувьд гол асуудал нь төрийн удирдлагууд эдийн засгийн энэхүү өсөлтийг үр дүнтэй зарцуулж чадах уу гэдэгт чиглэж байна гэж бодож байна. Миний бодлоор хариулт нь “Тийм”. Танай төр, засгийн удирлагууд эдийн засгийн өсөлтийг ард түмэндээ ашигтайгаар зарцуулж чадна гэж бодож байна. Гэхдээ ямар ч хөгжлийн замд бэрхшээл тулгардаг юм.

-Танай компанийн хамгийн сүүлийн үеийн технологийн ололтоосоо хуваалцахгүй юу?
-Бид нэг бүр нь 3 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай салхин турбин үйлдвэрлэхээр зорьж ажиллаж байна. Салхин турбины технологийн тухайд гэвэл, турбины байрлалыг зөв тааруулах нь чухал байдаг. Далбан урт байх тусам илүү их эрчим хүч үйлдвэрлэнэ. Одоогоор салхин турбинд суурилуулж буй 50 метрийн урттай далбан хамгийн уртад тооцогдож буй. Энэ салбарт ажиллаж буй байгууллагуудын хувьд далбангийн бүтэц, хэмжээ, турбины аюулгүй болон урт хугацааны ажиллагааг сайжруулах нь хамгийн том шалгуур байдаг юм.

-2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний эрэлтийн 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай НҮБ-ын нэгэн тайланд дурдсаныг та хэр боломжтой зүйл гэж үзэж байна вэ?
-Энэ бол тун түрэмгий шинжтэй тайлан болсон. Өнөөдөр дэлхийн эрчим хүчний 50 хувийг нүүрсний салбар түшиглэн хангаж байна. Хэрэв НҮБ-ын илтгэл дэх зорилтод хүрье гэвэл одоо ажиллаж, бүх нүүрсний цахилгаан станцыг нар, салхины сэргээгдэх эрчим хүчний технологиор солино гэсэн үг. Харин үүний оронд нүүрсийг яаж аль болохоор байгаль орчинд нөлөөлөл багатай хэлбэрээр ашиглах вэ гэдэг тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

-АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг агаарын чанарын стандартыг сайжруулах зорилтыг ойрын таван жилд энэ улсын олон ДЦС хаагдахаар болоод байна. Энэ талд таны бодол?
-Ойрын жилүүдэд АНУ-ын цахилгаан станцууд хаагдчихна гэж харахгүй байна. Харин ДЦС-ууд хорт бодисын ялгаруулалтынхаа хэмжээг багасгах технологийг нэвтрүүлэх ажлыг илүү хэрэгжүүлэх байх. Миний харж буй асуу­дал гэвэл цөмийн цахилгааны салбартай хамаатай. Одоо АНУ-ын эрчим хүчний нийлүүлэлтийн 17 хувийг цөмийн эрчим хүчний салбар үйлдвэрлэж байна. Тодруулбал, 100 орчим реактор ажиллаж байна. Одоо ажиллаж буй реакторууд 2040 он гэхэд 60 жил ажилласан байх болно. Тухайн үед эдгээр реакторыг солих эсвэл зогсоох хэрэгтэй болно. Өнөөдрийн тооцоогоор одооноос эхлэн 2040 он хүртэл жилд гурван реактор барьж байж ирээдүйд хаагдах эдгээр реакторын орон зайг нөхөх тооцоо гарч байгаа юм. Гэвч Америкт энэ үйл ажиллагаа хэрэгжихгүй байна. Тиймээс бидний хувьд хийн түлш, нүүрсийг ээлтэйгээр ашиглах болон сэргээгдэх эрчим хүчний технологийг онцгойлон анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

-ДЦС-уудад шатааж буй нүүрсний шаталтаас ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах CCS технологийг дэлхийн улс орнууд хөгжүүлж байна. Таны хувьд энэ технологийг юу гэж үздэг вэ?
-Техникийн хувьд энэхүү технологи нь бүрэн боломжтой. Нэг асуудал байгаа нь өртгийн асуудал. Нүүрсний шаталтаас ялгарах нүүрсхүчлийн хийг ангилан ялгаж технологийн хувьд бүгд боломжтой. Гэвч энэ боловсруулах үйл явцын өртөг нь өндөр болоод байгаа юм. Бас нэг асуудал нь ДЦС-аас ялгарч буй нүүрсхүчлийн хийг газар дор хэр зэрэг удаан хадгалж болох вэ гэдэг нь асуудал байгаа юм.