Монголд хөрөнгө босгох боломж байна

“Монгол IPO- 2012” форум өнөөдөр болж өндөрлөлөө. Лондоны хөрөнгийн бирж /ЛХБ/-ийн Олон Улсын хөгжлийн газрын дарга Т.Вирсинг тэргүүтэй гадаад, дотоодын төлөөлөгчид энэ удаагийн форумд оролцсон юм. Монгол Улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр ЛХБ-тэй хамтарч ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн тогтолцоонд зарчмын томоохон өөрчлөлт орж, шинэ үе эхэлж байгаа тул IPO хийж хөрөнгө босгох хүсэлтэй Монголын үндэсний компаниуд болон Монголын компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын хөрөнгө оруулагчдыг хооронд нь зуучлах зорилгоор уг форумыг зохион байгуулж байгаа хэмээн Монголын Хөрөнгийн бирж /МХБ/-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо. Тус форумд Лондоны хөрөнгийн биржийнхэн болон тус хотод төвтэй олон улсын санхүүгийн байгууллага, Хонконг, Сингапурын хөрөнгийн биржийн төлөөллүүд хүрэлцэн иржээ.

Хөрөнгийн зах зээлийн зарчим нь адилхан нэг дүрмээр тоглох учраас энд тунгалаг орчин үүсэх давуу талтай хэмээн МХБ-ийн ТУЗ-ийн дарга Б.Болд форумын нээлтийн үеэр тэмдэглэсэн юм. Тэрээр хөрөнгийн биржийг дэлгүүртэй зүйрлэвэл ямартаа ч бид 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй “дэлгүүр”-ээ нээлээ. Цаашдаа бүтээгдэхүүнүүд нь олон төрөл болж, складны бараа ч гарч ирэх байх аа хэмээн найдаж буйгаа тэмдэглэж байв. Форум нь МХБ болон ЛХБ-ийн стратегийн хамтын ажиллагааны ололт амжилт болон хөрөнгийн зах зээлийн шинэ тогтолцоо сэдвээр хүрээнд эхний хэлэлцүүллэгийг өрнөлөө. Үүний дараагаар Монголын үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгох нь, Дэлхийн санхүүгийн төвөөс хөрөнгө босгох нь, Хөрөнгийн бирж дээр бүртгэгдэх давуу тал ба олон улсаас татах боломж бүхий хөрөнгө гэсэн дөрвөн хэлэлцүүллэгээр үргэлжилсэн юм.

Форумын нээлтийн үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. “Бид эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжих бодлого барьж байна. Манай эдийн засаг санхүүгийн эх үүсвэрийнхээ 5-10 хувийг л хөрөнгийн зах зээл дээрээс босгож байна. Үндсэндээ 90-ээс дээш хувийг арилжааны банкны өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр босгодог. Зах зээлийн бусад орнуудад энэ харьцаа 50:50 хувьтай байдаг. Манай улсад ийм харьцаатай болгох боломж маш их бий. Энэ боломжийг бодитой болгохын тулд мехнанизм нь тодорхой байх ёстой юм. Засгийн газраас энэ асуудлыг зүгээр яриад суух биш, ажил хэрэг болгох, ямар аргаар хийх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд хөрөнгийн зах зээлийг бодитойгоор хөгжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх тухайлбал гадна, дотны ч компаниуд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож байх тэр боломжийг бүрдүүлж өгье гэж ихээхэн чармайж, багагүй ажлын ард гараад байна” хэмээн Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Дэд бүтэц бүрдэж эхэллээ
МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай

- Манай хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний явц хэрхэн өрнөж байгааг дотоодын компаниуд, гадаадын хөрөнгө оруулагч, хөрөнгийн зах зээлд оролцогчдод таниулах зорилгоор энэ удаагийн форум уулзалтыг зохион байгуулж байна. Дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гарах, мөн хөрөнгийн эх үүсвэр хайж байна. ийм цаг үед гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах боломж байна шүү гэдгийг дуулгах нь нэг зорилт. Биржийн шинэчлэлтийн дүнд зах зээлийн дэд бүтцийг нь бүрдүүлж, хууль эрх зүйн болон техник технологийн бэлтгэл ажлыг хангаж байгаагаа хэлэхэд таатай байна. Биржид одоогоор бүртгэлтэй 330 гаруй компанийн хувьцаа арилжаалагдаж байна. Түүхэнд 17 компани IPO хийгдсэн байдаг. Цаашид IPO хийх боломж нэмэгдэнэ.

МХБ-ийн шинэчлэлт тодоор харагдаж байна
ЛХБ-ийн Олон улсын хөгжлийн газрын дарга Т.Вирсинг

-Зах зээлийнхээ дэд бүтцийг хөгжүүлж, хууль зүйн орчныг бүрдүүлж байна. Үнэт цаасны шинэ хуулийн шинэчлэлд МХБ болон ЛХБ-ийн мэргэжлийн баг хамтарч ажилласан. Шинээр шаардлагатай дүрэм журам, бүртгэлийн болон төлбөр тооцооны системийн шинэчлэлтийг бэлэн болгоод батлууллаа. МХБ-ийн шинэчлэлт өөрчлөлт тодоор харагдаж байна. Тухайлбал, Төлбөр тооцооны шинэ системийг нэрлэж болно. Анхдагч зах зээлийн шинэ техник технологи нэвтэрч байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд давхар бүртгэгдэж, Лондоны хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах боломж нээгдэх гэж байна.