Монголд хөрөнгө оруулахад учирч болох улс төрийн эрсдэлүүд

“Reuters” агентлагийн тусгай сурвалжлагч Дэвид Стэнвэй өнгөрсөн онд “Монголд хөрөнгө оруулахад учирч болох улс төрийн эрсдэлүүд” гэдэг нийтлэл гаргасныг манай өдөр тутмын зарим сонинд хөрвүүлэн хэвлүүлсэн байдаг. Тэгвэл “Reuters” энэ оны дөрөвдүгээр сард уг нийтлэлээ шинэчлэн гаргасан нь ихэд сонирхолтой болжээ. Гаднынхны нүдээр харахад Монголын хөрөнгө оруулалтын орчин ямар байдгийг бид эндээс мэдэж болох юм. “Mongolian Economy” сэтгүүл энэхүү нийтлэлийн шинэчилсэн хувилбарыг уншигчдадаа хүргэж байна.

Далайд гарцгүй Монгол орон нь эрдэс баялгийн арвин нөөцтэй. Уул уурхайн томоохон төслүүдэд орж ирж буй асар их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтын буянаар үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн монголчууд итгэдэг. “Rio Tinto”, “Peabody Energy” зэрэг ашигт малтмалын “акул”-ын хөрөнгө оруулалтын бай болоод буй энэ орны эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж мэдэхийг шинжээчид ч хэлдэг.

Дэлхийд дээгүүрт жагсах Тавантолгойн төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улс нүүрсний тал дээр бүс нутгийнхаа гол тоглогч болох хандлагатай. Уг ордын Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах уралдаант шалгаруулалтын хураангуй жагсаалт гарчихсан байгаа юм. Түүнчлэн “Эрдэнэс МГЛ” компани “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийх хөрөнгө оруулалтын банкуудаа шалгаруулчихлаа. Үүний зэрэгцээ зургаан тэрбум ам.долларын Оюутолгойн уурхай 2013 онд ашиглалтад орсноор Монгол орон Чилийн дараа орох зэсийн томоохон үйлдвэрлэгч болох төлөвтэй. Гэвч гаднын хөрөнгө оруулагчид энэ оронд ажиллахаар сэтгэл шулуудахаасаа өмнө бодолцох зүйл их бий. Ардчиллын “ангаахай” гэж болох Засгийн газар нь шаардлагатай дэд бүтцийг бий болгох уу, улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадах уу, хууль эрх зүйн орчноо сайжруулж дийлэх үү. Мөн хамгийн чухал нь урд, хойд хөрш болох БНХАУ, ОХУ-ын геополитикийн дарамтыг зохицуулж, өөрийн хөгжлийн замаа олж чадах уу? Монголд байж болох эрсдэлүүдийг энд тоймлон хүргэе:

Улс төрийн тогтворгүй байдал

Монголын ардчилсан Засгийн газрын “бааштай” зан нь гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийг хүнд байдалд оруулж мэднэ. Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ л гэхэд улс төр болон хууль зүйн тодорхой бус нөхцөл, орон нутгийнхны шаардлага хийгээд гэнэт гарч ирсэн 68 хувийн татвар зэргээс болж таван жил сунжирсан билээ.
Түүнчлэн Монголын төр засгийн эрх баригчдын дунд халаа сэлгээ элбэг гардаг нь санаа зовоох асуудал юм. Эрдэс баялгийн нөөцийг төрөөс хатуу хянах, ард түмэндээ тэгш хуваарилах зэрэг гоё амлалтаар Монгол орны удирдагчид амь торгоож байна. Тиймээс шинжээчид энэ орны улс төрийн намуудын сул дорой байдал хийгээд хууль зүйн муу зохицуулалтад нэлээд гомдоллодог. Ялангуяа авлига нь Монгол Улсын хувьд удаан оршин тогтнох төлөвтэй. “Transparency International” агентлагийн гаргадаг авлигын индексээр Монгол Улс 2008 онд 102 дугаарт жагсаж байсан бол 2009 онд 120 дугаарт орж, “тушаал буурсан” юм. Харин 2010 онд ялимгүй дээшилж, 116 дугаарт багтсан байна.

Юуг анхаарах вэ?

-Монголын эрх баригчид эрдэс баялгийн орлогоо хэрхэн зарцуулах вэ? Төсвийн тогтвортой байдлыг хангаж, боловсролд анхаарна хэмээж байгаа ч ард түмэндээ бэлэн мөнгө тараана гэсэн амлалт байсаар л байна.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлж байгаа энэ үед Монголын Засгийн газар эдийн засгийн огцом өсөлт хийгээд түүний аюулгүй байдлыг хэрхэн зохицуулах вэ? Зэс, алтны Оюутолгойн төсөлд оруулж буй санхүүжилтийн хэмжээ л гэхэд дангаараа тус улсын 2009 оны ДНБ-тэй дүйцэж буй.

Зохицуулалтын эрсдэл

Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэг­­­дорж Засгийн газар уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын хууль журмуудыг тодорхой болгож цэгцэлтэл ашигт малтмалын лиценз олгох, шилжүүлэх явдлыг зогсоох тушаал гаргасан. Олон жилийн турш Монголд ажилласан хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь маш тодорхой бус байдлыг бий болгосон билээ.

Энэ юу ч биш. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд эхний ээлжинд алтны 254 лиценз цуцлах шийдвэр гарсан, цаашид уул уурхайн 1700 орчим тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдгээ зарласан юм.

Юуг анхаарах вэ?

-Шинэ хуульд орох өөрч­лөлтүүд ямар байх бол?
-Иргэний хөдөлгөөнүүдийн да­­рамтад Засгийн газар өртөн, страте­­­гийн ач холбогдолтой ордуу­­­дад хатуу хяналт тавих уу?

Орос, Хятадаас хараат байдал

Монголын хараат бус байдал ямар тогтворгүй болохыг 2002 оны үйл явдал харуулсан юм. Төвдийн үзэл бодлын лидер Далай лам Улаанбаатарт уригдан ирэх үед Бээжин энэ айлчлалыг эсэргүүцэн, төмөр замын шугамаа хоёр хоногийн турш хаасан билээ. Ингэснээр 500 орчим зорчигч саатсан удаатай.

Чин династи нурж унаснаас буюу 1911 оноос монголчууд тусгаар тогтнож эхэлсэн ч гэлээ БНХАУ 1950 онд л Монгол Улсын хэрэгт оролцохоо байсан. Гэвч одоо ч Хятад улс Монголын эдийн засагт чухал байр суурь эзэлж байгааг өнгөрсөн оны нийт экспортынх нь 84 хувийг худалдаж авсан явдал гэрчилнэ биз ээ. Түүнчлэн Хятадаас орж ирдэг ажиллах хүчний урсгал Монголын уул уурхайн салбарыг эзэлснээр улам эрчимжих төлөвтэй хэмээн монголчууд айж байгаа.

Оросын талаас ч мөн мон­­­голчуудыг чадахаараа дарам­­­талдаг. Энэ нь ялангуяа ураны салбарт нэлээд ажиглагдаж буй. Канадын “Khan Resources” өөрийг нь зайлуулахын тулд монголчуудыг араас нь өдөөн хатгаж, хөндлөн­­­гөөс оролцсон хэмээн Москваг буруутгасан явдал гэрчилнэ. Монголыг “эзэгнэх” хоёр орны өрсөлдөөн бүр тээврийн дэд бүтцийг ч томоохон асуудалд унагасан. Геополитикийн энэ маргаан төмөр замын цариг болон шугамыг тойрон явагдсан юм. Нэгдүгээр “раунд”-ыг эцэстээ ОХУ хожиж, Монголын Засгийн газар өргөн царигтай төмөр замыг Тавантолгойгоос Оросын хил хүртэл тавихаар болов.

Монгол Улс Орос, Хятадын сонирхлыг эвтэйхэн тэнцвэржүүлж, “гуравдагч хөрш”-ийн бодлого ба­­­римтлан урагшаа алхахыг эрхэмлэж байна. Гэвч ямар ч орон Монголоос ОХУ, Хятадын нөлөөг арилгаж, Монголын хараат бус байдлыг ба­­­тал­­­гаажуулах чадваргүй гэж шин­­­жээчид анхааруулж байгаа юм. Монгол орон эрдэс баялгаа хурдхан ашиглах хүсэлтэй байхад томоохон төслүүдийнх нь дийлэнх хэсэг нь геополитикийн асуудлуудын буланд шидэгджээ.

Юуг анхаарах вэ?

-Монголын эдийн засагт эзлэх Хятадын нөлөө томорч байгаагаас олон монгол элит Оросын замаар явахаар сэтгэл шулуудаж байна. Гэвч Хятадууд тоглоомоос гарах нь юу л бол. Түүнчлэн Монголын автозам болон төмөр зам хаана, ямар маягаар баригдаж байгаа тухай ярих зүйл их гарч мэднэ.