Монголчуудад боломж байна. Гэхдээ . . .

Манай Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг нэгтгэж, зөвлөлдөх боломжийг бүрүүлдэг “Invest Mongolia 2013” чуулга уулзалт өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Чуулганд гадаад дотоодын 60 гаруй илтгэгч, 250 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.
Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнэ навс унаж, зэсийн үнэ дорвитой өсөхгүй байгаагаас үүдэн Монголын эдийн засгийн өсөлт саарсан. Мөн хууль эрх зүйн тотворгүй орчин хөрөнгө оруулагчдыг үргээчихээд байгаа энэ үед “Invest Mongolia 2013”-д оролцох бизнес төлөөлөгчид ч цөөрсөн талаар зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
Чуулганы үеэр Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон гадаад дотоодын бизнесийн болон банк санхүүгийн төлөөлөгчид оролцож эдийн засаг, уул уурхайн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Чуулганд оролцогчдын анхаарлыг татаж байгаа гол асуудал бол хууль эрх зүйн орчин байлаа. “CRU China” компанийн гүйцэтгэх захирал Жон Жонсон “Хөрөнгө оруулагчид тодорхойгүй байдалд дургүй. Тиймээс хууль эрх зүйн орчин урт хугацаандаа тогтвортой байх хэрэгтэй. Мөн ойлгомжтой байх учиртай” гэв. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар Монголын хуулийн ихэнх нь тунхагийн шинжтэй, хэрэгжих боломжгүй байдаг талаар шүүмжилж байлаа. Харин Монголын эдийн засагчид ирэх намрын чуулганаар хуультай холбоотой тодорхойгүй байдал цэгцрэх байх гэдэг хүлээлттэй байсан юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуун “Өнөөдөр валютын ханш савлаж, хөрөнгө оруулалт буурч, улсын төсөв алдагдалтай гарч эдийн засаг тааруу байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар авч үзэхээр яригдаж байгаа тул хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх боломж гарч ирнэ гэж найдаж байна. Хэрвээ хөрөнгө оруулагчдын итгэл сайжирвал эдийн засгийн эдгээр таагүй нөхцөл байдал бага багаар сайжрах байх” гэсэн юм.
Уул уурхайн уналтын байдал үргэлжилж байгаа энэ цаг үед ч монголчуудад боломж байгаа талаар хэлэх хүн олон. Учир нь Монгол Улс, Хятад гэх дэлхийн хамгийн том зах зээлтэй ойрхон оршдог. Гэтэл энэ давуу талаа ашиглаж чадахгүй байгааг “Invest Mongolia 2013”-д оролцогчид шүүмжилж байсан юм. Тухайлбал, одоогоор өмнөд хөрш уруу экспортолж байгаа нүүрсийг автомашинаар тээвэрлэж буй нь нүүрсний өртөг зардлыг асар ихээр нэмэгдүүлж байгаа. 2013 оны эхний улирлын байдлаар тээврийн зардал нь бүтээгдэхүүний өөрийн бүрэн өртгийн 40 орчим хувьд хүрсэн байна. Тиймээс Тавантолгойн ордоос олборлосон коксжих нүүрсийг гол хэрэглэгч болох Хятад руу тээвэрлэх төмөр замын дэд бүтцийг бий болгох ажлыг Засгийн газрын зүгээс яаравчлах ёстойг талууд анхааруулсан юм. Хэрвээ алсдаа Япон, БНСУ-ын төмөрлөгийн үйлдвэрт монголчууд нүүрс нийлүүлэх зорилготой бол энэ төрлийн дэд бүтцийг зайлшгүй бий болгох шаардлагатай. Хэрвээ энэ тал дээр эртхэн анхаарал тавихгүй бол манай улс Австрали, Канадтай өрсөлдөх боломжгүй гэдгийг “CRU China” компанийн гүйцэтгэх захирал Жон Жонсон анхааруулсан.
Дараагийн чухал асуудал бол Монгол Улсад уул уурхайгаас өөр ямар эдийн засгийн боломж байна вэ гэдэг юм. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Монголчууд экспортлогч орон болохын тулд эдийн засгаа төрөлжүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолохоос гадна эрчим хүч экспортлох боломж байгаа. Тэр дундаа цэвэр эрчим хүчийг Япон, Солонгост нийлүүлэх эрэлт хэрэгцээ байна” гэв. Ер нь манай улсад уул уурхайгаас гадна эдийн засгаа тэтгээд явчих хэд хэдэн салбар байгаа аж. Тухайлбал, хөрөнгийн бирж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд уул уурхайгаас хараат бусаар хөгжөөд явах боломжтой олон салбарыг хөгжүүлэхэд Засгийн газрын бодлого хэрэгтэй байгааг талууд анхааруулж байлаа. Гэхдээ эдгээр салбарыг хөгжүүлэхэд өнөөх л гаднын хөрөнгө оруулагчид чухал байр суурьтай. Тиймээс төр, засаг зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбарт ч мөн адил урт удаан хугацаанд тогтвортой, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг хэлэх хүн олон байсан юм.