Монголчуудын бүтээн байгуулалт

Mongolian Economy
2020-08-07 10:55:46

Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш монголчууд өөрсдийн гараар амжилттай хийж буй бүтээн байгуулалт бол яах аргагүй барилгын салбар. 1985-1989 онд оргилдоо хүрч байсан барилга үйлдвэрлэл дараагийн таван жилд ёроолдоо тултал хумигдсан юм.

1992 онд барилгын ДНБ -40 хувь болтлоо агшсан бөгөөд 1989 онтой харьцуулахад хөрөнгө оруулалт нь 1995 онд 3.3 дахин багасаж, үйлдвэрлэл нь 3.6 дахин саарч байжээ. Шилжилтийн өмнөх жилүүдэд салбарын үйлдвэрлэлийн 65 хувийг өөрсдөө, үлдсэнийг нь гадаад ажилчид гүйцэтгэж байсан бол уналттай жилүүдэд энэ харьцаа эн тэнцүү болсон гэдэг. Хэдийгээр амаргүй цаг хугацаа байсан ч итгэл найдвар төрүүлж байсан нэг зүйл бол хувийн хэвшлийн оролцоо тасралтгүй нэмэгдэж байсан явдал.

1996 онд барилгын ажлын 65 хувийг хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэж байсан бол 2000 онд 81, 2003 онд 84.3 хувь болсон байв. Гэхдээ энэ үед улсын төсөв болон санхүүгийн салбараас орж ирэх хөрөнгө оруулалт татарснаар гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж эхэлсэн байна. 2003 оноос Монголд газар хувьчлал эрчимтэй өрнөснөөр нь хот суурингийн газар үнэд орж, өндөр байшин барилгууд сүндэрлэж эхлэв. Эхэн үедээ бага дүнтэй, жижиг байшин барилгууд босож байсан ч 500 сая төгрөгөөс дээш үнэтэй ажил гүйцэтгэх компаниудын тоо жилээс жилд нэмэгдсээр байв.


Хэдийгээр барилгын салбар сэргэж байсан ч ард иргэдээ орон сууцжуулах бодлого нэг л амжилттай болохгүй байв. 100 мянга, 40 мянган айлын гэх мэт орон сууцны хөтөлбөрийг үе үеийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан ч 2013 оноос л орон сууцжуулах бодлого байгаа онож эхэлжээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш жилд 550 орчим тэрбум төгрөг барилгын салбарт цутгаж байлаа. 2019 оны байдлаар 94 орчим мянган өрх нийт 4.3 их наяд төгрөгийн ипотекийн зээл авсан байна.

Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа эрх баригч хүчин солигдож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас ипотекийн эрч илт саарав. 2017 онд Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосноор ипотекийн зээлийн санхүүжилт огцом татрав.
Эдийн засагчид, судлаачдын дүгнэж буйгаар тус хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын үйлдвэрлэлд орон сууц жин дарж эхэлсэн байна. Барилгын зах зээлийн тэн хагас нь орон сууцны эрэлтээр өдөөгдөхийн зэрэгцээ энэ салбар үндэсний үйлдвэрлэлд ихээхэн дэм болсон. 2016 оны байдлаар монголчууд цемент, арматур гэх мэт барилгын 24 нэр төрлийн түүхий эдийн долоог нь дотоодоос бүрэн хангаж, 12 түүхий эдийн 60 хүртэлх хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болж, улирлын хамаарлыг бууруулсан юм. Бас өрхийн хуримтлалыг дэмжиж, импортоор өдөөгддөг валютын ханшийн савлагааг бууруулсан, ажлын байрыг тогтвортой хадгалсан гээд нийт эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт нь ипотекийн хөтөлбөрийн үр дүн юм.

Цаашид уг бодлогыг тогтвортой авч явах сорилт төр, засгийн удирдлагуудад оногдож буй. Нэг талаас хөнгөлөлттэй зээлд зорилтот бүлгийг хамруулах, нөгөө талаар хот руу нүүдэллэх их шилжилтийг даган бий болсон агаар, орчны бохирдлыг бууруулахад ипотекийн хөтөлбөр чиглэх ёстой нь нэгэнт тодорхой болжээ. Барилгын салбарт бий болсон өсөлт өдгөө АХБ-тай хамтран “Иргэдийн орлогод нийцсэн, эко орон сууц”-ны төсөл, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдээр үргэлжилж  буй.

Mongolian Economy