Монголчууд газрын ховор элементээ АНУ, Япон, БНСУ-д нийлүүлнэ

Монгол Улсын газрын ховор элемент экспортлогчид АНУ-ын Калифорни мужийн “Green Technology Solutions” компанитай гэрээ хийж, хамтарсан компани байгуулах болсныг “Синьхуа” агентлаг хоёрдугаар сарын 10-нд мэдээлэв. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай цэвэр технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ АНУ, Япон, БНСУ зэрэг газрын ховор металлын эрэлтээрээ тэргүүлэх орныг нийлүүлэлтийн хомсолд оруулахгүй байх тухай дээрх гэрээнд тусгажээ. “Газрын ховор элементийн нийлүүлэлт тогтвортой байх нь эдгээр орны эдийн засагт амин чухал” хэмээн “Green Technology Solutions” компанийн захирал Жон Шеарер онцолсон байна.

Монголын газрын ховор элементийг төмөр замаар ОХУ-ын Владивосток далайн боомтод хүргэж, тэндээсээ АНУ, Япон, БНСУ-ын зах зээлд нэвтрүүлэх тухай гэрээнд заасан аж. АНУ-ын Геологийн судалгааны газрын 2009 оны таамаглалаас үзэхэд Монгол Улс 31 сая тонн газрын ховор металлын нөөцтэй байх магадлалтай. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 16.77 хувийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ Монголыг Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх газрын ховор металлын эзэмшигч болгож байна гэж “Синьхуа” агентлаг онцолжээ.