Монголын банк, даатгалын салбарынхан хурдан суралцаж, авхаалжтай ажиллах хэрэгтэй байна



"Тэнгэр" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Магваны Болдтой ярилцлаа. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй тэрбээр АНУ-ын Колумбын их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан ажээ. Банкны салбарт 20 гаруй жил ажилласан М.Болд АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн зөвлөх, түүнчлэн хэсэг хугацаанд Афганистан улсын Төвбанкны зөвлөх хийж байв. 1996-2000 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан тэрбээр эдүгээ “ХасБанк”, “ХасЛизинг”, “Тэнгэр Даатгал”, “Тэнгэр Сольюшнс”, “ХасСекьюрити”, “Тэнгэрлиг Инвестментс” компанийг өөртөө багтаасан санхүүгийн том хөлөг онгоцыг жолоодож яваа хүнийхээ хувьд Монголын банк, санхүүгийн салбар, мөнгөний бодлогын талаар сонирхолтой яриа дэлгэсэн юм.

-Монголын санхүүгийн салбарын эрүүл мэнд ямаршуу байгаа вэ?

-Эдүгээ манай санхүүгийн салбарт банк давамгайлж байгаа шүү дээ. 10-20 жилийн өмнөхийг бодвол банкуудын үйл ажиллагаа илт сайжирч, эрүүл явж байна. Олон улсын түвшинд хүрэх болоогүй ч гэсэн ойртож яваа гэж хэлж болно. Харин хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын хөгжил дорой, үр хөврөл төдий л байгаа.

-Манай санхүүгийн салбарын 95 гаруй хувийг банкны сектор дангаараа эзэлдэг гэдэг. Хөрөнгийн зах зээл, даатгалын үйлчилгээ яагаад хөгжихгүй байна вэ?

-Хөрөнгийн зах зээл болон бусад санхүүгийн үйлчилгээ хөгжихөд хүмүүсийн мэдлэг, ур чадвар л хамгийн чухал юм. Тухайлбал, даатгалын ком­паниудад ажиллах хүнийг бэлтгэх боловсролын систем байх хэрэгтэй. Мөн тэдгээрийг хянаж, шалгах багийн мэдлэгийг олон улсын түвшинд хүргэх шаардлагатай байна. Ер нь бүхий л зүйл хүнээс хамаарч байдаг шүү дээ. Үүний хажуугаар хөрөнгийн зах зээл хөгжих хууль эрх зүйн үндэс Монголд байхгүй гэхэд болно. Хувьцаат компаниуд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт нэвтрүүлээгүй, ил тод байдал хангадаггүй, санхүүгийн тайлангаа зохих журмаар гаргадаггүй учраас хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэхгүй байна. Мөн бизнесийн маргаан гарлаа гэж бодоход түүнийг шударгаар түргэн шуурхай шийдвэрлэх шүүхийн тогтолцоо ч тааруу байна шүү дээ. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэж байж л хөрөнгийн зах зээл, даатгалын компаниуд хөгжиж чадах болов уу.

-Эрдэс баялгийн салбар тэлж байгаа нь санхүүгийн зах зээлд сайнаар нөлөөлнө гэсэн хүлээлт бий. Гэвч Монголд ажиллаж байгаа гадаадын уул уурхайн компаниуд даатгал болон бусад санхүүгийн үйлчилгээгээ хилийн чанадаас авч байгааг юу гэж боддог вэ?

-Санхүүгийн байгууллагууд харил­цагчгүйгээр дангаараа оршин тогтнох үндэс байхгүй учраас уул уурхайн хөгжил санхүүгийн салбарт тодорхой хэмжээгээр нэмэр болно. Гэвч өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон уул уурхайн төс­лүүдэд шаардагдах хөрөнгийг до­тоодын санхүүгийн байгууллагууд гаргаж өгч чадахгүй байна. Бага хэмжээний зээлийг бол банкууд өгч болж байгаа. Дотоодын даатгалын компаниудын хувьд олон улсын түвшинд хүрээгүй байна. Тиймээс уул уурхайн төслүүд ажлаа түргэн шуурхай явуулах үүднээс банкны болон даатгалын үйлчилгээг гадаадын компаниудаас авдаг. Монголын банк, даатгалын байгууллагууд хурдан суралцах, авхаалж самбаатай ажиллах л хэрэгтэй байна. Түүнээс биш гомдол нэхээд суух нь буруу л даа.

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг их сонирхох боллоо. Үүнтэй холбоотойгоор хилийн чана­даас хэтэрхий хамааралтай болчих вий гэсэн айдас төрж байна. Дотоодын хөрөнгө оруулагчдыг бий болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Өнөөдөр монголчууд ядуу байна шүү дээ. Хувь хүн, өрх гэр, аж ахуйн нэгжүүд нь ч хөрөнгө мөнгөөр тарчиг учраас илүүдэл хөрөнгө оруулалт хийх нөөц бололцоо хомс байгаа юм. Цөөн тооны уул уурхайн компани л хөрөнгө мөнгөний хувьд арай дээрдэж, шинэ төсөл, үйлдвэрлэлд хөрөнгө оруулах бололцоо нээгдэж байгаа. Ийм төрлийн үндэсний компанийн тоог л олшруулах бодлого хэрэгтэй байна.

-“Тэнгэр” санхүүгийн нэгдлийн хувьд үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх бодолтой байгаа вэ. Хэтдээ олон улсын зах зээлд хувьцаа гаргах төлөвлөгөө бий юү?

-Цаашдаа олон улсын зах зээлд гарахаас өөр замгүй. Өнөөдөр монголчууд зам барья, цахилгаан станцтай болъё, орон сууцанд оръё гэхээр мөнгө байхгүй байна. Тэр мөнгийг одоогоор гадаадаас л авна шүү дээ. Уул уурхайн төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр бас л мөнгө алга. Тиймээс гадаадаас л мөнгө татахаас өөр аргагүй. Гэхдээ үүнээс нэг их айх хэрэг байхгүй болов уу. Америкчууд Хятадаас 1.2 их наяд, Японоос 900 тэрбум долларын зээл авсан байна шүү дээ. Дэлхийн номер нэг эдийн засаг хүртэл ийм их хэмжээний зээл авчихсан байна.

-Гэхдээ Монголын тэтгэврийн сан, даатгалын компаниудын нөөц бололцоо сайн гээд байгаа. Үүнийгээ ашиглаад дотоодын институционал хөрөнгө оруулагчдыг бий болгох хэрэгтэй, тэгвэл гадаадаас хэт хамааралтай байхаас сэргийлж чадна гээд байдаг шүү дээ.

-Тэтгэврийн санг урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох асуудал бол үнэхээр тулгамдсан, хийх ёстой ажлуудын нэг. Гэхдээ энэ нь шинэ асуудал огтхон ч биш юм. Бусад оронд олон 10 жилийн өмнөөс туршаад, хэрэгжүүлээд, амжилттай явж байгаа. Гэтэл үүнийг монголчууд одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа нь санхүүгийн зах зээлийн хөгжлийг хойш нь татаж байна л даа. Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр байхгүй өнөө үед бага ч гэсэн байгаа боломжоо ашиглаж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй л хэрэг юм. Харин даатгалын компаниудын хувьд одоогоор нөөц бололцоо хомс байгаа.

-Та өмнө нь Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан, одоо хувийн хэвшлийн төлөөлөл болж байгаа хүнийхээ хувьд мөнгөний бодлогыг юу гэж боддог вэ?

-Төвбанк хуулиараа бие даасан , улс төрийн нөлөөллөөс ангид байх эрхээр хангагдсан байдаг. Энэ байдлаа сайн хадгалж, мөнгөний бодлогоо явуулах л чухал байна. Гэхдээ мөнгөний бодлого дангаараа явах боломжгүй л дээ. Сангийн бодлого, татварын бодлого, УИХ-ын шийдвэрээс шууд хамаардаг.

-Монголбанк сүүлийн үед мөнгөний бодлогоо чангаруулж эхлээд буйгаа төсвийн зарлага нэмэгдэж байгаатай холбон тайлбарладаг. Таны хэлснээр бэлэн мөнгө тараах улстөрчдийн шийдвэр мөнгөний бодлогод нөлөөлж байна уу. Энэ нь банк, санхүүгийн салбарт яаж тусах бол?

-Нэгэнт төсвийн зарлага тэлээд ирэхээр мөнгөний бодлогыг чан­галахаас өөр аргагүй байдаг. Төсвийн зардал нь ч тэлээд, мөнгөний бодлого нь ч сул байвал инфляци талийна шүү дээ. Энэ бол сурах бичиг дээр байдаг ойлголт. Мөнгөний бодлогыг хатууруулна гэдэг нь зээлийг хязгаар­лана гэсэн үг. Бодлогын хүү өсөөд ирэхээр банкууд Төвбанкны үнэт цаас аваад, аж ахуйн нэгжүүдэд өгөх зээлээ багасгачихдаг. Тэгэхээр үйлдвэрлэл, үйлчилгээнд нийлүүлэх байсан мөнгө Төвбанк руу явчихна гэсэн үг. Тиймээс Монголбанк мөнгөний бодлогоо хатуу­руулахдаа хавтгайруулж биш, ялгавартай хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэглээний зээлд тавих шал­гуураа чангалаад, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай зээлд тавьж буй шалгуураа зөөллөх ёстой. Тухайлбал, махны үйлдвэрлэлд олгох зээл буурахад эргээд махны үнэ нэмэгдэнэ, үр дүнд нь инфляци өснө шүү дээ.
Харин бэлэн мөнгө тараах асуудлыг үнэхээр хэрэгцээтэй байгаа эмзэг бүлэг рүү л чиглүүлнэ үү гэхээс биш, одоогийнх шиг эрүүл саруул хүмүүст өгөөд байх нь улс орныг мөхөл рүү явуулж байгаа хэрэг. Хүмүүсийг ажиллах чадваргүй болгож байна шүү дээ.

-Таван жилийн дараа манай санхүүгийн салбар ямар түвшинд очсон байх бол?

-Таван жилийн дараа Монголын санхүүгийн салбар 10 дахин нэмэгдэнэ гэсэн таамаглал гарсан байсан. Тэрийг би бодитой гэж үзэж байгаа. Эдийн засаг дахь үр нөлөө нь ч үүнийг дагаад нэлээд нэмэгдэх болов уу.

-Санхүүгийн байгууллагуудыг харилцагчгүйгээр төсөөлөхийн ар­гагүй гэж Та хэлсэн. Тэгвэл мон­голчуудын хувьд санхүүгийн үйл­чилгээ хэзээ хүртээмжтэй болсон байх бол. Өнөөдөр тухайлбал, зээл авахад өндөр хүүтэй, шалгуур ихтэй байгаа шүү дээ.

-Нэг хүнд ногдох зээл олголтоороо Монгол дэлхийд тэргүүлж байгаа шүү дээ, манайхан л өөрсдөө мэдэхгүй байгаа болохоос биш. Дэлхийн банкны харъяа байгууллагын аль 2006 онд гаргасан судалгаагаар бичил зээлээр манай орон дэлхийд хоёрдугаарт явж байна. Тэгэхээр зээлийн хүртээмжийн хувьд муу биш гэж ойлгож болно. Ер нь хүн бүр зээл авах нь зохимжгүй. Бусад орон ч зээлд умбаад байдаггүй. Монголчуудын хувьд хамгийн тул­гамдсан асуудал бол зээлийн хүү өндөр байгаа явдал юм.

-Зээлийн хүүг бууруулах хэрэгтэйг хүн бүр ярьдаг. Сүүлийн жилүүдэд бага багаар буурсан ч гэсэн дорвитой үр дүн алга байх шиг. Яагаад Монголд зээлийн хүү ийм өндөр байдаг юм бэ?

-Нэгдүгээрт, бэлэн мөнгө тараагаад байхаар бараа, үйлчилгээний үнэ дороо нэмэгдчихдэг. Яагаад гэвэл Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч биш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ дандаа гаднаас авчирдаг. Тиймээс мөнгөний тоо хэмжээ нэмэгдэхэд хязгаарлагдмал тоо хэмжээтэй бараа, бүтээгдэхүүний үнэ л өснө. Тэгээд л төгрөгийн ханш унана. Инфляци 15 хувь байна гэж бодоход 100 төгрөг 85 төгрөг болчихно л гэсэн үг. Эсвэл 100 төгргөөр авч байсан талхыг 115 төгрөгөөр авна гэж ойлгож болно. Тэрийг дагаад яах вэ гэхээр хадгаламжийн хүү өснө. Банкинд мөнгөө хадгалуулах хүмүүс дор хаяж 15 хувийн хүү шаардана шүү дээ. Мөнгөнийхөө үнэ цэнийг алдахыг хэн ч хүсэхгүй. Хэрвээ банкууд хүүгээ өсгөхгүй бол хүмүүс автомашин, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж авдаг ч юм уу, хадгаламжаас өөр хөрөнгө оруулалт эрээд явчихна. Тиймээс банкууд мөнгийг хуримтлуулж, эх үүс­вэр бүрдүүлэхийн тулд өндөр хүү амлахаас аргагүй. Тэрийгээ цааш зээл болгож гаргахдаа өөрийнхөө зардал, ашгийг нэмээд ирэхээр хүү бүр ч өндөр болох нь гарцаагүй. Ийм л чөтгөрийн тойрог шиг юм болчихоод байгаа юм. Банкууд өндөр хүүтэй зээл өгөөд байна гэсэн ойлголт байдаг. Гэтэл банкууд хүссэндээ биш, олж байгаа эх үүсвэр нь өндөр хүүтэй учраас л тэгж байгаа хэрэг.
Хоёрдугаарт, монголчууд хуримт­лалгүй, ядуу байна. 2000 хадгаламж эзэмшигч нийт хадгаламжийн 40 хувийг бүрдүүлж байна. Гэтэл нийт хадгаламж эзэмшигчийн 90-ээд хувь нь үлдсэн 60 хувийг эзэмшиж байгаа юм. Үүнээс монголчуудын бэл бэнчин маш дорой, муу байгаа нь харагдаж байгаа биз. Монголчууд элбэг дэлбэг амьдралтай, орлого сайтай байвал мөнгөний бодит хэмжээ нэмэгдэж, тэр хэрээр зээлийн хүү буурах ёстой л доо. Аливаа зүйл хомсдолтой байгаа нөхцөлд үнэтэй байдаг шүү дээ. Талх, мах хомсдолтой байвал үнэ нь өсдөгтэй ижил юм. Өөрөөр хэлбэл, нийт мөнгөний хэмжээ хомс байгаа учраас мөнгөний үнэ цэнэ өндөр байна.

-Хадгаламжийн хүү өндөр бай­гаатай холбоотойгоор “халуун мөнгө” орж ирээд байна гэж мэр­гэжилтнүүд ярьдаг. Энэ нь манай санхүүгийн салбарын хувьд хэр эрсдэлтэй вэ?

-Том эсрдэл мөн л дөө. Төвбанк бод­логын хүүгээ нэмчихээр банкууд дагаад хүүгээ өсгөнө. Хадгаламжийн хүү ч нэмэгдэнэ. Тэгэхээр хүмүүст гадаадын банкуудад жилийн 0-2 хувийн хүүтэй байгаа мөнгөө Монголын 12-13 хувийн хүүтэй хадгаламжид оруулах сонирхол төрнө. Мэдээж гаднынхан бага хугацаанд их ашиг олохын тулд л мөнгөө Монголын банкинд оруулна. Гэтэл ийм мөнгө тогтворгүй байдаг. Нийгэм, эдийн засгийн ялимгүй тогтворгүй байдал үүсэхэд л шууд гараад явах эрсдэлтэй учраас “халуун мөнгө” гэж нэрлээд байгаа юм шүү дээ.

Ингээд бодохоор Төвбанк мөнгөний нийлүүлэлтийг багасгах зорилгоор бодлогын хүүгээ нэмж байгаа нь харин ч эсрэгээрээ, төгрөгийн нийлүү­лэлтийг нэмэгдүүлэх талтай. “Халуун мөнгө” ороод ирлээ гэхэд долларын хадгаламжийг хэзээ л бол хэзээ төгрөг рүү шилжүүлэх хэрэг гарч мэднэ. Энэ нь хэдэн зуун сая биш, хэдэн тэрбумаар тоологдох их мөнгө байвал яах билээ? Хатуу мөнгөний бодлого явуулах гэсэн биш, харин ч зах зээлд төгрөг нийлүүлчихэж байгаа хэрэг болно.

-Нэгэнт л эрсдэлийн тухай ярьж эхэлсэн болохоор банкны сал­барын эрсдэлийн удирдлагын тухай бодлоо хуваалцахгүй юу. Дэлхийн эдийн засаг дахиад хямарч, уналтад орж мэднэ гэсэн болгоомжлол сүүлийн үед төрөөд байгаа. Энэ тохиолдолд Монголын банкуудын бэлтгэл ямаршуу байгаа бол.

-Санхүүгийн байгууллагуудын эрс­­­­­­­дэлийн удирдлага 10-20 жилийн өмнөхөө бодвол эрс сайжирсан. Монголын банкны салбар 4-5 хямралтай нүүр тулж үзлээ шүү дээ. Энэ бүхнийг даваад гарсан банкууд нэг ёсондоо хямралын эсрэг вакцин сайн хийлгэж авсан гэж болно. Гэхдээ биеэ тоож болохгүй л дээ. Бэлтгэлтэй байх ёстой. Хямрал болоход яах вэ гэсэн арга чаргаа банкууд сайн мэддэг болсон.

-2008 онд зэсийн үнэ огцом унахад манай гадаад валютын нөөц дундарч, ханш савалж, банкууд хэцүү байдалд орсон. Дахиад ийм байдал давтагдахгүй гэсэн баталгаа бий юү?

-1990 он хүртэл Монгол Улс зөвхөн зэсийн үнээс л хамааралтай байлаа. Зэсийн үнэ сэргэвэл монголчуудын амьдрал гайгүй болдог, унавал доройт­дог. Харин өнөөдөр арай өөр. Зэсээс гадна нүүрс, алт, газрын тос, төмөр, жонш зэргийг олборлоод гаргаад эхэлсэн. Тэгэхээр гадаад зах зээлийн цохилтод арай тэсвэртэй болсон болов уу.
Гэхдээ л энэ нь тайвшрах зүйл биш. Уул уурхайн орлогоороо бусад салбараа хөл дээр нь босгож байж л Монгол Улс хөгжилд хүрнэ. Ашигт малтмал бол хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед монголчууд оюун ухааныхаа чадлаар эдийн засгаа аваад явах чадвартай болсон байх ёстой. Монгол цөөхөн хүн амтай болохоор олон зуун сая хүнтэй бусад оронтой өрсөлдөхийн тулд монгол хүн бүр хөдөлмөрийн чадвартай, боловсролтой байх ёстой л доо. Тиймээс хүнийхээ оюун ухаан, ур чадварт оруулах хөрөнгө оруулалт л хамгийн чухал.

-Бичил зээлийн хүртээмжээр Монгол Улс дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг тухай Та хэлсэн. “ХасБанк” бичил зээлээр нэлээд удаан дагнасан учраас энэ салбар Монголд ямаршуу байгааг Та сайн мэдэх байх.

-“ХасБанк” анх бичил зээлээр эхэлж байсан. Одоо энэ салбар Монгол Улсын хэмжээнд бусад оронтой харьцуулахад нэлээд хөгжсөн байна. Бичил зээлийг одоо бол бүх банк олгож байна. Дээрээс нь 150 банк бус санхүүгийн байгуулллага, 300 хадгаламж зээлийн хоршоо бүгд бичил зээлээр дагнаж байгаа. Харин “ХасБанк”-ны хувьд одоо жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл нийт зээлийн багцын 50 хувийг эзэлж байхад бичил зээл 20 хувьд ч хүрэхгүй байна. Орон сууцны зээл 20 хувийг нь бүрдүүлж байх жишээтэй. Гэхдээ туршлага дээрээ үндэслээд бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын олон улсын нэгдэл болох зорилгоор бид 2009 онд Киргиз улсын “Мол Булак Финанс” санхүүгийн компанид хөрөнгө оруулалт хийсэн. Мөн саяхан “Тэнгэр” санхүүгийн нэгдэл Хятадын Шинжан Уйгарын автономит улсын Урумчи хотод бичил зээлийн компани байгуулах хөрөнгө оруулалт хийх тухай санамж бичигт гарын үсэг зураад ирлээ. Монголоос Хятадын санхүүгийн салбарт хийж буй анхны хөрөнгө оруулалт гэх үү дээ. Тэнд Тиань шан гэдэг уул байдаг нь орчуулбал “тэнгэр уул” гэсэн утгатай юм л даа. Энэ нэрээр компаниа нэрлэсэн.

-Энэтхэг, Пакистан зэрэг оронд бичил зээлтэй холбоотой маргаан нэлээд гараад байгаа. Өндөр хүүтэй зээлээр ядуусыг дарамталдаг, хэцүү байдалд оруулдаг гээд л. Харин Монголд бичил зээлийн салбарын ирээдүй ямар байгаа вэ?

-Уулын мод урттай богинотой гэж ярьдаг шүү дээ. Дэлхий дээр одоо 10 мянга гаруй бичил зээлийн байгууллага байгаа гэдэг. Түүнээс цөөн тооны байгууллагын үйл ажиллагаа буруу явж, өөрсдийгөө ч, харилцагчдыгаа ч хүнд байдалд оруулсан нь бий. Дээрээс нь улс төрийн нөлөө их орсон явдал ч ажиглагддаг. Зарим нэг орны улстөрчид зээлээ битгий төл, улс төлчихнө гэж ард түмэндээ уриалж байх жишээтэй. Үүний тод жишээ нь Никарагуа юм. Гэвч ерөнхийдөө бичил зээл сайн үр дагавартай гэдэг.
Энэ хүрээнд дахин давтаж хэлэхэд, хүн бүр зээл авах ёсгүй шүү дээ. Зээл гэдэг өвс ногоо шиг ургаж байдаг юм биш. Зээл гэдэг нөгөө талдаа хэн нэгний хадгаламжийн мөнгө байдаг. Хадгаламжийг авъя гэсэн хүн бүрт өгч болохгүй. Банк найдвартай хадгалах үүрэг хүлээснийхээ хувьд авсан зээлээ найдвартай, ажил болгож чаддаг хүнийг л олж зээл өгөх ёстой юм.