Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд дэлхийн шилдэг бүтээлээс

Mongolian Economy
2022-05-05 12:55:30
Ангилал: Мэдээ

Хүүхдийн хөгжил, тухайлбал тэдний оюун ухаан, сэтгэлгээний хөгжил, улмаар хүн болон төлөвшихөд сайн ном хамгийн сайнаар нөлөөлдөг. Ном унших нь хүүхэд бүрийн тогтмол хийж байх зүйлсийн жагсаалтын тэргүүнд байх сайн дадал юм.

Тийм ч учраас БизМонголиа компаниас Монголын болон дэлхийн ирээдүй болсон хүүхдүүдэд дэлхийн шилдэг бүтээлүүдээс цуврал хэлбэрээр албан ёсны эрхтэйгээр толилуулж эхлээд байна.

Эхний цуврал нь хүүхдийн утга зохиолын дэлхийн хамгийн том шагнал болох Ханс Христиан Андерсений 2016 оны шагналтан болон энэхүү шагналд нэр дэвшиж байсан БНХАУ-ын хүүхдийн алдартай хоёр зохиолчийн номнуудаас бүрдэж байна. Эдгээр бүтээлийг номын томоохон дэлгүүрээр борлуулж байна.

Майга хөлтэй бяцхан анч нохой

Зохиолч: Ханс Христиан Андерсений шагналт зохиолч Цао Вэньшуань

Бусдын доог тохуу, буруу ойлголтыг хэрхэн эергээр хүлээж авах вэ? Хүнд хэцүү байдалд орсон мөн бусдад шоовдорлогдсон тохиолдолд, түүнтэйгээ хэрхэн нүүр тулах вэ?

Хүүхдийн утга зохиолын дэлхийн хамгийн том шагнал болох Ханс Христиан Андерсений шагналтан, Хятадын хүүхдийн алдарт зохиолч Цао Вэньшуань “Майга хөлтэй бяцхан анч нохой” номдоо сэтгэл хөдөлгөм, урам зориг хайрласан нэгэн түүхийг өгүүлжээ.

Нэгэн бяцхан нохой майга хөлөөсөө болж бусдад байнга шоовдорлогддог байсан ч хамгийн хурдан гүйдэг, мөн хамгийн өндөрт үсэрдэг нохой болохоор шийдсэн байна. Энэхүү энгийн бөгөөд гайхалтай өгүүлэмжтэй номыг уншсанаар зүрх сэтгэлээ чагнаж, ингэснээр өөрийнхөө сайхан ирээдүйг бүтээж чадах урам зоригийг бяцхан уншигчид маань мэдэрнэ. Эл бүтээл нь Хятадын төдийгүй дэлхийн бусад олон улс орны хүүхдүүдийн хайртай номуудын нэг юм.

Зорилтот насны ангилал: Цэцэрлэгийн болон бага ба дунд ангийн сурагчдад зориулсан. Мөн урам зоригоо тэтгэж, ирээдүйгээ бүтээх хүсэлтэй аль ч насны хүн уншихад тохиромжтой бүтээл.

Удвал цэцэгт хүүхэлдэй

Зохиолч: Ханс Христиан Андерсений шагналт зохиолч Цао Вэньшуань

Зохиолч Цао Вэньшуань энэхүү номдоо даавуун хүүхэлдэй урладаг нэгэн бүсгүйн тухай энгийн бөгөөд сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлжээ.

Нэгэн жижигхэн бөгөөд үзэсгэлэнтэй хотхонд амьдардаг бүсгүй өглөөнөөс орой хүртэл, эргэх дөрвөн улирлын турш, залуу наснаас хөгшин буурал болтлоо даавуугаар хүүхэлдэй урладаг байв. Тэрбээр бүхий л амьдралаа энэхүү сайхан үйлд хэрхэн зориулж, хотынхоо иргэд, хүүхэд багачуудад аз жаргал, баяр баясгалан хайрлаж байгаа тухай энэ номд өгүүлдэг.

Эл бүтээл нь түүх, онцлогтоо түшиглэн хөдөлмөрч, тууштай бүтээлч байдлаар олон түмэнд хэрэгтэй, сайхан зүйлийг хэрхэн бүтээж болдог тухай өгүүлснээрээ хүүхдүүдээс гадна бүх насны хүмүүс уншихад сэтгэлийг нь хөдөлгөж, урам өгнө.

Зорилтот насны ангилал: Цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдад зориулсан ном. Мөн бүтээлч, хөдөлмөрч байдлаа урмаар тэтгэж хөгжих хүсэлтэй аль ч насны хүн унших боломжтойгоороо онцлог. 

Асрагч нохойн муу санаа

Зохиолч: Ханс Христиан Андерсений шагналд нэр дэвшиж байсан зохиолч Ян Хун Ин

Хятадын хүүхдийн шилдэг зохиолчдын нэг Ян Хун Инийн “Инээдэг муурын өдрийн тэмдэглэл” цувралын эхнийх болох “Асрагч нохойн муу санаа” ном нь хоёр нохойн дүр дээр үндэслэн бичигдсэн сонирхолтой адал явдалт түүх юм. Хоёр нохойн ээдрээтэй нөхөрлөл, эл харилцааны гэрч болсон инээдэг муурын өдрийн тэмдэглэлийг хүүхдүүд амтархан унших нь гарцаагүй.

…Өвлийн нэгэн өдөр Номин нуур цэцэрлэгт хүрээлэнд жихүүн хүйтэн байв. Цэцэрлэгт хоёр нохой ирснээр далд явуулга, хорон санаа бүхий үйл явдлын эхлэл тавигдана. Асрагч нохой өөрийн үй зайгүй дотно найз хоньч нохойг яагаад хорлох гэсэн юм бол? Дү Жэнзи охины инээдэг муур, түүний найз хав нохой тэр нэгэн өвлийг урьдчилан таахын аргагүй олон үйл явдлаар дүүрэн өнгөрүүлэв.

“Инээдэг муурын өдрийн тэмдэглэл” цуврал нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн алтан шагнал, Хятадын шилдэг номын шагналаас гадна Бүх Хятадын хамгийн шилдэг хүүхдийн утга зохиолын номын шагналыг гурав дараалан хүртсэн юм. “Асрагч нохойн муу санаа” ном нь дэлхийн олон оронд хэвлэгджээ.

Зорилтот насны ангилал: Бага болон дунд ангийн сурагчдад зориулсан. Мөн нохой, муур зэрэг амьтдыг хайрладаг аль ч насны хүн уншихад ихээхэн сонирхолтой бөгөөд ёс зүйн сургамжтай бүтээл юм.

 

 

 

 

Mongolian Economy