“Монголын хар төмөрлөгийн үйлдвэрүүд баялгаа ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийх бүрэн боломжтой”

“Кобэ Стийл” компанийн ахлах менежер Шохэй Яошидатай ярилцлаа. Тус компани нь дэлхийн хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг. Өндөр цэвэршилттэй төмөр гарган авдаг “Itmk-3” буюу орчин үеийн дэвшилт технологийг эзэмшигч гэдгээрээ олон улсад нэр хүндтэй компани юм. Тус компанийн ахлах менежер Шохэй Яошида нь саяхан болж өнгөрсөн “Металс Монголиа-2011” чуулга уулзалтын гол төлөөлөгчдийн нэг байсан. Монголд төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бий талаар багагүй ярьж буй энэ үед түүний яриа нэлээд хэрэгтэй мэдээлэл байх болов уу.
-Монголд хүнд аж үйлдвэр хөгжих боломж хэр байна вэ, хөгжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Монгол бол Ази тивийн төвд далайд гарцгүй, хуурай газраар хүрээлэгдсэн орон. Иймээс хангамж, борлуулалтын сүлжээ хязгаарлагдмал байгаа нь зөвхөн холын зайнд дотоод тээвэрлэлт хийх боломжийг л олгож байна. Үүнээс үзвэл Монгол Улс хүнд аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд дэд бүтцийн салбараа сайжруулж, тээвэрлэлтийн асуудлаа шийдэх шаардлагатай. Нөгөө талаас Монгол Улс хүн ам цөөтэй тул зах зээлийн хувьд ч тийм том биш. Иймээс гадаадын зах зээлд бүтээгдэхүүн экспортлох арга замыг хайх хэрэгтэй. Бүтээгдэхүүндээ боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээвэл илүү ашигтай байх нь дамжиггүй. Харин дунд болон урт хугацааны асуудлууд гэвэл голлох түүхий эдийн үйлдвэрүүдийг байгуулах зорилтыг тавих нь үр дүнтэй. Тухайлбал, төмөр, ган, дараагаар өндөр технологи шаарддаг суудлын тэрэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг төмөр, онцгой чанаржуулсан, зэвэрдэггүй ган зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж авах боловсруулах үйлдвэрийг барих боломжтой. Тус салбарыг татварын уян хатан бодлогоор дэмжиж, урамшууллын хэлбэрээр гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хэрэгтэй.
-Танай компанийн гуравдагч үеийн дэвшилт технологи “Itmk-3”-ийн онцлог нь юу вэ. Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой юу?
-Гуравдагч үеийн дэвшилт “Itmk-3” нь төмрийг бусад металлаас салгаж цулаар нь гаргах үйлдвэрлэлийн технологи. Коксжоогүй нүүрс болон төмрийн хүдрийг ашиглан цэвэр төмрийг ангижруулдаг . Энэхүү технологи нь дахин сайжруулсан хөгжингүй технологи бөгөөд түүхий эд болон нүүрсний хувьд боловсруулалтын шинэ шийдэл болж чадсан гэж үнэлж байгаа. Анхандаа жилд 0.5 сая тоннын бүтээмжтэй ажиллахаар зохион бүтээсэн энэхүү технологи нь туслах чанарын үйлдвэрүүдийг хөгжүүлэх сайн талтай. Коксжуулах зуух, эхний болон хоёр дахь шатны боловсруулалтын үйлдвэрлэл шаарддаггүй онцлогтой. Монгол Улс ашигт малтмалаа баяжуулж, улмаар дотоодын төмөрлөгийн хэрэгцээгээ хангахад “Itmk-3” үйлдвэрлэлийн технологийг ашиглах бүрэн боломж нээлттэй. Бидний зүгээс гуравдагч үеийн “Itmk-3” технологийг Монголд хамгийн тохиромжтой төмөр гаргаж авах үйлдвэрлэлийн арга хэмээн үзэж байгаа.
-Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн улс орны эдийн засагт үзүүлэх ач холбогдол нь ямар байдаг вэ?
-Монголын гадаад валютын өсөлт болон эдийн засгийн үр ашиг нэмэгдэж байгаа нь өнөөгийн төлөвлөлтийг яах аргагүй өөрчилж байна. Хятад улс руу төмрийн хүдрээ гаргахын зэрэгцээ Орос улсаас хаягдал төмөр оруулж ирэх шаардлага танай улсад тулгарч байгааг дурдах нь зүйтэй байх. Монголын хар төмөрлөгийн үйлдвэрүүдийн хувьд улсынхаа байгалийн баялаг нөөцийг ашиглан бүрэн боловсруулалт хийж өндөр өртөг бүхий эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах бололцоотой. Гэхдээ хөрөнгө оруулалт татах, гадаад харилцаанд ач холбогдол өгөх тал дээр хангалтгүй.
-“Кобэ стийл” компани дэлхийн хар төмөрлөгийн салбарт ямар байр суурьтай оролцдог вэ?
-Манай компани нь Япон улсдаа дөрөв дэх том ган төмөр үйлдвэрлэгчийн нэг. Төмөр боловсруулалтын үйлдвэрлэл, нүүрст суурилсан ITmk3, FASTMET and FASTMELT болон Midrex DR технологийг эзэмшдэг гэдгээрээ давуу. Мөн технологио түгээдэг гээд олон улс дамнасан зах зээлтэй. Ялангуяа, манай Midrex DR буюу Дээд зэрэглэлийн чанартай ган төмөр боловсруулах үйлдвэрүүд дэлхий даяар тархсан. Манайх дэлхийн өндөр чанар бүхий DRI бүтээгдэхүүний 60 хувийг бие даан нийлүүлдэг.