Монголын хөгжлийг тэтгэх банк үүдээ нээлээ

2011.05.13. Эл өдөр Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны үүдийг нээж, өрхийг татлаа. Засгийн газрын II байр буюу хуучин Сангийн яамны байрны нэгдүгээр давхрын баруун жигүүрт төвхнөж буй “Хөгжлийн банк”-наас будагны үнэр ханхална. Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт БНСУ-ын Хөгжлийн банк /KDB/ шалгарсан. Тус банктай байгуулах гүйцэтгэх удирдлагын гэрээ хэлэлцээрийг ойрын хугацаанд багтаан дуусгахаар “Хөгжлийн банк”-ны ТУЗ ажиллаж байгаа аж. Түүнчлэн гүйцэтгэх удирдлагын 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх тухай “Хөгжлийн банк”-ны хуулийн заалтыг баримталж ажиллаж байгаа гэсэн.

Нээлтийн ёслолын үеэр Ерөнхий сайд С.Батболд “Энэ онд улсын төсвөөр 680 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний зэрэгцээ 800 тэрбум төгрөгийн бонд гаргана гэдэг бол Монгол Улсын эдийн засагт өсөлтийн ямар их боломж байгаагийн баталгаа. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бий. Уул уурхайн салбарын орлогыг Монгол Улсын хөгжилд чиглүүлэх үндсэн механизм бол “Хөгжлийн банк” байх ёстой” хэмээн онцлон тэмдэглэлээ.

“Хөгжлийн банк”-ны 800 тэрбум төгрөгийн бондыг хэн авах вэ гэдэг нь сонирхолтой асуулт хэвээр буйн сацуу тус банк хамгийн түрүүнд ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдэг хэвлэлийнхний сонирхлыг татсаар. “Банкнаас санхүүжилт хийх төслийн хувьд эхний ээлжинд “Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, Монгол Улсыг хэрсэн авто замын болон эрчим хүчний сүлжээг тэтгэнэ. “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ын дарга бөгөөд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн Монгол Улсад уул уурхайн салбараас орж ирэх орлогоороо эдийн засгийн өсөлтийг тэтгэх тусгайлсан байгууллага хэрэгтэй болсон. Энэ бол Хөгжлийн банк. Ингэснээр манай улсын дэд бүтэц, өрсөлдөх чадварыг сайжруулах, үндэсний боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг бүтээх салбарыг бодлогоор тэтгэх хүчтэй хөшүүрэг бий боллоо” гэж “Хөгжлийн банк”-ны ач холбогдлыг нь тодорхойллоо.

Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийх зорилгоо хэрэгжүүлэх үүднээс 800 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргах тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ. Үүний 250 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, мөн хэмжээнийхийг 10 жилийн хугацаатай, 300 тэрбум төгрөгийнхийг 15 жилийн хугацаатай гаргах юм. Нээлтийн үеэр сэтгүүлчид Ч.Хашчулуун даргаас дээрх бондын борлуулалт болон хүүний талаар лавлахад “ Бондын зээлийн хүүг хэд байлгах вэ, хэнд худалдаж болох вэ гэдгийг нарийн судалж байна. Энэ чиглэлээр ойрын хугацаанд хөрөнгө оруулагчдын форум зохиох бодолтой байна” гэв.
Монгол Улсад “Хөгжлийн банк” байгуулж байсан түүх, туршлага байхгүй учраас тус банкны менежментийн багаар БНСУ-ын KDB тодорсон ч япончуудтай зөвлөгөө авах байдлаар хамтарч ажиллаж байгаа билээ.

Дээрх ёслолын арга хэмжээний туузыг хайчилж, нээлтэд оролцсон Засгийн газар, УИХ, Монголбанк зэрэг төр, засгийн байгууллагын төлөөлөгч болох эрчүүдийг нэгэн эмэгтэй чимэглэсэн нь “Хөгжлийн банк”-ны дэд захирал Л.Болормаа байлаа. Богино үстэй, дунд зэргийн нуруутай тэрбээр МУИС-ийг Банк, санхүүгийн чиглэлээр дүүргэсэн бөгөөд АНУ, Японд мэргэжлээрээ эрдмийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр ХБНГУ-ын “Дойче” банкинд ажиллаж багагүй туршлага хуримтлуулж 15 жилийн дараа эх орондоо ажиллахаар иржээ. Л.Болормаа “Эх орондоо ирэх болсон гол учир бол Хөгжлийн банкны тухай миний төсөл болов уу. Би үргэлж чадвараараа ажил олж, хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, би эх орондоо өөрийн гэсэн төсөлтэй ирсэн. Түүнийгээ хэрэгжүүлэх боломж гарч байгаад баяртай байна” хэмээн хэн нэгэн сайд, даргын татаасаар “Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдсон байж магадгүй гэсэн сэтгүүлчдийн харыг тайлсан юм.
“Хөгжлийн банк”-ны туг, логоны хувьд тэнгэрийн хөх өнгө дээр өлзий хээ тавьсан нь Монгол орны дөрвөн зүг, найман зовхист бүтээн байгуулалтыг өрнүүлж, хөрөнгө мөнгөө арвижуулж, өлзий буянтай ажиллана гэдгийг бэлгэдсэн аж.