Монголын хөрөнгийн бирж Азийн тэргүүлэх бирж болох урт замын аянд

Таны санхүүгийн мэдлэг хэр сайн юм бол оо? Ингэж асуухад таны толгойд арилжааны хэдэн банк, улсын төсөв орж ирж байвал... уучлаарай, “муу” дүн тавихаас өөр аргагүй нь. Санхүү гэдэг ойлголтод банкуудаас гадна хөрөнгийн зах зээл, даатгал зэрэг олон бүрэлдэхүүн байдгийг таг мартсан байна шүү дээ. Уул уурхай даган Монголд орж ирэх их мөнгөний урсгал эрүүл чийрэг санхүүгийн салбарыг шаардаж байна. Тийм ч болохоор Ерөнхий сайд хөрөнгийн зах зээлээ хөдөлгөөнд оруулах санаачилга гаргаж, Төрийн өмчийн хороо (ТӨХ) Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэхдээ үүнийг хийхэд иргэд бидний оролцоо ихэд чухал гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 хувьцаат компанийн ихэнх нь бодитой үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдсон. Хуулийн дагуу хувьцаат компани жилийн тайлангаа хэлэлцэж, бэлтгэн, нийт хувьцаа эзэмшигчдэдээ хүргүүлэх ёстой. Тэгвэл Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дийлэнх хэсэг нь холбогдох материалаа ирүүлдэггүй, тэр ч байтугай ногдол ашгаа тогтмол тараадаггүй. Олон улсын жишгээр санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтыг арилжааны банк, хөрөнгийн зах зээл хоёр нь тэнцвэртэй бүрдүүлж байдаг. Гэтэл манай санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын 95-96 хувийг арилжааны банкууд дангаараа бий болгож байгаа нь эрүүл тогтолцоо яав ч биш. Энэ бүх асуудлыг Лондоны хөрөнгийн бирж шийдэж чадах болов уу?

Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахын тулд олон улсын мэргэжлийн багаар удирдуулахаар болж, уралдаант шалгаруулалт зарлаад даруй бүтэн жил улирчээ. Эхний шалгаруулалтад 11 улсын 10 баг оролцсоноос Лондоны хөрөнгийн бирж, Франкфуртын хөрөнгийн бирж,
“Korean exchange”, “Nasdaq OMX”+“Mosdaq” консорциум тунаж үлдсэн боловч уралдаант шалгаруулалтыг цуцалсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл шинэ оны босгон дээр ТӨХ Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар бүтэн жил дуншсан дээрх асуудал нэгмөр шуудрав. Удаа ч үгүй Лондоны хөрөнгийн биржийнхэн Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөө боловсруулахаар Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Лондоны хөрөнгийн бирж группийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал хийгээд гүйцэтгэх хорооны гишүүн, түүний охин компани болох
“Millenium IT”-гийн захирал Антони Виерсинг нар манай сэтгүүлчидтэй уулзсан. Ингэхдээ Монголын хөрөнгийн биржийг Азийн тэргүүлэх бирж болгох зорилготой гэдгээ ч уламжилсан юм.

Лондоны хөрөнгийн бирж “Millenium IT” программ хангамжийг Монголын хөрөнгийн биржид нэвтрүүлэх санал тавьсан билээ. Гэхдээ бүх зүйл ирэх дөрөвдүгээр сарын 20-нд “Master service agreement” гэрээг байгуулснаар тодорхой болох тухай ТӨХ-ны Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзориг онцолсон.
Ингэхэд “Millennium IT” гэж юуг хэлээд байна вэ? Шри Ланк улсын энэхүү компанийг 2009 онд Лондоны хөрөнгийн бирж өөртөө нэгтгэж авчээ. “Тус компанийг эзэмшсэнээр манай бирж дэлхийн хамгийн хурдтай арилжааны платформтой болсон. Энэ нь түргэн шуурхай, үр ашигтай, өртөг багатай, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ явуулахад тусалж чадна” хэмээн Лондоны хөрөнгийн биржийн захирал Хавиер Ролет тэмдэглэжээ.

“Millennium IT” компанийн программ хангамжийг эдүгээ Лондоны металлын бирж, ICAP ашиглаж байгаагийн зэрэгцээ АНУ-ын AMEX, Бостоны хөрөнгийн бирж зэрэг 22 хөрөнгийн бирж хэрэглэж буй аж. Лондоны хөрөнгийн бирж ч өөрийн арилжааны системд энэ хоёрдугаар сарын 14-нөөс дээрх программ хангамжийг суулгаж буй. “Millennium Exchange” гэх арилжааны уг систем нь хамгийн хурдан гэдгээр рекорд тогтоосон тухай мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард цацагдсан. Хурднаас гадна дээрх систем нь хялбар бөгөөд хямд учир олон орны хөрөнгийн биржийг өөртөө татаж буй ажээ.
1801 онд байгуулагдсан Лондоны хөрөнгийн бирж эдүгээ 70 орчим орны 2600 гаруй компанийн хувьцааг арилжаалж буй бөгөөд 3.8 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд толгой цохино. Мөн уул уурхайн компаниудын бүртгэлээр уг бирж дэлхийд тэргүүлдэг ажээ. “Rio Tinto”, “BHP Billiton”, “Anglo American”, “Xstrata” зэрэг уул уурхайн “акулууд” Лондоны хөрөнгийн биржид хувьцаагаа арилждаг бөгөөд манай хойд хөршийн “Газпром”, “Лукойл”, “Роснефть” зэрэг томоохон компани ч уг биржид бүртгэлтэй байдаг.
Монголын “Петровис”-ийн охин компани болох “Петро Матад” ч Лондоны хөрөнгийн биржээс хөрөнгө босгосон билээ. Энэ нь манай орны хувьд гадаадын зах зээлд IPO хийсэн анхны үндэсний компани болсныг сануулах юун. Тус компанийн хувьцааны үнэ анх монгол мөнгөөр тооцоолоход 800 төгрөг байснаа нэг жилийн дотор 4000 төгрөгт хүрч, тав дахин өссөн нь Лондоны хөрөнгө оруулагчид Монголын компаниудад хэр ээлтэй болохыг харуулна. Монголчуудын Лондоны хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах цар хүрээ зөвхөн техник технологиор хязгаарлагдахгүй.
“Манай групп гаднын томоохон хөрөнгө оруулагчдыг Монголд нэвтрүүлж, дэд бүтэц болон хөрөнгө оруулалт талаас нь хамтарч ажиллана. Энэ нь жижиг, дунд үйлдвэрүүд хөгжихөд ч нэмэртэй” хэмээн Антони Виерсинг онцолсон юм. Тэрбээр мөн энэ оны сүүлч гэхэд Монголын хөрөнгийн биржид бүтцийн өөрчлөлт хийнэ хэмээн итгэлтэй ярьсан. Гэрээг ойролцоогоор гурван жилийн хугацаатай хийх бөгөөд Лондоноос таван хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх бололтой. Одоогийн Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум ам.долларт хүрэхгүй байгаа ч ойрын хэдэн жилийн хугацаанд энэ үзүүлэлт 25 тэрбумд дөхөж очих магадлалтайг Антони Виерсинг мөн онцолсон. “200 жилийн түүхтэй Лондоны хөрөнгийн бирж бусдыг бодвол нөр их дадлага, туршлага хуримтлуулсан. Тиймээс бид Монголын компаниудад зөвхөн хөрөнгө босгох нөхцөлийг бүрдүүлэх бус, тэдний нэр хүндийг олон улсын тавцанд өсгөж өгнө” гэж Лондоны хөрөнгийн биржийн Үнэт цаасны анхдагч зах зээлийн газрын захирал Трэйси Пиерс тэмдэглэж байсан билээ.

Европт “№1” гэгдэх Лондоны хөрөнгийн бирж яагаад Монгол оронд ийнхүү анхаарал хандуулах болов оо? 200 жилийн замналын хажууд хэтэрхий жулдах 20-хон настай Монголын хөрөнгийн зах зээлийг Лондоныхон бүтэн жил гаруй хугацаанд судалжээ. “Ер нь бид хөгжиж буй орнуудад анхаарал тавьж, судалгаа хийгээд олон арван жил болж байна. Лондоны хөрөнгийн биржийн нийт активын 12 хувь нь хөгжиж буй орнуудад хамаарч байгаа нь чамлахааргүй үзүүлэлт. Бид ОХУ, Энэтхэг, Бразил зэрэг оронд ажилласан туршлагатай” хэмээн Трэйси Пиерс тайлбарласан.

“Гадаадын компаниуд Монголын ашигт малтмалын нэрийг барьж, мөнгө босгож болоод байхад бид яагаад чадахгүй гэж” хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж, Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишигт нийцүүлэх санаачилга гаргаж байсан үеийг саная. “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн 20-30 хувийг гадаадын биржид өмчлүүлэх замаар менежментийн шинэ арга барил, дэвшилтэт технологи нэвтрүүлнэ гэсэн санааг С.Батболд сайд цухалзуулсан удаатай. Монголын хөрөнгийн бирж хэдийнэ хувьчлагдах компаниудын жагсаалтад багтчихсан яваа. Энэ тухай харин албаны хүмүүс тайлбар өгөхөөс цааргалж байгаа юм. “Эхлээд тус компанийн үйл ажиллагааг сайжруулж, дараа нь л хувьчлах эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн Ч.Чинзориг тэмдэглэсэн билээ.

Монголын хөрөнгийн биржийг дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд хөрөнгө мөнгө ихээхэн шаардлагатай нь мэдээж. Энэ мөнгийг менежментийн баг өөрөө босгох уу, манай Засгийн газар гаргах уу гэдэг асуудал тодорхой бус хэвээр. “Үүнийг менежментийн баг, ТӨХ, Засгийн газар хоорондын хэлцлээр шийдвэрлэнэ” хэмээн Ч.Чинзориг хэлж байна.
Монголын эдийн засаг хөгжлийн шинэ шатандаа гарч буйг мэргэжилтнүүд тэмдэглэсээр. Хэдхэн жилийн өмнө монгол компани олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоно гэдэг мөрөөдөл төдий байсан бол өнөөдөр “Петро Матад”, “Mongolian mining corporation”, “Хүннү коал”, “Харанга ресорсез” зэрэг компани Лондон, Хонконг, Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж байна. Засгийн газар Монголын хөрөнгийн биржийг дэлхийн жишигт хүргэнэ гэсэн зорилготой ажиллаж байна. Гэвч Лондоны хөрөнгийн бирж тус компанийг удирдлаа гээд бүх зүйл өргөс авсан мэт бүтчихгүй нь ойлгомжтой.

Хөрөнгийн зах зээлийн хөгжил юу юунаас илүү иргэд биднээс шалтгаална гэвэл буруудахгүй ээ. Удахгүй монгол хүн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болно гэж байгаа. Лондоноос ирэх “эзэд” Монголын хөрөнгийн биржийн менежментийг мянга сайжруулаад ч хувьцааны талаарх иргэд, бизнес эрхлэгчдийн ойлголт маруухан байгаа цагт “Азийн тэргүүлэх бирж” гэдэг үг хэзээ ч Монголын хөрсөнд буухгүй болов уу.

Товчхондоо, 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбарын сургамж давтагдаад өнгөрөх аюултай. Тиймээс бид хөгжлийг хүсч байгаа бол юуны түрүүнд хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэгээ зузаатгах хэрэгтэй болжээ. Иргэд арилжаанд идэвхтэй оролцож, хувьцаат компаниуд олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаа явуулж, мэдээллээ ил тод байлгах нь Азийн тэргүүлэх бирж болох урт замд хөл тавих хамгийн эхний алхам болох учиртай.