Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт- Лондонд

Дэлхийн санхүүгийн төв Лондонд “Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт- 2013” өнөөдөр эхэллээ. Гурван өдөр болох тус хуралд манай улсаас Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Оюутолгой” компанийн захирал Камерон МакРэй, “Монголын бизнесийн зөвлөл”-ийн дарга Б.Бямбасайхан, эдийн засагч Д.Жаргалсайхан зэрэг төлөөлөлөгч оролцож байна.

Монгол Улсад уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд огцом өссөн. Олон улсын валютын сангийн өнгөрсөн оны тооцоолоор ДНБ-ий өсөлт хоёр оронтой тоо буюу 17.2 хувьд хүрсэн билээ. Үүнтэй холбогдуулан төрөөс баримтлах бодлого, хууль зүйн орчин өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчдад тодорхой мэдээлэл шаардлагатай болж буй. Тус чуулга уулзалтаар эрх баригч, томоохон хөрөнгө оруулагч болон уул уурхайн компанийн төлөөлөл оролцож, хөрөнгө оруулах боломж болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бизнест хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ.

Өнөөдөр “Европын зах дээл дээр хөрөнгө босгох нь”, “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” тэргүүтэй сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөжээ. “Mongolian Economy” сэтгүүл гадаад орнуудад болж буй Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулагч талтай хамтран ажиллаж, мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцдог билээ. Бид энэ уламжлалаараа Лондоны хуралд ч түншээр хамтран ажиллаж байна. Тиймээс тус хурлын уур амьсгал, сонин сайхан мэдээллийг хүргэсээр байх болно.