Монголын эдийн засаг 14 хувиар өснө

Эдийн засаг өснө, түүний хэрээр зах зээл тэлнэ. Тэлсэн эдийн засаг арвин их ургац /мөнгө/ хураана. Улс мөнгөтэй болно. Олсон мөнгөө иргэддээ жигд тэнцүү тараана. Иргэдийн хэрэглээ гэрлийн хурдаар өснө. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Инфляци хурдаа нэмнэ, түүнийг нь Монголбанк бодлогын хүүгээр сааруулах гэж үзнэ. Дийлэх янзгүй болоод ирвэл Засгийн газрыг муулна. Цаашилбал Сангийн яамныханд уурлана. Эргээд Засгийн газар нь Төвбанкаа зэмлэнэ. Үүний дүнд, УИХ-ын 76 гишүүн нь бүгд эдийн засагч мэт “онолдоно”. Мөнгө мөнгө биш болно. Ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларна. Эсрэгээрээ ам.доллар чангарна. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Гадаад зах зээлийг дэмжсэн хэрэглээ нь нэн хортойг эдийн засагчид хэлэлцэнэ. Гэлээ ч үүнээс өөр сонголт үгүй. Эцэст нь, үндэсний үйлдвэрлэл зах зээлээс шахагдана. Засгийн газар арилжааны банкуудаар дамжуулан тэдэндээ зээл өгнө. Өгсөн зээл нь дэлхийн түвшинтэй харьцуулахад богино хугацааны, өндөр хүүтэй. Үр дүн нэг л бүрхэг. Ийм байдлаар эдийн засгийн амьдрал өрнөх аж.

Тэгвэл өнгөрсөн онд тохиосон 17.5 хувийн өсөлт энэ онд давтагдах уу. Эсвэл түүнээс давсан өсөлтийг өнөө жил хүлээх үү. Амьдралын чанар дээшилсэн болов уу гээд асуулт ургах аж. Мэдээж, өндөр өсөлт давтагдахгүй л дээ. Гэхдээ өнгөрсөн онд гарсан эдийн засгийн өсөлтөө урт хугацаанд тогтвортой хадгалж чадах итгэл найдвар дүүрэн байна. Хэдий урд хөршийн эдийн засаг суларч, Евро бүсийн уналт үргэлжилсээр байгаа боловч амьдралд өөдрөг байхад болмоор санагдана. Өөдрөг байх үндэслэл нь Монголбанкны мөнгөний бодлого хийгээд Оюутолгой, Тавантолгой. Үүнээс улбаалсан уул уурхай гэгч “мөнгөний авдар”-т хамаг л хүслээ шивнэх болж таарлаа. Түүнчлэн нүүрс, зэс гээд эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлд болон урд хөршид өндөр байсан тохиолдолд бид хямралын долгионыг ажралгүй туулах боломжтой бус уу.

Энэ оны сүүлийн хагас жилд уул уурхай, аж үйлдвэр, тээврийн салбарын өсөлт оны эхний хагас жилтэй ойролцоо байх бөгөөд нийт эрэлтийн буурсантай холбоотойгоор бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний салбаруудын өсөлт буурахаар байгаа аж. Харин хөдөө аж ахуйн салбарын өсөлт энэ оны сүүлийн хагас жилд өндөр байх хүлээлт буй бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахаар байна гэж Монголбанкнаас үзжээ. Нийт дүндээ эдийн засгийн өсөлт энэ оны эцэст өмнөх оноос буурч 12-14 орчим хувьтай байх аж. Энэ жилийн эдийн засгийн өсөлтийн дээд амжилт нь 14 хувь бол уруудаж буй хязгаар нь 12 хувь гэж үзэж болох юм. Өнгөрсөн онд Монголын эдийн засаг түүхэндээ л 17.5 хувиар тэлж, урд хөршийг бараг л “ичээсэн билээ”. Одоогийн хүлээж буй 12-14 хувийн өсөлтөд эрэлтийн талын хүчин зүйлсээс хувийн хэрэглээ, Засгийн газрын зардал нэмэгдэх юм байна. Хувийн хэрэглээний өсөлтөд төрийн албан хаагчдын нэрлэсэн цалинг 23 хувиар өсгөснөөр өрхийн орлого нэмэгдсэн, хэрэглээний зээлийн өсөлт оны эхний хагаст өндөр байсан зэрэг хүчин зүйлс давхар нөлөөлнө хэмээн Төвбанкнаас тодорхойлжээ.

Төсвийн зарцуулалт батлагдсан төсвийн 70 хувьтай тэнцэх гүйцэтгэлтэй байгаа боловч өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсөөд байгаа аж. Харин гадаад худалдааны алдагдал экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалан оны сүүлийн хагаст улам нэмэгдэхээр буйг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн төсөлд онцолжээ. Ирэх онд Оюу толгойн орд үйл ажиллагаагаа эхлэхтэй холбоотойгоор алт, зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, уул уурхайн салбарт огцом өсөлт гарах гэсэн хүлээлт буй. Тэгвэл тус салбарыг даган тээврийн агуулах, цахилгаан, дулаан зэрэг салбарын өсөлт нэмэгдэх төлөвтэй аж. Мөн дэд бүтэц, зам харилцааг зохицуулсан томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнд шаардлагатай буй хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас шийдэх асуудалтай Засгийн газар нүүр тулах бололтой.

Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн өсөлт ирэх оны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах хэдий ч гадаад эдийн засгийн таагүй нөхцөл бүрэн арилахааргүй байгаагаас экспортын орлого, төсвийн орлого, цаашлаад нийт эрэлт буурч, үйлчилгээний салбарын өсөлт буурах хандлагатай гэж Монголбанкны судлаачид мөнгөний бодлогын төсөлдөө өгүүлжээ. Гэхдээ эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хэд хэдэн эрсдэл бий аж. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн өсөлтийн тодорхой бус байдал, экспортын гол нэрийн барааны үнийн бүрхэг байдал нь нэрмээс болж магадгүй нь. Юутай ч Монголын эдийн засаг бэлэн мөнгө тарааж, мөнгөний “их найр” хийсэн ч өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөө тавиад туучихгүй нь бололтой. Данхайсан төсөв баталж, улс төрийн сонгуульд хөл алдсан хэдий ч энэ онд эдийн засаг 12-14 хувиар өснө хэмээн Монголбанк төсөөлжээ. Төсөөлөл үнэн байх болтугай.