Монголын эдийн засаг

Өөдрөг
Дэлхийн банкны Монголын эдийн засгийн талаарх төсөөлөл урьд оныхоос сэргэжээ. Оны өмнө 2014 оны эдийн засгийг өсөлтийг 10.3 хувиар төсөөлж байсан тэд энэ оны дөрөвдүгээр сард өмнөх төсөөллөө 1.1 хувиар ахиулжээ. Харин ирэх онд ДНБ-ий хэмжээ 9.2 хувь болтлоо саарах урьдчилсан таамгийг дэвшүүлсэн байна.
Сөрөг
Азийн хөгжлийн банкнаас энэ оны өсөлтийг өмнөх оныхоос бага зэрэг бууруулж 9.5 хувь байхаар тооцоолжээ. Харин Монголбанк энэ оны өсөлтийг хамгийн багадаа 6-7 хувиар тооцоолсон байна.
Эрсдэл
Харин манай улсын ДНБ-ийг ОУВС энэ жил 12.9 хувиар өсөхөөр таамагласан бол ирэх жил 7.7 хувьтай байна гэж үзэж байна. Лаос болон манай улсын хувьд өрийн хурдацтай өсөлтөөс үүдэн томорч буй макро эдийн засгийн тэнцвэргүй байдал мөн төсвийн өндөр алдагдал нь энэ жилийн хувьд ч өндөр эрсдэл хэвээр хадгалагдах шинжтэйг ОУВС тайландаа дурьджээ.
Монголын эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцсон бизнес эрхлэгчид болон эдийн засагчдын төлөөлөл энэ долоо хоногт мэдээлэл хийсэн. Талууд энэ үеэр хэд хэдэн асуудлыг онцолсон юм.
Татвар
Бизнесийн салбарынхан инфляцийн өсөлттэй холбоотой татварын дарамтад өртөөд байгаа аж. Тиймээс татварын бодлогыг инфляцитай уялдуулах зарим нэг татварын босгыг өндөрсгөх зайлшгүй шаардлагатай юм байна. Цаашдаа Засгийн газраас татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тууштай реформ хэрэгтэй. Ялангуяа татварын ерөнхий хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиудийг яаралтай шинэчлэн гаргахыг бизнесийнхэн хүсч байна.
Өрсөлдөөн
Бизнесийн орчинг сайжруулж өрсөлдөх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх үүрэгтэй төр нь өөрөө бизнест хутгалдан орж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж эхэлсэн гэдгийг бизнес эрхлэгчид дахин санууллаа. Түүнчлэн Монголдоо бүтээхийн тулд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа ч эхлээд зах зээл, чадавх, бүтээмжийн талаар нарийн судлах хэрэгтэй. Түүнээс биш бүгдийг дотооддоо хийнэ гээд ямар ч судалгаа, шинжилгээгүй дайраад байвал Монголдоо бүтээх гэдэг том зорилго салхинд хийсч магадгүй аж.
Хөрөнгө оруулалт
Гадаадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт ус шиг хэрэгтэй байгаа өнөө үед монголчууд олон улсын стандартын дагуу ажиллаж сурах хэрэгтэй байна. Бүх зүйлийг олон улсын жишигт хийж байж хөрөнгө оруулагчдын итгэлийг олно. Нөгөө талдаа эдийн засгийн хөгжлийн бодлогыг аль ч парламент, Засгийн газрын үед өөрчлөхгүй байх хэрэгтэй гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгтэй байна.
Хууль
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы хугацаанд Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай зэрэг хуулийг батална. Мөн Нэмүү өртгийн албан татварын босгын тухай хуулийг хэлэлцэнэ. Ингэхдээ уул уурхайн салбартай холбож 25 хувиар өндөр тогтоосон аж ахуйн нэгжийн орлогын татварын одоогийн хоёр шатлалын хувь хэмжээг бизнесийн бусад салбарын ачааллыг бууруулах зорилгоор дахин авч үзэх аж.
Тэд юу гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд ядуурлын төвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч, орлогын тэгш бус байдал газар авлаа. Эдийн засаг хямралт байдал руу шилжлээ” гэв.
УИХ-ын дарга З.Энхболд “Бидэнд хоёр оронтой тоогоор өсч байгаа эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал байна. Их бүтээн байгуулалтыг идэвхижүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байгаа. “Чингис” бондыг анх авахад яригдаж боловсруулагдсан Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар нэн даруй оруулж ирэхгүй бол энэ талаар санаа зовж буй УИХ-ын гишүүдийн өргөн барих хуулийг хэлэлцэн баталж, томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулж, гацааг арилгана” гэжээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2009 онд нэг их наяд байсан төсвийн орлого 2012 онд 4.9 их наяд болж 2.5 дахин өсчээ. Харин 2012-2014 онд 3.6 дахин нэмэгдсэн байна. ДНБ 2011-2012 онд 14 их наяд хүрсэн бол энэ жил 20 их наяд хүрэхээр төсөөлөлд хүрсэн. Гадаад худалдаа 2009 онд 1 их наяд байсан бол 2012 онд 4 их наяд болж өссөн байна. Үүнээс үзэхэд Монгол орон 2011 онд эдийн засгийн том тэлэлт рүү явж, хамгийн өндөр үнэтэй борлуулалт хийчихээд бүгдийг нь халамжид зарцуулаад дууссан. Уул уурхайгаас хэт хараат нөхцөл нь дэлхийн зах зээл дэх баялгийн үнийн бууралт эдийн засгийн хүндрэл бий болсон хэмээн АН-ын бүлэг үзэж” байгаа талаар дурджээ.
Төмөр зам
“Монгол ба Хятадын хилийн боомт Гашуунсухайт - Хятадын Ганцмод”-ны боомтыг холбох төмөр замын ажлыг хийхээр Mongolian Mining Corporation, "Эрдэнэс таван толгой", "Таван толгой", Хятадын "Шинхуа" компаниуд гэрээ байгууллаа. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд хоёр талын хамтын хөрөнгө оруулалттай компани байгуулж байгаа аж. Уг төмөр зам баригдсанаар одоогийн нүүрс тээвэрлэлтийн зардал тонн тутамд найман ам.доллараас хоёр ам.доллар хүртэл буурах боломжтой гэж “Эрдэнэс тавантолгойн” гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэлжээ. Мөн тээвэрлэлийн хүчин чадал 25-30 сая тн болж өсөх аж. Шинэ төмөр зам баригдсанаар жилд 25-30 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо гаргажээ.
Сануулга
УИХ-ын хаврын чуулганд хаягласан сонордуулгыг энэ сарын 4-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбооноос өргөн барьжээ. Үүнд иргэдийн амьжиргаа, цалин хөлс, нийгмийн хамгаалал, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой хөтөлбөр багтсан аж. Мөн ханшийн зөрүүнээс хохирсон иргэд, бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах талаар Хаврын чуулганы хэлэлцэх хөтөлбөрт байхгүй байна. Тиймээс МҮЭХ хуралдаж дээрх асуудлыг тусгасан сонордуулгыг дахин өргөн барихаар болжээ.
Үзэсгэлэн
“Mongolia mining 2014”олон улсын үзэсгэлэн үүдээ нээлээ. Уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, нөгөө талаар зорилтот зах зээлээрээ Монголыг “онилсон” 120 компанийн төлөөлөгчид “Буянт-Ухаа” цогцолборт хурав. Тус үзэсгэлэн энэ сарын 10-12 хүртэл үргэлжилнэ.
Төл
Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 19.4 сая хээлтэгч мал тоологдсон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. Үүнээс олон жилийн дунджаар 80.0 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарсан байна. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 8,475 сая эх мал төллөж, 8,4 сая төл мал бойжиж байна.
Орон сууц
Арилжааны банкуудад нэг их наяд төгрөгийн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн өргөдөл ирсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Үүнээс 17019 иргэнд 947.6 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 17632 зээлдэгчийн нийт 500.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлжээ.
Мэдээлэл
УИХ-дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийсэн байна. Тэд Засгийн газар болоод Монголбанкны мэдээллийг сонсч хэд хэдэн чиглэлээр ажиллахыг үүрэг болгожээ. Нэн түрүүнд концессын гэрээгээр хийх ажлуудыг онцгой анхаарч ажиллахыг үүрэгджээ. Тэр дундаа БНХАУ, ОХУ, олон улсыг Ази Европтой холбосон транзит автозамын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх ёстой гэж үзээд буй. Тухайлбал, боомтын төмөр замын асуудал. Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг гэрээ санамжийн хүрээнд шийдвэрлэх. Оюутолгойн хэлэлцлийг түргэвлчил гэжээ.
Шинэ үйлчилгээ
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хамтран ажиллагааны хүрээнд ирэх зургадугаар сарын 6-наас Амгалангаас Толгойт хоорондын чиглэлд “Railbus” буюу төмөр замаар явдаг автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхлэх гэж байна. ОХУ-аас ирэх “PA-2” загварын 136 хүний суудалтай энэхүү автобусаар 350-400 хүн зорчих боломжтой юм байна. Тус автобус нь Амгалангаас Толгойт өртөө хүртэл 45 минут явах тооцоо гаргажээ. Тус автобусаар зорчих тасалбарын үнийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.
Хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар “Мерекс” ХК-ийн олон нийтэд санал болгосон нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа амжилттай арилжаалагдлаа. 2012 онд “Мерекс” ХК барилгын материал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж, цагт 150 м.куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай БНСУ-д үйлдвэрлэсэн TW-2500 маркийн бетон зуурмагийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулж, бизнес төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэхээр энгийн хувьцааг олон нийтэд санал болгосон юм.
Prophecy Coal Чандганы цахилгаан станцын эдийн засгийн үнэлгээг шинэчлэн гаргаж зохицуулагч байгууллагад хүргүүлжээ. Шинэ үндэслэлд, Чандганы хоёр ордын нийт нөөц 124 сая тонн, дундаж илчлэг 3,306 ккал/кг, жилд дунджаар 3.5 сая тн нүүрс олборлоход 30 жил ашиглах боломжтой гэжээ. Нүүрсний давхаргын дундаж зузаан нь 50 метр ба хөрс хуулалт харьцангуй бага байх төлөвтэй байна. нүүрсний зардлын хувьд нэг тонн нүүрс нь 12.71 ам.доллар ба эхний ээлжийн хөрөнгө оруулалт 30.9 сая ам.доллар байх юм. Ордыг ашиглах хугацаанд нийт 160.2 сая ам.долларын капиталын худалдан авалт хийхээр тооцжээ.
Xanadu Mines Хармагтайн ордыг худалдан авахын тулд хөрөнгө оруулагчдаасаа 1.47 сая авс.долларын хувийн хөрөнгө оруулалтыг татахаар болж, хаалттай хүрээнд хувьцаагаа санал болгожээ. Захиалгын хэмжээ 100 хувьд хүрсэн ба хөрөнгө оруулагчдын зөвшөөрлөөр арилжаа нь баталгаажих юм. Нэгж хувьцааг 4.8 центээр нийт 30,780,450 ширхэг хувьцаа гаргаж 1.47 сая австрали долларын хөрөнгө татаж байгаа аж. Уг хөрөнгө оруулалтыг Хармагтайн ордыг судлах ажлыгн эрчимжүүлэхэд ашиглах аж. Уг ордыг хөгжүүлэхэд нийт 10 сая ам.доллар шаардлагатай.