Монголын эдийн засгийн хуучраагүй чуулган

"Хүчээ нэгтгэе” уриан доор зохион байгуулагдсан "Монголын эдийн засгийн чуулган 2018"-ын хоёрдугаар үе шат тавдугаар сарын 21-22 өдөр Төрийн ордонд боллоо. Энэ жилийн зохион байгуулалтын онцлог нь хоёр үе шаттай болсон бөгөөд хоёр дахь үе шатыг чуулганд зориулан гар утасны апплекейшн бүтээж, ашигласанаараа шинэлэг байлаа. Энэ нь чуулганд оролцогчдод өөрсдийн асуулт, саналаа онлайнаар илэрхийлэх, чухал асуудлуудыг эрэмбэлэх боломж олгосон юм.

Чуулганы эхний өдөр өрнөсөн хэлэлцүүлэгт хувийн хэвшил, иргэний нийгэм, хөрөнгө оруулагчид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ-тай хамтарч цаашид эдийн засгийн өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх, тэр дундаа хөрөнгө оруулагчдыг хэрхэн хамгаалах, тэднийг хэрхэн татах зэрэг сэдвээр өрнөлөө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганг нээж хэлсэн үгэндээ “Монголтой бизнес хийж болж байна, бизнес хийж болно гэдгийг гадны түншүүддээ тодотгож хэлье. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг” хэмээв. Түүний тэргүүлсэн Засгийн газрын гол амжилт нь 2.8 их наяд төгрөгийн өр барагдуулсан явдал хэмээн тэрбээр тодорхойлсон.

Энэ өдрийн хуралдааны гол үр дүн буюу Үндэсний хөгжлийн газрын дэргэд бодлогын судалгааны “Тhink Tank” байгуулахаар болсныг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар зарлав. Ингэснээр төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, хэрэгжилтийн үр дүнд шууд нөлөөлөх болно гэж тэрбээр хэллээ. Гэхдээ зохион байгуулалт, статусын хувьд ямар байх ёстой талаар оролцогч, зочид өөр өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.

Чуулганы нэгдүгээр үе шатад Засгийн газар бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах, шинэтгэх чиглэлээр төлөвлөж буй ажлууд, улсын эдийн засгийн хөгжлийн загвар төлөвлөгөөг танилцуулах, хэлэлцүүлэхэд чиглэж байсан бол өнгөрсөн хоёр өдрийн хэлэлцүүлгүүд илүүтэй зарчим, оюун санааны уралдаан шинжтэй өрнөж, өргөн хүрээний сэдвүүдийг хамарч байв.


Тухайлбал, хувийн хэвшлийн маш олон төлөөлөл “Бидний үнэт зүйлс, ёс зүй нийгмийн зөвшилцөл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож нийгмийн үнэт зүйл, ёс зүйн төлөвшлийн асуудлыг хөндөж, ямар нэгэн зүйл хийх ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн. 100-аад жилийн өмнө монголчуудыг зочломтгой, найрсаг, уужуу тайван, холч ухаантай гэж тодорхойлдог байсан ч өнөөдөр эсрэгээрээ хүлээн авч байна. “Үнэт зүйлээ гээсэн улс орон доройтон үгүй болдог жишээ дэлхийн түүхэнд цөөнгүй. Өнөөдрийн монгол хүний ирээдүйдээ итгэлгүй, гутрангуй, талцсан, хийрхүү, хувиа хичээсэн, хэт ашиг хөөсөн хандлагын эсрэг язгуур мөн чанарыг нь сануулах шаардлага бий болжээ” гэх мэтчилэн хэлцэв. Уг салбар хуралдаанаар нийгмийн талцлыг зогсоох, бид яг юу хүсэж байгаагаа тодорхойлох, Үндэсний үнэт зүйлсийг сэргээх гэсэн үндсэн гурван зорилгыг тавьж ярилцсан юм.

"Монголын эдийн засгийн чуулган 2018"хоёр дах өдрийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг оролцогчдыг анхаарлыг ихэд татсан. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын хамгийн “таатай” аядуу хуультай гэгдсэн Монгол Улс маань гадаадын Хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй байгаа юм. Энэ жагсаалтад урд хөрш маань 50-д, хойд хөрш 60-д эрэмблэгджээ. Бидэнтэй ижил гараанаас хөдөлсөн гэж болохоор Вьетнам 59, Казахстан 64-т эрэмблэгдсэн байна. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй” гэв.

Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хүндэт зочны илтгэлийг нийтлэлч Б.Батбаяр болон Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат нар тавилаа. Ингээд уг хоёр илтгэлийн онцох ишлэлүүдийг хүргэж байна.

Нийтлэлч Б.Батбаяр:


Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн, тэр үед Монгол Улсын үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум ам.доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулагч олдсоны хүчээр өдгөө бидэнд огт байхгүй 10 тэрбум орчим долларыг гаднаас татчихаад байна.
Монгол орон байгалийн баялагаар дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий.
Дубайд ямар ч “нууц гэрээ” байгуулаагүй. Энэ бол хоёр жил гаруй гацааж зогсоосон гүнийн уурхайн барилга, бүтээн байгуулалтыг сэргээн эхлүүлэх, улмаар ашиглалтад оруулах ил тод төлөвлөгөө.

Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат:


Монгол хөрөнгө оруулагчдад тогтвотой байдлаа харуулах, гадны хөрөнгө оруулалтыг хамгаалах хэрэгтэй.
Дэлхий нийтээрээ Оюу толгой хэрхэн хөгжиж байгааг ажиглаж байна. Энэ төсөл дараа дараагийн хөрөнгө оруулалтын үлгэр жишээ авах төсөл яриангүй мөн. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Монголчууд хэдэн үеэрээ энэ компаниар бахархана гэдэгт би итгэлтэй байна.
Олон салбарт солонгорсон хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн Монголд төдийгүй гаднын хөрөнгө оруулагчдад ч чухал хэрэгтэй
Зэсийн ирээдүй 2020 он, түүнээс цааших хугацаанд эерэг харагдаж байгаа.

Ийнхүү хоёр өдөр зохион байгуулагдсан "Монголын эдийн засгийн чуулган 2018"-д давхардсан тоогоор 1000 орчим зочид төлөөлөгчид оролцлоо. Энэ удаагийн чуулганаар Аж үйлдвэрийн IV хувьсгал, Блокчэйн, Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг шинэ сэдвүүдийг хөндсөн нь дэлхий нийтийн трэндийг дагасан явдал байлаа хэмээн оролцогчид онцлов. Хоёр өдрийн турш хэлэлцсэн асуудлууд, оролцогчдын санал, сэтгэгдэл, үнэлэлт дүгнэлт, хүндэт зочдын илтгэлийн талаар Mongolian Economy сэтгүүлийн зургадугаар сарын дугаараас дэлгэрэнгүй хүлээн авч уншаарай.