Монголын элсэнд зөвхөн ашигт малтмал байна гэж үү?

Зэс, алт, нүүрс, уранаас эхлээд газрын ховор элементийн асар их баялаг уудам Монголын газрын хэвлийд оршиж байгаа билээ. Оюутолгой, Тавантолгойгоороо дэлхийг гайхуулж, ашигт малтмалын нөөцөөрөө аргагүй толгой цохих улс аа, бид. Гэхдээ өвөг дээдэс минь бидэнд үүнээс ч илүүг өвлүүлэн үлдээсэн байна. Манай говийн элсэнд палеонтологийн асар үнэт олдворууд нуугдаж байгааг, Өмнөговийн Булган сумын нутагт орших Баянзаг маань үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн алдаршсаныг гаднынхан мэддэг ч бид өөрсдөө нэг л хайхрамжгүй ханддаг нь гайхалтай. Энэхүү баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах аваас уул уурхайгаас ч илүү ашиг олж чадахыг сануулах нь зүйтэй болов уу.

Нэгэн үе дэлхийн талыг эзэгнэж байсан монгол үндэстнийг ХХ зуун хүртэл соёлт ертөнц мартсан байлаа. Гэвч Рой Чапмэн Эндрюс тэргүүтэй Америкийн Байгалийн түүхийн музейн судалгааны багийн 1920-иод онд Монголын говь нутагт хийсэн ажил дэлхийг ёстой л алмайруулсан байдаг. Төв Азийн эх цөлийн цээжинд орших манай нутаг цөөнгүй гадаад оронд Монгол Улс гэдгээсээ илүүтэй Монголын говь (Mongolian Gobi) гэдэг нэрээрээ шууд танигддаг нь үүнтэй холбоотой буюу.
Эртний хүн төрөлхтөн Арц Богдын өвөр хоолой, Төгрөгийн ширээ, Баянзагийн заг, элсэн манханд амьдран суурьшиж байсныг, олон зууны тэртээгээс Европ Азийг холбосон алдарт Торгоны зам манай нутгаар дайран өнгөрдөг байсныг Эндрюс соёлт ертөнцөд таниулан сурталчилсан билээ. Тэрбээр Монголын говиос палеонтологийн гайхамшигт олдворуудыг олж, үлэг гүрвэлийн өндгөө нуусан газрыг анх удаа нээснээр Ази Тив бол Европын, Америкийн амьтдын өлгий нутаг гэдгийг баталж чадсан юм.

Эндрюсийн бичсэн номнууд, судалгааны багийнх нь хийсэн дүрс бичлэгүүд олон хүний хорхойг хүргэж, Монголын говь руу далласан байдаг. Үүний нэг тод жишээ нь 10 настай бяцхан хүү Баянзагаас үлэг гүрвэлийн өндөг олсон тухай сэтгэл догдлон уншдаг байгаад хожим нь Америкийн Байгалийн түүхийн музей хийгээд Монголын Шинжлэх ухааны академийн хамтарсан Палеонтологийн шинжилгээний ангийн ахлагчийн нэгээр ажиллах болсон явдал билээ. Энэ тухайгаа Америкийн Байгалийн түүхийн музейн Палеонтологийн хэлтсийн дарга доктор Марк Норелл “Эртний хүний мөрөөр” ном анх удаа монгол хэлнээ хэвлэгдэхэд онцлон бичжээ.

Тухайн үеийнхээ хамгийн шилдэг судлаачдын нэг Рой Чапмэн Эндрюсийн говьд явуулсан судалгааны ажил тэр цаг үеийн хамгийн далайцтай, басхүү хамгийн үнэтэйд тооцогдож, шуугиан дэгдээж байв. Судалгааны ажилд таван жил, 250 мянган ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарч байжээ. Ингээд Эндрюс маань Ж.П.Моргантай уулзаж, Төв Азийн газрын зургийг гаргаж ирээд судалгааны ажлын төлөвлөгөөгөө 15 хормын дотор танилцуулснаа өөрийн номдоо бичсэн байдаг. Үүнийг сонссон нэрт хөрөнгө оруулагчийн нүдэнд сонирхлын оч гэрэлтэж, “Наадах чинь сайхан төлөвлөгөө байна. Яаж санхүүжүүлэх юм бэ? Би яаж туслах вэ?” хэмээн уулга алджээ. Ийнхүү Эндрюсийн шинжилгээний ангидаа мөнгө олох хамгийн эхний уулзалт амжилттай болсон явдал нь Америкийн толгой баячуудын нэг, өнөөгийн “J.P.Morgan” хөрөнгө оруулалтын банкны үндэслэгчийн анхаарлыг Монгол орон татаж байсныг гэрчлэх биз ээ.

Дэлхийн II дайны дараагаас Оросын судалгааны баг Монголд ирээд, олон шинэ олдвор бүхий газрыг нээсний нэг нь Нэмэгт юм. Эндээс оросууд өмнө нь хэний ч мэддэггүй байсан 30 метрийн өндөртэй, өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн олдворыг нээж, Нэмэгтостраус хэмээн нэрлэсэн нь бий. Үүний дараа Польш-Монголын хамтарсан судалгааны баг Баянзагийн ойролцоох Төгрөгийн ширээ хэмээх газраас 1971 онд “Ноцолдож буй үлэг гүрвэлүүд” олдвороо олсон нь дэлхийг гайхшруулж байсан удаатай. Гэвч энэ бүхэн Монголын өргөн уудам говь нутагт нуугдаж буй гайхамшгийн зөвхөн нэгээхэн хэсэг юм. Учир нь, манай орны палеонтологийн судалгааны ажил хэдэн зууны түүхтэй биш шүү дээ. Бусад оронтой харьцуулахад цөөн тооны судалгааны баг Монголын говьд үйл ажиллагаа явуулсан ч дэлхийд үнэлэгдэх шинэ олдворуудыг нээж чадсан нь нэгийг өгүүлэх шиг.

Өнөөдөр бид Оюутолгойгоо ашиглаж эхэлж байна, Тавантолгойгоо тун удахгүй эдийн засгийн эргэлтэд оруулна гэж байгаа. Монголын хөгжлийн зүтгүүр болж буй уул уурхай биднийг хэдэн үеэр нь тэжээнэ хэмээн ард түмэн хүлээж буй. Нөөцөөрөө дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх стратегийн ач холбогдол бүхий ордуудаа бушуухан ашиглаад эхлэхэд л бүх зүйл сайхан болчих гээд байгаа мэт санах аж. Гэвч эдийн засгийн эргэлтэд оруулж их мөнгө олж болдог нь зөвхөн ашигт малтмалын орд газрууд биш ажээ. Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын орчим Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Алтан уул, Бүгийн цав Гурилын цав зэрэг газар үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд хамгийн баялаг болох нь нэгэнт нотлогдсон. Бид үүнийгээ ашиглаж палеонтологийн аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал асар их ирээдүй байгаа юм.

Ганцхан жишээ дурдахад л Канадын “Royal Tyrrell Museum” палеонтологийн музей 1985 онд байгуулагдсанаасаа хойш жилдээ л хагас сая хүн хүлээж авдаг болжээ. 2010 онд 10 сая дахь үзэгчээ угтсан энэхүү музейн клубт нэг жилийн хугацаатай элсэхийн тулд 500-50 мянган ам.долларын төлбөр өгч байгаагаас үзэхэд энд ямар их мөнгө эргэлдэж байгаа нь тодорхой. Тэгвэл гадаад, дотоодын палеонтологчдын арааны шүлсийг Монголын үлэг гүрвэлийн өндөг, яс асгаруулсаар байгааг сануулах юун. Яагаад бид энэ боломжоо ашиглаад, дэлхийн хэмжээний ганц музей байгуулчихаж болохгүй гэж?

Өнөөдөр манай оронд ихэвчлэн бага мөнгө зарцуулдаг “үүргэвчтэй аялагчид” ирдэг болсон нь нууц биш. Тэгвэл палеонтологийн аялал жуучлалыг хөгжүүлж чадсанаар бид зузаан хэтэвчтэй жуулчид хийгээд мэргэжилтнүүдийг татаж, эдийн засагтаа их мөнгө шингээж чадах нь лавтай. Өнөөдөр ч гэсэн Монголд ирчихээд, үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээх Баянзагийг үзэхгүй, харахгүй өнгөрдөг жуулчин гэж үгүй. Түүнчлэн гадаадын судлаачид, ялангуяа Америкийн Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд жил бүр энд ирж, судалгаа явуулдаг ажээ. Тэгээд олсон олдворуудаа Палеонтологийн хүрээлэнд тушаадаг ч заримыг нь судлаад эргүүлж авчрахаар нутаг руугаа аваад явдаг байна. Тэгвэл Баянзаг орчимд үлэг гүрвэлийн томоохон хүрээлэн, эрдэм шинжилгээний төв байгуулчих юм бол судлаачид бүтэн жилийн турш тэндээ байж, олсон олдворуудаа газар дээр нь судалж, Монголын эдийн засгийг илүү их мөнгөөр услах бус уу?

Ёлын ам, Хонгорын элс зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, хавтгай, мазаалай, ирвэс, хулан, аргаль, янгир тэргүүтэй ховор амьтад, ёл, хойлог, шонхор зэрэг жигүүртэн нутагладаг сайхан газар бол яах аргагүй Монголын говь юм. Тэгвэл байгалийн сайхныг үзээд, ховор ан амьтдыг ажиглаад, палеонтологийн судалгаа хийх бүрэн боломж энд бий шүү дээ. Харамсалтай нь жуулчид болоод судлаачид тав тухтай амарч, ажиллаж, Монголын эдийн засагт аль болох их мөнгө оруулах боломж нь өнөөдөр алга.

Эдүгээ говийн бүсэд ихэнх жуулчин зөвхөн зуны улиралд ирдэг бөгөөд Түмэн тэмээний баяраас өөр үзвэрийн арга хэмжээ болдоггүй. Үүний хажуугаар судлаачид палеонтологийн олдворуудаа судлах боломж нь ч байхгүй. Өнөөдөр үүсэн байгуулагдсанаасаа хойш их засварын нүүр үзээгүй нэгэн жарныг үдсэн Байгалийн түүхийн музейд орших үлэг гүрвэлийн араг ясыг харж, сонирхох л боломжтой. Гэтэл олон тооны үнэт олдвор тоосонд дарагдаад агуулахад хэвтэж байгаа нь харамсалтай.
Уг нь өмнөговьчууд үлэг гүрвэлийн хүрээлэн бий болгох тал дээр анхаарч эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм билээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ ажилд 100 сая төгрөг гаргахаар шийдвэрлэжээ. Анхандаа үлэг гүрвэлийн хүрээлэнг Баянзагийн орчимд байгуулна гэж ярьж байсан ч тэндээс 18 км-ын зайд орших Булган сумын хажууд ч барьж магадгүй гэнэ. Гэхдээ 100 сая төгрөгөөр үлэг гүрвэлийн хүрээлэн байгуулах нь битгий хэл загвар төслөө гаргахад ч хүрэлцэхээргүй байж мэднэ шүү дээ. Энэхүү ажилд 1.5 тэрбум төгрөг шаардлагатайг мэргэжлийн хүмүүс нь ярьж байна. Уг нь төрөөс энэ тал дээр анхаараад, хөрөнгө мөнгөө харамгүй өгч, нэгмөсөн Канадын “Royal Tyrrell Museum” палеонтологийн музейн дайтай дорвитой ажил хийчихвэл хожим нь монголчуудыг жинхнээсээ хэдэн үеэр нь тэжээх мөнгөний уурхай болох бус уу? Басхүү байгалийн сайхныг дэлхийд гайхуулж, сурталчлах зэвсэг ч болж чадах биз ээ.

“Яагаад Монголд ирж буй жуулчин болгон Баянзагийг үзэхээр ирдэг юм бэ? Энэ бол дэлхийд танигдчихсан газар учраас тэр шүү дээ. Гэтэл хятадууд Эрээнээс зүүн хойшоо байрлах Эрээнцавын орчимд маш том үлэг гүрвэлийн хүрээлэн байгуулсан. Рой Чапмэн эндээс л түүхэн олдворуудаа нээсэн мэт домгийг манай урд хөрш гаргаад ирсэн учраас хүмүүс тийшээ хошуурч байна. Гэтэл Рой Чапмэн үлэг гүрвэлийн анхны өндгөө Баянзагаас л олсон шүү дээ. Энэ бол үлэг гүрвэлийн өлгий нутаг, дэлхийн шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэгдэхүйц газар юм. Бидэнд үүнийг том ажил болгох боломж байгааг ойлгох хэрэгтэй. Үлэг гүрвэлийн хүрээлэн байгуулах нь ямар их ашигтайг мэдрэх учиртай” хэмээн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр тэмдэглэсэн юм.

Манай оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл бүртгэгдсэн хэмээн бид хөөрцөглөдөг. Харин шим ертөнцийн хөгжлийн түүхийн ховор нандин баримт болох палеонтологийн олдвороор Монголын говь үлэмж баян гэдгийг таг мартжээ. Өвөг дээдсийн минь өвлүүлэн үлдээсэн энэхүү гайхамшгийг бид хайрлан хамгаалж, гаднын жуулчид, мэргэжилтнүүдэд зүгээр л гайхуулж харуулаад асар их мөнгө олох боломж байгааг төрийн эрх баригчдад ахин дахин сануулах хэрэгтэй болов уу. Өмнийн говийн элснээс зөвхөн ашигт малтмал хайж, олсон бүхнээ олборлохын тулд чичирж дайрахаа түр азная. Тэртэй тэргүй одоо ашиглалтад орсон уурхайнуудаас Монгол орон хангалттай их мөнгө олж байгаа учир үлэг гүрвэлийн өлгий нутгаа эдийн засгийн эргэлтэд оруулъя.