Монгол брэндийг хэрхэн дэмжих вэ?

Бүс нутгийн чанартай дэмжлэг байхыг үгүйсгэх аргагүй

Г.Ганболд: /Голомт банкны гүйцэтгэх захирал/

-Брэндийг дэмжих хөшүүрэг бол санхүүжилт. Урт хугацаанд эдийн засаг тогтвортой оршин тогтнох, өөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэгдүгээрт, санхүүжилт чухал. Хоёрдугаарт, урт хугацааны санхүүжилтийн хэрэгсэлээр дэмжих. Гуравдугаарт, Засгийн газар болон төрийн байгууллагатай арилжааны банк хамтарч ажиллах. Банкны зүгээс эдийн засгийн аль ч салбарыг ялгахгүйгээр харилцах ёстой. Гэхдээ бүс нутгийн чанартай дэмжлэг байхыг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, Монголын аялал жуулчлалын бүс нутгийн дэд бүтцийг дэмжих байдлаар хөрөнгө оруулалт хийж, брэнд бий болоход хувь нэмрээ арилжааны банкууд оруулах боломжтой.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлсэнээр мөнгөний эх үүсвэр Монголд үлдэнэ

М.Болд /“Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал/

-Монгол брэнд гэсэн тодорхой сэдвээр хэлэлцэж байгаа нь оновчтой. Өргөн хэмжээний асуудлыг хэтэрхий олон талаас нь хэлэлцээд шийдэлд хүрэхгүй байснаас тодорхой сэдвийг сонгон аваад анхаарлаа илүү төвлөрүүлэх нь өгөөжтэй. Санхүүгийн байгууллагын хувьд Монгол брэндийг дэмжиж ирсэн. Цаашдаа ч дэмжинэ. Монгол брэнд гэдэг үндэсний үйлдвэрлэл гэсэн үг. Банкны зүгээс хэрэглээний зээл өгөх сонирхол төдийлэн байдаггүй. Хэрэглээний зээл бол баялаг бүтээдэггүй. Эцсийн дүндээ тухай мөнгө иргэдийн хэрэглээ, хэрэгцээг хангаад гараад явах эрсдэлтэй. Тэгвэл Монгол брэнд буюу үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлсэнээр мөнгөний эх үүсвэр Монголд үлдэнэ. Ажлын байр нэмэгдэнэ. Банкуудын зээл илүү тогтвортой болно. Үйлдвэрлэл үйлчилгээ Монголын нутагт явагдаж буй учраас харилцагчид илүү найдвартай болно.

Асуудлыг маш тодорхой ярилцах хэрэгтэй

Ч.Хашчулуун /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш/

-Шинэ Засгийн газар гараад нэг жил болох гэж байна. Тодорхой хэмжээнд томоохон бүтэээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хөдөлгөх ажил үндсэндээ явц муутай байлаа. Цахилгаан станц, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам гээд төсөл бий. Засгийн газар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Монголын эдийн засгийн чуулган брэндийг онцолж байгаа ч түүнд хүрэх арга замыг нээж өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, асуудлыг маш тодорхой ярилцах хэрэгтэй. Брэнд бол чанар. Тиймээс чанарыг онцолж үзэх учиртай.

Төрийн дэмжлэг хэрэгтэй байна

Х.Ганбаатар /Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал/

-Брэндийг бий болгоход төр болон хувийн хэвшил нэгдмэл ойлголттой ажиллах учиртай. Монгол Улс өөрөө дэлхийн брэнд юм. Уул уурхайн баялаг, онгон байгаль, мориор нь дэлхий нийт мэддэг боллоо. Энэхүү оюуны зах зээлд бий болсон Монгол брэндийг эдийн засагт оруулах ёстой. Үйлдвэржилтийн эрин үеийг Засгийн газар тодотгож өглөө. Монгол брэнд өвөрмөц байх ёстой. Дэлхийд бий болсон брэндэд монгол бүтээгдэхүүнээ нийлүүлэх хэрэгтэй. Мөн сурталчилгаа, менежментийн асуудалд төрийн дэмжлэг хэрэгтэй байна.

Брэнд бол чанар

Б.Лхагважав /“Урбанек” компанийн ерөнхий захирал/

-Брэнд гэдэг итгэл найдвар, чанар. Тиймээс брэндийг бий болгоход чанар хамгаас чухал. Бидэнд бэлэн брэнд байна. Энэ бол уул уурхай. Өвөг дээдсээс үлдээсэн уул уурхайн баялгийг үнэд хүргэж арилжаалах хэрэгтэй.

Өрсөлдөх чадвар чухал

Д.Жаргалсайхан /Эдийн засагч/

-Брэндийг бий болгох компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайн салбарт олон компани өрсөлдөж байж брэнд, чанар бий болно. Тушаал, тогтоолоор брэнд бий болохгүй. Монголчууддаа итгэх хэрэгтэй. Хүсэл мөрөөдлийг нь бадраах хэрэгтэй. Монгол Улс нээлттэй чадварлаг олон залуустай. Тэдэнд итгэл үзүүлж, боломж олгох учиртай. Монгол Улс хамгийн том баялаг бол залуус. Үүнийг л бид асааж, хөдөлгөж, ашиглахгүй бол брэнд бий болгож чадахгүй. Монгол брэнд гэдэг дэлхийд өрсөлдөх чадвартай, хүмүүс хөөцөлдөж худалдан авах бараа, бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм.