Монгол брэндийг хөлд оруулъя

Алийг нь дэлхийн брэнд болгож болох вэ? Уул, уурхай, түүхий нүүрс, ашигт малтмал, стратегийн ач холбогдол бүхий 15 орд газар бол сурталчилгаа, бодлого шаардахгүй угаасаа брэнд болчихсон. Ноос, ноолууран бүтээгдэхүүн, чацаргана, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, монгол малын мах, ардын урлаг, хөөмий, уртын дуу бол дэлхийд байхгүй брэнд. Эдгээрийг байгалийн гаралтай, эрүүл мэндэд ач тустай гээд чанарын хувьд хэнд ч зарлан тунхаглаж, бодлого боловсруулах шаардлагагүй. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн гэдгээр бус цэвэр түүхий эд гэдэг утгаараа дэлхийд брэнд юм.

“Монгол брэнд-дэлхийд 2012” чуулга уулзалт саяхан болж өнгөрлөө. Тус форумд оролцогчид “Олон улсын зах зээлд Монгол Улсын брэндийг бий болгох бодлогын асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээр чацаргана, ноос, ноолууран бүтээгдэхүүн, аялал жуулчлалын салбар гээд брэнд бүхнийг олон улсын зах зээлд гарах нөөц боломж, тулгарч болох бэрхшээлийн талаар оролцогчид ярилцав.

Бидний эцсийн бүтээгдэхүүн болгож, гаднынханд илүү үнэд хүргэж өгч чадахгүй байгаа олон бүтээгдэхүүний нэг нь чацаргана. Ирээдүйд нүүрснээс илүү моодонд орж, Монголын брэнд болох бололцоо өндөртэй, гаднынханд эрэлттэй энэ байгалийн жимсийг “чулуу” болгоход юу дутаад байгааг Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал “Хаан жимс чацарганын тариалалт, үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэлээрээ хөндлөө. Өнгөрсөн онд ердөө л 655.2 тонн чацаргана хураан авсан ч түүнийхээ 5000 гаруй тонныг түүхийгээр экспортолж, тонн тутмыг 4500-5000 ам.доллараар худалдаалжээ.

Чацарганы тариалалтын талбайг 2016 он гэхэд одоо байгаагаас нь 20 мянган га-гаар тэлэх, ургацыг 35 мянган тоннд хүргэхээр “Чацаргана” хөтөлбөрийнхөн төлөвлөж байгаа аж. Чацарганагүй, чацарганаар “өвдсөн” Унгар, Шинэ Зеланд тэргүүтэй орнууд БНХАУ, ОХУ, Их Британи, Итали зэрэг орноос ердөө нэг тонн түүхий чацарганыг 4000-7000 ам.доллараар худалдан авдаг байна.

Чацарганы тос үүнээс ч өндөр үнэтэй аж. Манайхаас чацарганын нэг тонн тутмыг нь 5000 ам.доллараар импортолсон япончууд 100 миллграмм чацарганы тосыг 120 ам.доллараар худалдаалдаг байна. Монгол чацаргана гадаад зах зээлд ямар алт шиг үнэтэй эд болохыг Та эндээс анзаарч байгаа биз ээ.

Япон улс чацарганын орцтой гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэх туршилт хийж эхэлжээ. Тэгвэл гол түүхий эдээ Монголоос татах нь мэдээж. Иймд ирээдүйд тарих гэж буй 35 мянган тонн чацарганаа түүхийгээр нь экспортлохгүй байх нь чухал юм. Үүний тулд дэвшилт технологитой үйлдвэрүүд шаардлагатайг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж буй. Ядаж л чацарганын тос гаргаж авдаг үйлдвэр байгуулахад төрийн дэмжлэг ихээхэн хэрэг болж буйг хүмүүс ярьж байна. Гэхдээ энэ салбарт хэрэгтэй техник технологийг нэвтрүүлж, чацарганын тос үйлдвэрлэхэд дор хаяж долоон жил шаардлагатай аж. Байгаа баялгаа үнэд хүргэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь тухайн салбарт хэрэгтэй дэвшилт технологи, боловсруулах арга механизм гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж байсан.

Үүнээс гадна “Нью жуулчин групп”-ын ерөнхий захирал Ш.Нэргүй “Монголын аялал жуулчлалын сал­барын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт илтгэлээрээ монгол аялал жуулчлалыг дэлхийн брэнд болгох санал дэвшүүлсэн. Тэрбээр байгалийн үзэсгэлэнт газрууд, монгол зан заншил, нүүдэлчин түмний сэтгэлгээ, монгол ахуйн байдлыг үзэх гаднынхны сонирхол их. Манайд аялал жуулчлалын салбар жилээс жилд хөгжиж байна. Тиймээс аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж, олон улсын түвшинд ямар бодлого барьж ажиллавал жуулчдын анхаарлыг татах вэ, цэвэр бохир ус, цахилгаан, дулааны шугам сүлжээнд яаралтай холбогдох зэрэг жижиг сажиг асуудлыг ч орхилгүй бодлогын түвшинд авч үзмээр байна. Баазуудын тоог төлөвлөгөөний дагуу зөв зохист газруудад байгуулж, жуулчдын анхаар­лыг татах нь зөвхөн энэ салбарт бус эдийн засаг, улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна” хэмээв.

“Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт, брэндингийн өнөөгийн төлөв байдал” сэдвээр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бод­логын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг илтгэл хэлэлцүүллээ.

Монгол ноос, ноолууран бүтээг­дэхүүн чанараараа дэлхийн зах зээлд хоёрт жагсдаг. Монгол Улс ноос, ноолуурыг самнасан, самнаагүй, бохир гэсэн гурван хэлбэрээр экспортолж байна. Чацарганын экспорттой адил зарчмаар энэ бизнес явагддаг. Түүхий эдийг нь бид хангаж, гаднынхан эцсийн бүтээгдэхүүн болгон өндөр үнээр бусдад зарж байна” гэв. Тиймээс бидэнд орчин үеийн тоног, төхөөрөмж, хөрөнгө мөнгө хэрэгтэй болно. Ноос, ноолуур, хөөврийг ашиглан шинэ нэрийн бүтээгдэхүүн гаргах, барилгын ду­лаалга, тусгаарлагч материалын, тех­никийн эсгийний үйлдвэрүүдийг шинээр нэмж, ашиглалтад оруулах шаардлагатай. Энэ тохиолдолд бид өөрт байгаа баялгийг гаднын орнуудад хямд үнээр экспортлох бус дотооддоо ч баялаг бүтээх боломжтой болох юм. Үүнд төрийн зүгээс тодорхой анхаарал хандуулж, хамтран ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Монголчуудад өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох хүсэл их ч гадаад зах зээлд гарч чадахгүй байгаа болон гарч болох арга замуудыг тодорхой болгох асуудал өдгөө тулгамдаад байна. Нэг үгээр хэлбэл, чацаргана, ноос ноолуур, мах зэрэг дэлхийн зах зээлд нэр хүнд олоход ойрхон байгаа монгол брэндүүдийг хөлд оруулах цаг болжээ.