Монгол инженерүүдийн дэлхийн энэтэй “бүтээл”

Усны нөөц улам багасаж байгаа өнөө үед “Энержи Ресурс” компани Өмнөговь аймгийн Ухаа худагт дулааны цахилгаан станц /ДЦС/ бүтээн босголоо. Манай сэтгүүл энэ удаагийн “Технологи” буландаа уг станцын байгальд ээлтэй дэвшилт технологийг онцолж байна. Энэ нь монгол инженерүүдийн анх удаа бие даан цогцоор нь, технологийн өндөр түвшинд барьсан хамгийн анхны ДЦС юм.

“Энержи ресурс” ХХК-ийн захиал­гаар MCS-ийн инженер, мэргэжилтнүүд бүтээн босгожээ. 2009 оны наймдугаар сард шаваа тавьж, жил хүрэхгүйн хугацаанд ашиглалтад орсон уг станц нь байгальд сөрөг нөлөө багатай төдийгүй дэлхийн жишигт нийцэж чаджээ. Тус станц хуурай хөргөлтийн систем ашигладаг, хөргөлтийн ус шаарддаггүй. Тийм учраас бусад станцаас найм дахин бага ус зарцуулдаг аж. Мөн турбинаас гарч байгаа уурыг шууд агаараар хөргөх, үнсийг хуурайгаар зайлуулах зэргээр усны хэрэглээг багасгадаг гэнэ. Түүнчлэн цагт 35 тонн/цаг уур үйлдвэрлэх гурван зуухтай. Тус бүр нь 6 МВт цахилгаан энерги үйлдвэрлэх гурван турбин-генератортой, нийт 18 МВт цахилгаан энерги үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Олон улсад хүчин чадлын хувьд жижигт тооцогдох боловч, Монгол Улсын хувьд дунджаар 4-5 аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээний хүчин чадалтай ажээ. Тухайн ДЦС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник технологиор тоноглогдсон байна. Тухайлбал,

- Зуухны хувьд олон улсад хэрэглэгдэж, шалгарсан “CFB” технологитой.
- Франц улсын GEA компанийн агаарын хөргөлттэй төхөөрөмжөөр тоноглогдсон.
- Ус боловсруулах систем нь АНУ-ын технологи, тоног төхөөрөмжтэй.
- Үндсэн цахилгааны систем нь ХБНГУ-ын “ABB”, “Siemens” фирмийн технологи, төхөөрөмж гэх мэт.

Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдоогүй. Уг дулааны станц хүчин чадлын хувьд 85 хувьтай ажиллаж байна. Одоогоор жилдээ 72.2 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж 73600 тн нүүрс хэрэглэж байгаа аж. Станцын зуух нь нүүрсийг нам температурт шатаадаг бөгөөд дутуу шатсан нүүрсээ шохойн чулуугаар “хачирлаж” дахин ашигладаг. Ингэснээр үнсэнд агуулагдах хорт бодисын хэмжээ маш бага болдог байна. Мөн утааг цахилгаан шүүлтүүрээр дамжуулан цэвэрлэдэг бөгөөд энэ шүүлтүүр нь утаанд байх үнслэгийн хэмжээг 99.6 хувиар бууруулдаг тул байгаль орчинд хаягдах хортой бодисууд багасч /CO2, NOx, SO2, тоос/-ыг дэлхийн стандарт хэмжээнд барьж чаддаг ажээ. ДЦС-ын баталгаат ажиллах хугацаа 30 жил бөгөөд гурван жил тутамд урсгал засвар хийж байхаар болжээ.

ДЦС-ын бүтээн босголтын үед тоног төхөөрөмж оруулж ирэхээс эхлээд байгаль цаг уурын хүнд нөхцөлөөс хамаарч хүндрэлтэй асуудал олон гарч байжээ. Энэ талаар төслийн ажил хариуцсан менежер З.Түмэннасан “Хэдийгээр ДЦС барих явцад туршлага дутаж алдсан оносон зүйл бий ч ийм богино хугацаанд том бүтээн байгуулалт хийж чадсандаа сэтгэл өндөр байна. Барилга угсралтын ажил, зураг төсөл боловсруулах ажилтай зэрэгцэн хийгдэж байсан нь төсөв болон бусад төлөвлөлтийг хийхэд хүндрэл учруулж байсан. Гэхдээ бид чадсан” гээд инээв. Тэд уг ажлыг гүйцэтгэхийн тулд залуу ажилчдын баг бүрдүүлсэн нь богино хугацаанд ашиглалтад өгөхөд нөлөөлсөн байна. Эндээс монгол залуусын ямар чадварлаг болох нь тодхон харагдах биз ээ. Энэ нь томоохон ажил хийхдээ үргэлж гаднынхны гар харж суудаг цаг өнөөдөр ард хоцорсныг харуулж байх шиг. Монгол боловсон хүчин дэлхийд үнэлэгдэж байгаа жишээ олон байна. Техник, технологийн эрин зуунд бид өөрсдөө хийж, бүтээж чадахын нэгэн жишээ энэ билээ.