​Монгол орны хөгжилд XIV чуулган болно

Монгол орны хөгжилд XII чуулганы оролцогчид

Гадаадад амьдардаг монголчуудын хүрээнд “Монгол орны хөгжилд” чуулган зохион байгуулагддаг болоод 10 гаруй жил болжээ. Энэ удаагийн чуулган ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болох бөгөөд чуулганы хүрээнд цөөнгүй арга хэмжээ төлөвлөөд байна.

Энэ удаа гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролын асуудлыг хөндөж Европын орнууд дахь Монгол сургуулиудын багш нарт зориулсан сургалт, семинар хийхээр болжээ. Энэ жилийн чуулган, семинарыг Гадаад харилцааны яам, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ, “Цахим Өртөө” холбоо БСШУС-ын яам, ХБНГУ дахь ТББ-уудын нэгдсэн зөвлөл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институти хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын 27 нд Берлин хотын захиргааны байранд “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) нэртэй гадаад дахь монголчуудын том чуулгантай зэрэг явагдана.

Сургалтын хүрээнд “Гадаад хэлтэй орчинд монгол хэлийг заах” сэдвийн дор монгол хэлний багш нарын өмнө тулгамддаг гол асуудлуудыг хөндөнө. Тухайлбал, хилийн чанадад төрж өссөн хүүхдийн онцлог, гадаад хэлтэй орчинд монгол хэл заах онцлог, аргачлал, орчин цагийн монгол хэлний дүрмийн шинэ мэдээлэл, төрөлх хэлийг тоглоомын аргаар заах, Засгийн газраас боловсролын салбарт болон хилийн чанадад амьдардаг хүүхдүүдийн талаар баримталж буй бодлого гэх мэт сэдвийн хүрээнд яриа, хэлэлцүүлэг өрнөх аж.

"МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД" чуулга уулзалт нь Британийн Монголчуудын санаачилгаар 2005 анх зохиогдсон, хөгжингүй орнуудад ажиллаж суралцагч Монголчууд Монголч түмний оюуны хөрөнгө оруулалтыг Монгол орны хөгжил дэвшилд үр өгөөжтэй нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх батжуулах зорилготой жил бүрийн уламжлалт чуулган юм. “Монгол орны хөгжилд” XIII чуулган 2017 оны дөрөвдүгээр сарын 6-нд Лондон хотноо амжилттай болж XIV чуулганыг ХБНГУ дахь ТББ-уудын зөвлөл зохион байгуулахаар хүлээн авсан юм. Энэ удаагийн чуулга уулзалт “Боловсрол” сэдвийн хүрээнд ирэх дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ГХЯ, ЭСЯ, Берлин хот, мужын засаг захиргааны дэмжлэгтэйгээр “Берлин хотын захиргааны байр“-нд болно.

Чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.