Монгол Улсад 2 том эрсдэл буйг ОУВС онцоллоо

Олон улсын валютын сан Дэлхийн эдийн засгийн тайлангаа өчигдөр танилцууллаа. Ингэхдээ дэлхийн эдийн засаг тухайлбал, АНУ, Евробүсийн хөгжингүй орнуудын хувьд сэргэлт ажиглагдаж буйг онцолж, зарим өсөлтийн таамгуудаа өсгөсөн юм. Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн өндийж буй нөхцөл байдал дэлхийн эдийн засаг 3.6 хувиар өсөхөд голлох байр суурь эзэлнэ гэв. Өнгөрсөн онд тус сангаас дэлхийн эдийн засгийг энэ онд гурван хувь өснө гэж байсан билээ.
Харин манай улсын ДНБ-ийг ОУВС энэ жил 12.9 хувиар өсөхөөр таамагласан бол ирэх жил 7.7 хувьтай байна гэж үзэж байна. Лаос болон манай улсын хувьд өрийн хурдацтай өсөлтөөс үүдэн томорч буй макро эдийн засгийн тэнцвэргүй байдал мөн төсвийн өндөр алдагдал нь энэ жилийн хувьд ч өндөр эрсдэл хэвээр хадгалагдах шинжтэйг ОУВС тайландаа дурьджээ.
монгол, Бангладеш, Бутан, Бруней, Камбодж, Лаос, Фижи Кирибати, Малдив, Маршалын арлууд, Микронез, Мьянмар, Непал, Палау, Шинэ Гвиней, Самао, Соломоны арлууд, Шри Ланк, Тимор Лесте, Тонго, Тувалу болон Ванауту зэрэг ижил төстэй хөгжиж буй эдийн засагтай орнуудыг хамтатгаж авч үзсэн эдийн засгийн өсөлтийн таамаг энэ жил 6.7 хувь байгаа бол ирэх жил 7.1 хувь байхаар байна.

Хөгжиж буй эдийн засагтай орнууд, Хятад, Энэтхэг болон Орос улсын хувьд энэ жил 4.9 хувиар өсөхөөр байгаа бөгөөд өнгөрсөн оны 4.7 хувийн таамгаа ОУВС ялимгүй өсгөсөн харагдаж байна

Харин урд хөршийн эдийн засгийг өнгөрсөн жил 7.7 хувь өснө гэж байсан бол энэ удаад түүнийгээ бууруулж, 7.5 хувь болголоо. Нөгөө талаас манай улсын хойд хөрш мөн л эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтээсээ хасуулж, 1.9 хувиас 1.3 хувийн өсөлтийн таамаг руу уруудлаа. Украйнтай өдүүлсэн асуудлаас үүдэн АНУ болон Европ хориг арга хэмжээ авч байдлыг хурцатгасан нь хөрөнгө оруулагчид тус улсаас нүүр буруулж, эдийн засгийг “хөргөх” шалтгаан болж байна.
Нөгөө талаас тайланд дурьдсанаар бол хөгжиж буй Азийн улсууд өсөлтийн хурдаа алдахгүй бөгөөд дэлхийн худалдааны салбарт гарч буй сэргэлт эдийн засагт нь тодорхой эерэг нөлөөг үзүүлэхээр байгаа аж.