Монгол Улсын ирээдүй бол залуус

МУИС-ын Эдийн засгийн сургуулийн багш
Хүн амдаа хэр чанартай боловсрол олгосноос аливаа үндэстний эдийн засгийн хувь заяа нэн их хамаардаг. Аливаа хүний мэдлэг боловсролоо ашиглан насан туршдаа олох орлогынх нь өнөөгийн үнэ цэнийг эдийн засагчид "Хүмүүн капитал" гэж нэрлэдэг. Аливаа эдийн засаг дахь зам, гүүр, барилга байшин, тоног төхөөрөмж гэх мэт биет капитал зөвхөн энэхүү хүмүүн капиталтай зэрэгцэн оршиж байж л үнэ цэнэтэй зүйл болдог.
Испани улсын хамгийн том судалгааны байгууллагаас дэлхийн бүх улсын их сургуулиуд, коллежуудыг жилд хоёр удаа шинжлэх ухааны судалгаа, нэр хүндээр нь эрэмбэлэн жагсаадаг (http://www.webometrics.info/en/search/Rankings/mongolia)
Уг жагсаалтаар Монгол Улсын Их сургууль дэлхийн нийт их сургууль коллежууд дундаа одоогоор 3179-д буюу эхний дөрөвний нэгээс хойгуур жагсаж байна. Харин Монгол улсын хоёрдахь их сургууль болох Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) 6475-д жагсжээ. Нийт 11992 их сургууль, коллежоос ингэж жагсаж байна гэдэг чинь бас гайгүй ч юм уу гэж бодогдмоор. Гэхдээ МУИС 2012 онд 2577-д жагсаж байсан бөгөөд хоёрхон жилийн дотор 602 их сургууль, коллежид гүйцэгдчихсэн нь үнэхээр харамсмаар (http://www.infomongolia.com/ct/ci/4657).
Мөн бид өөрсдийгөө Өвөр Монголтой харьцуулж болох юм. МУИС-ийн өмнө одоогоор Өвөр Монголын Их Сургууль 1501-д, Өвөр Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 1736-д, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль 1892-д, Өвөр Монголын Ердийн Их Сургууль 2179-д, Өвөр Монголын Технологийн Их Сургууль 2325-д жагсаж байна. Харин ШУТИС-ын өмнө дахиад Өвөр Монголын Эрүүл Мэндийн Институт (3179-д), Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Коллеж (4742-д) мөн Өвөр Монголын Барилгын Техникийн Коллеж (6231-д) байрлана.
Өөрийн гэсэн санхүүгийн эрх мэдэлгүй, бодлого боловсруулах боломжгүй Өвөр Монголчуудтай өөрсдийгөө харьцуулахад үнэхээр гутамшигтай.