Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2012 оны эхний 8 сарын байдлаар)

I. Нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 49217 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 49439 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3076 эхээр, хүүхдийн тоо 3092 хүүхдээр буюу 6.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний найман сард нялхсын эндэгдэл 773 болж, өмнөх оны мөн үеийнхээс таван хүүхэд буюу 0.6 хувь, 1-5 хүртэлх насандаа 164 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс долоон хүүхэд буюу 4.1 хувиар буурав.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны наймдугаар сарын эцэст 43.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 мянган хүнээр буюу 6.9 хувиар өсчээ. Нийгмийн даатгалд энэ оны эхний найман сард 632.8 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 421.8 мянга буюу 66.7 хувь нь аж ахуйн нэгж байгууллагынх, 211.0 мянга буюу 33.3 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 75.2 мянга буюу 13.5 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 66.6 мянга буюу 18.8 хувь, төсөвт байгууллагынх 8.6 мянга буюу 4.2 хувиар нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний найман сард 59.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3.5 мянган хүн буюу 6.3 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 15.6 сая төгрөг буюу 69.3 хувиар нэмэгджээ.

II. Макро эдийн засгийн үзүүлэлт

Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) энэ оны наймдугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхнээс 11.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд боловсролын үйлчилгээний үнэ дүнгээрээ 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Mөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 6997.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 43.6 тэрбум төгрөг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1093.9 тэрбум төгрөг буюу 18.5 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст 814.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 13.5 тэрбум төгрөг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 109.1 тэрбум төгрөг буюу 15.5 хувиар өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 6675.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 246.6 тэрбум төгрөг буюу 3.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1804.3 тэрбум төгрөг буюу 37 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 100.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 15.5 тэрбум төгрөг буюу 18.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 33.6 тэрбум төгрөг буюу 50.1 хувиар өсчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын эцэст 312.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.6 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 63.6 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар буурсан байна. Үнэт цаасны арилжаа наймдугаар сард 23 өдөр явагдаж, 50.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 6.9 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний найман сард 3099.5 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3582.6 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 483.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Нэгдсэн төсвийн урсгал орлого энэ оны эхний найман сард 3088.5 тэрбум төгрөг, урсгал зардал 2761.0 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 327.4 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 437.5 тэрбум төгрөг буюу 18.7 хувиар нэмэгдэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 144.8 тэрбум төгрөг буюу 52.9 хувь, бусад татварын орлого 138.5 тэрбум төгрөг буюу 34.1 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 127.1 тэрбум төгрөг буюу 14.0 хувь, орлогын албан татварын орлого 18.5 тэрбум төгрөг буюу 3.5 хувь, гадаад худалдааны татварын орлого 5.9 тэрбум төгрөг буюу 2.7 хувь, өмчийн татварын орлого 2.6 тэрбум төгрөг буюу 27.0 хувиар өссөнөөс нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 54.0 тэрбум төгрөг буюу 14.9 хувиар буурахад газрын тосны орлого 14.2 тэрбум төгрөг буюу 45.3 хувь, бусад нэр заагдаагүй орлого 10 тэрбум төгрөг буюу 34.9 хувь, хүү, торгуулийн орлого 4.1 тэрбум төгрөг буюу 14.7 хувь, навигацын орлого 1.4 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар өссөн хэдий ч төсөвт газрын өөрийн орлого 82.7 тэрбум төгрөг буюу 39.8 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 1.7 тэрбум төгрөг буюу 4.5 хувиар буурсан нь нөлөөлөв.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний найман сард 3582.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1052.6 тэрбум төгрөг буюу 41.6 хувиар нэмэгдэхэд эргэж төлөгдөх цэвэр зээл 98.5 тэрбум төгрөг буюу 70.3 хувиар буурсан хэдий ч татаас ба шилжүүлгийн зардал 434.1 тэрбум төгрөг буюу 40.7 хувь, хөрөнгийн зардал 352.2 тэрбум төгрөг буюу 82.4 хувь, бараа, үйлчилгээний зардал 327.3 тэрбум төгрөг буюу 37.6 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 37.5 тэрбум төгрөг буюу 2.5 дахин өссөн нь нөлөөлжээ.

Хөрөнгийн зардалд энэ оны эхний найман сард 779.9 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 352.2 тэрбум төгрөг буюу 82.4 хувиар нэмэгджээ. Энэ нь гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 15.6 тэрбум төгрөг буюу 41.2 хувиар буурсан хэдий ч дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 367.9 тэрбум төгрөг буюу 94.4 хувиар өссөнөөс шалтгаалжээ.

Монгол Улс энэ оны эхний найман сард дэлхийн 124 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7531.1 сая ам.доллар, үүнээс экспорт 2871.6 сая ам.доллар, импорт 4659.5 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл найман сарын байдлаар 1788.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 444.5 сая ам.доллар буюу 33.1 хувиар өсчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 10.4 пунктээр илүү өссөн нь нөлөөлсөн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 492.3 сая ам.долл буюу долоон хувь, үүний дотор импортын хэмжээ 468.4 сая ам.доллар буюу 11.2 хувь, экспортын хэмжээ 23.9 сая ам.доллар буюу 0.8 хувиар өсчээ. Экспортын 98.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.

III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт

Улсын хэмжээгээр энэ есдүгээр сарын 1-ний байдлаар 17.6 мянган тонт төмс, 15.4 мянган тонн хүнсний ногоо хурааж, 332.2 мянган тонн өвс хадлан, 4.6 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 687 мянган тонн буюу 4.1 хувиар өсч, хүнсний ногоо 4.1 мянган тонн буюу 20.9 хувь, өвс хадлан 100.3 мянган тонн буюу 23.2 хувь, гар тэжээл 4.7 мянган тонн буюу 50.7 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний найман сард 1380.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 100.2 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, молибдений баяжмал, металл агуулгаараа, цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9-53 хувь; спирт, гурил, малын тэжээл, амтат ус, ундаа, зүсмэл материал, хиаман төрлийн бүтээгдэхүүн, архи, нарийн боов, хивс, сүлжмэл эдлэл, талх, шингэн сүү, металл цувимал, металл бэлдэц, шар айраг, цахилгааны утас, шавардлагын зуурмаг, бетон дэр, барилгын шалны банз зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.9 хувиас 6.3 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо