Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2012 оны 1 дүгээр сарын байдлаар)

Нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээнд 2012 оны нэгдүгээр сард 6015 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 852 эх буюу 16.5 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 6033 болж, 843 хүүхэд буюу 16.2 хувиар өслөө. Улсын хэмжээнд 2012 оны нэгдүгээр сард нэг хүртэлх насандаа 105 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхэд буюу 11.7 хувь, 1-5 хүртэлх насны 21 хүүхэд эндэж, таван хүүхэд буюу 31.3 хувиар нэмэгджээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны нэгдүгээр сарын эцэст 58.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.8 мян.хүнээр буюу 51.7 хувиар өсчээ. Нийгмийн даатгалд 2012 оны нэгдүгээр сард 115.6 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 68.8 мянга буюу 59.5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 46.8 мянга буюу 40.5 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 40.5 мянга буюу 53.9 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 24.4 мянга буюу 54.9 хувь, төсөвт байгууллагынх 16.1 мянга буюу 52.6 хувиар нэмэгджээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2012 оны нэгдүгээр сард 53.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мян.хүн буюу 4.8 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 131.9 сая төг буюу 4.8 хувиар нэмэгджээ. "Хүний хөгжил" сангаас 2012 оны нэгдүгээр сард 32.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.6 сая иргэнд олгожээ. Халдварт өвчнөөр 2012 оны нэгдүгээр сард 3815 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 765 хүн буюу 25.1 хувиар нэмэгдэхэд тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 102 хүн буюу 39.4 хувь, трихомониаз өвчнөөр 69 хүн буюу 24.9 хувь, салхин цэцгээр 69 хүн буюу 24.8 хувь, сүрьеэгээр 34 хүн буюу 12.6 хувь, гонококкт халдвараар 39 хүн буюу 10.6 хувь, цусан суулгаар гурван хүн буюу 2.7 хувь, вирүст хепатитээр 101 хүн буюу 7.8 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Улсын хэмжээнд 2012 оны нэгдүгээр сард 2265 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 413 хэргээр буюу 22.3 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (255), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (110) тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (20) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2012 оны 1 дүгээр сард 707 хүн гэмтэж, 199 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 61 буюу 9.4 хувиар, нас барсан хүний тоо 20 буюу 11.2 хувиар өссөн байна.

Макро эдийн засгийн үзүүлэлт

ДНБ оны үнээр өмнөх оны мөн үеийнхээс 2011 оны эхний улиралд 19.8 хувь, эхний хагас жилд 29.4 хувь, эхний гурван улиралд 31.7 хувь, жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 28.7 хувиар өсөж, 10829.7 тэрбум төгрөгт хүрлээ. ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр өмнөх оны мөн үеийнхээс 2011 оны эхний улиралд 9.8 хувь, эхний хагас жилд 14.0 хувь, эхний гурван улиралд 16.5 хувь, харин жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 4881.4 тэрбум төгрөгт хүрч, 17.3 хувиар өслөө. Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 4.9 хувь, тээврийн бүлгийнх 5.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2012 оны нэгдүгээр сарын эцэст 6150.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 262.1 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1344.7 тэрбум төг буюу 28.0 хувиар өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны нэгдүгээр сарын эцэст 657.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 56.4 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 91.3 тэрбум төгрөг буюу 16.1 хувиар өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны нэгдүгээр сарын эцэст 5649.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.8 тэрбум төгрөг буюу 0.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2208.7 тэрбум төгрөг буюу 64.2 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны нэгдүгээр сарын эцэст 73.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.1 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 29.2 тэрбум төг буюу 28.3 хувиар буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны нэгдүгээр сарын эцэст 328.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 2.0 тэрбум төг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 33.5 тэрбум төг буюу 9.3 хувиар буурсан байна. Үнэт цаасны арилжаа 2012 оны нэгдүгээр сард 22 өдөр явагдаж, 4.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 4.8 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны 1 дүгээр сард 325.8 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 260.0 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 65.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Төсвийн урсгал орлого 2012 оны нэгдүгээр сард 324.3 тэрбум төг, урсгал зардал 257.2 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 67.2 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 93.2 тэрбум төг буюу 46.3 хувиар нэмэгдэхэд хэдийгээр дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 18.7 тэрбум төг буюу 20.7 хувиар буурсан хэдий ч гадаад худалдааны татварын орлого 51.8 тэрбум төг буюу 3.8 дахин, бусад татварын орлого 45.1 тэрбум төг буюу 3.2 дахин, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 17.1 тэрбум төг буюу 72.8 хувь, хүн амын орлогын албан татварын орлого 6.5 тэрбум төг буюу 50.5 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 3.9 тэрбум төг буюу 17.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 15.3 тэрбум төгрөг буюу хоёр дахин нэмэгдэхэд навигацын орлого 2.2 тэрбум төг, газрын тосны орлого 0.6 тэрбум төгрөг буюу 43.1 хувиар буурсан хэдий ч төсөвт газрын өөрийн орлого 8.5 тэрбум төгрөг буюу 2.1 дахин, бусад нэр заагдаагүй орлого 6.2 тэрбум төгрөг буюу 5.4 дахин, хүү, торгуулийн орлого 3.2 тэрбум төгрөг буюу 3.0 дахин, хувьцааны ногдол ашгийн орлого 0.2 тэрбум төгрөг буюу 606.5 дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2012 оны нэгдүгээр сард 260.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.5 тэрбум төг буюу 5.5 хувиар өсөхөд эргэж төлөгдөх цэвэр зээл 9.5 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 6.1 тэрбум төгрөг буюу 45.8 хувиар буурсан хэдий ч татаас, шилжүүлгийн зардал 19.3 тэрбум төгрөг буюу 15.5 хувь, бараа, үйлчилгээний зардал 8.3 тэрбум төгрөг буюу 8.8 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 1.5 тэрбум төгрөг буюу 15.3 хувиар өссөн нь шалтгаалжээ. Хөрөнгийн зардалд 2012 оны нэгдүгээр сард 7.3 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 6.1 тэрбум төг буюу 45.8 хувиар буурчээ. Үүнд гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 5.0 тэрбум төгрөг, дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 2.3 тэрбум төгрөг байна.

Манай улс 2012 оны нэгдүгээр сард дэлхийн 94 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 735.2 сая ам.доллар, үүнээс экспорт 240.3 сая ам.долл, импорт 494.9 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2011 оны нэгдүгээр сард 139.6 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2012 оны нэгдүгээр сард 254.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 115.0 сая ам.доллар буюу 82.4 хувиар өсчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 178.4 сая ам.доллар буюу 32.0 хувь, үүний дотор импортын хэмжээ 146.7 сая ам.доллараар буюу 42.1 хувь, экспортын хэмжээ 31.7 сая ам.доллар буюу 15.2 хувиар өсчээ.

Экспортын 97.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

Эдийн засгийн салбарын үзүүлэлт

Том малын зүй бус хорогдол 2012 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 22.8 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 41.7 мян.толгой буюу 64.6 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзвэл адуу 1.5 мянга, үхэр 2.2 мянга, тэмээ 49, хонь 9.2 мянга, ямаа 9.8 мянга байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны нэгдүгээр сард 154.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 тэрбум төгрөг буюу 5.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, молибдений баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6-74.2 хувь, нарийн боов, хивс, шар айраг, шохой, талх, амтат ус, ундаа, цахилгааны утас, самнасан ноолуур, жүүс, бетон дэр, гоймон, шавардлагын зуурмаг, бетон зуурмаг, цемент, малын мах, шахмал түлш зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.0 хувиас 10.8 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.


Төмөр замын тээврээр 2012 оны нэгдүгээр сард 1733.8 мян.т ачаа, давхардсан тоогоор 293.7 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 388.7 мян.т буюу 28.9 хувь, зорчигчдын тоо 0.7 мян.хүн буюу 0.3 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны нэгдүгээр сард 32.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 тэрбум төг буюу 31.9 хувиар өсчээ. Агаарын тээврээр 2012 оны нэгдүгээр сард 302.3 т ачаа, давхардсан тоогоор 46.2 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 173.7 т буюу 2.3 дахин, зорчигчдын тоо 9.7 мян.хүн буюу 26.5 хувиар өсчээ.

Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны нэгдүгээр сард 11.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 тэрбум төг буюу 28.2 хувиар өсчээ. Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2012 оны нэгдүгээр сард Завхан аймгийн Баянтэс суманд (3.8 мм) орсон байна. Энэ оны нэгдүгээр сард Баянхонгор аймгийн Баянцагаан суманд хамгийн их температур 0.0 хэм, Завхан аймгийн Тосонцэнгэл, Отгон суманд хамгийн бага температур -50.0 хэм байлаа. Салхины хурд Өмнөговь аймгийн Булган суманд 20 м/с хүрчээ. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2012 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын Хархорин захын орчимд 31 удаа, 13-р хороолол, Офицеруудын ордон орчимд тус бүр 26 удаа, 32-ын тойрог орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 20 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Хархорин захын орчимд 31 удаа, Офицеруудын ордон, 32-ын тойрог орчимд тус бүр 27 удаа, Баруун дөрвөн зам орчимд 25 удаа, 13-р хороолол орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 20 удаа, Мишээл экспо төвийн орчимд 9 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Хархорин захын орчимд 30 удаа, 32-ын тойрог орчимд 23 удаа, 13-р хороолол орчимд 20 удаа, Баруун дөрвөн зам орчимд 19 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 21 удаа, угаарын хий 32-ын тойрог орчимд 3 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ. Аюулт үзэгдэл, осол 2012 оны нэгдүгээр сард 343 удаа гарсны улмаас 13 хүн амь насаа алдаж, 0.4 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Энэ оны нэгдүгээр сард объектын түймэр 328 удаа, бичил уурхай, нурангины осол 3 удаа, гол, нуурын усанд унасан осол 2 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин нэг удаа, бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2012 оны нэгдүгээр сард 0.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.



Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо