Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн цахим шилжилт

Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцооны түүхэн замналыг авч үзвэл “Эдийн засгийн зөвлөл” нь 1925 онд байгуулагдаж, үүнээс хойш 1990 оныг хүртэл хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал нь таван байгууллага дамжиж хэрэгжсэн бөгөөд 1945-1988 онд буюу 43 жил “Улсын төлөвлөгөөний комисс” Монгол Улсын хөгжлийн бодлогыг тасралтгүй тогтвортой төлөвлөн хэрэгжүүлж иржээ.

Монгол Улсыг хөгжүүлэх “Анхдугаар таван жилийн төлөвлөгөө”-г анх батлан нэгдсэн бодлого төлөвлөлттэйгээр салбар хоорондын уялдааг хангасан бодлогуудыг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд 1990 он гэхэд Монгол Улсын аж үйлдвэрийн суурийг тавьж, томоохон хот суурин газруудыг байгуулсан түүхтэй. Энэ үеийн төлөвлөлтийн тогтолцоо нь асуудлыг олон талаас нь цогцоор тооцож, нэгдсэн урирдлага зохион байгуулалттай нэг зорилгын төлөө ажиллаж байсан нь улсын хөгжлийг түргэтгэх үндсэн хүчин зүйл болж байсан. Харин 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, хөгжлийн бодлого төлөвлөлт орхигдож, өнөөдрийг хүртэлх 28 жилийн хугацаанд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал есөн байгууллага дамжсаны /дундажаар гурван жил тутам татан буулгасан/ эцэст нэгдсэн бодлого төлөвлөлтийн тогтолцоо алдагдаж, салбар, орон нутгийн бодлогын уялдаа холбоо суларсан байна.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн байгууллагууд удаа дараа татан буугдаж, чиг үүрэг нь өөрчлөгдөж байсантай холбогдуулан мэргэшсэн боловсон хүчингүй болсны дээр Эдийн засгийн хүрээлэн татан буугдаж, их дээд сургуулиуд ч хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж байсан тогтолцоо байхгүй болоод удаж байна. Салбарын түвшинд хийгдсэн судалгааны ажлууд болон техник эдийн засгийн үндэслэлүүд, зураг төсвүүд олон удаагийн өөрчлөлтийн явцад алга болж, төрийн ой санамж сулран нэг ажлыг олон дахин хийх шаардлага гарч байна. Үүнээс болж өөр өөрийн мэдээлэлд үндэслэсэн өөр өөр арга зүйгээр боловсруулсан уялдаа холбоогүй бодлогын баримт бичгүүдийг ихээр гаргах болсон төдийгүй олон улсын байгууллагууд ч гэсэн тухайн салбарын өгсөн захиалгын дагуу уялдаа муутай судалгаануудыг хийдэг байдал үүсээд байна.

Монгол Улсын Их Хурал 2015 онд анх удаа “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийг батлан гаргасан нь урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн төрлийг тодорхой болгож, бодлого боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх үйл явцыг хуульчилж өгснөөр Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлттэй хөгжих ёстой гэдгийг баталгаажуулж өгсөн түүхэн шийдвэр болсон юм.

Манай улс 1990 оноос хойш Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд 487 хөгжлийн бодлогын баримт бичиг баталснаас өнөөдрийн байдлаар 162 баримт бичиг нь /www.legalinfo.mn/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үндэсний хөгжлийн газраас эдгээр баримт бичгийн хөгжил, байршлын судалгааг нэг бүрчлэн авч үзэхэд 70 хувь нь макро түвшний зорилтууд буюу зөөлөн дэмжлэгийн арга хэмжээ, 30 хувь нь бүтээн байгуулалтын төслүүд байгаан дээр зорилтын түвшинд болоод байршлын түвшинд уялдаа муутай байгаа нь иргэдэд тодорхойгүй байдлыг үүсгэж, хэрэгжилтийг сулруулах үндсэн хүчин зүйл болж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны чуулганаар Дэлхийн 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсны дагуу улс орнууд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өөрийн орны онцлогт тохируулан урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Манай улсын хувьд 2016 оны хоёрдугаар сард Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтал-2030” баримт бичгийг батлан гаргаж, ирэх 15 жилийн алсын хараагаа тодорхойлсон нь олон улсын байгууллагын зүгээс ихээхэн сайшаал хүртээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан 2016 онд Засгийн газрын бүтцэд Үндэсний хөгжлийн газрыг Ерөнхий сайдын шууд харьяанд байгуулан үндэсний хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн мэдээл­лийн санг хариуцуулаад байна.

Түүнчлэн Улсын Их Хурлаас улс орны өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад юуны өмнө салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлогыг үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогод нийцүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар улс орны хөгжлийг удирдах тогтолцоог бий болгохыг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгосон. Энэ хүрээнд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдааг хангах, давхардал, хийдлийг арилгах, нэгтгэх, хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах ажлыг Үндэсний хөгжлийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж эхлээд байна. Энэхүү ажлыг орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурлан хөгжлийн бодлого төлөвлөлтийн цахим тогтолцоог үүсгэж, бүх талын оролцоог ханган зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд гарсан алдааг давтахгүйн тулд үүлэн тооцооллын системд тулгуурлан хэрэгжүүлж, 2019 онд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Засгийн газраас 2018 онд батлан гаргаад буй “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д 2020 он гэхэд төрийн үйлчилгээг цахимжуулж, мэдээллийн ил тод байдлыг хангах, хөгжлийн бодлого төлөвлөлтийн цахим тогтолцоог бүрдүүлэх зорилтуудыг баталсан.

Үүний дагуу Үндэсний хөгжлийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн сис­тем”-ийг хөгжүүлж эхлээд байна. Үүний үр дүнд 2019 он гэхэд Үндэс­ний, салбарын, орон нутгийн түвшиний бодлого боловсруулагчид /387 бодлого боловсруулагч улсын хэмжээнд ажиллаж байна/ болон иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийхэн платформд нэгдсэнээр бодлого боловсруулах, бат­­луулах, хэрэгжүүлэх, хяналт шин­жилгээ хийх, мэдээлэх зэрэг бүхий л үе шатдад оролцох өргөн боломж нээгдэнэ.


Бодлого боловсруулагч нар иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшилтэй байнга зөвлөлдөж, хамтран ажиллах бодлого төлөвлөлтийн босоо болон хэвтээ тогтолцооны цахим шийдлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, өнөө­гийн бодлого төлөвлөлтийн босоо тогтолцоон дээр хэвтээ төлөвлөлтийн тогтолцоог бий болгосноор бодлого төлөвөлөлтийн цогц тогтолцоонд шилжинэ гэсэн үг юм.

Энэхүү хөгжлийн бодлого төлөв­­лөлтийн платформыг байгуулснаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөв­лөлт тогтолцооны хувьд үсрэнгүй шилжилтийг хийж, Засгийн газрын дэвшүүлсэн НЭГ ТӨР–НЭГ БОДЛОГО гэсэн зорилт хэрэгжих үндэс суурь бүрдэх юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн цахим шилжилтийг хийснээр оролцогч талуудад дараах үр дүнгүүд гарна. Үүнд:

Үндэсний түвшинд, бодлого боловсруулах ажил шинжлэх ухааны үндэслэлтэй нэгдсэн арга зүй, тооцоо судалгаатай болж, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах боломж бүрдэнэ.Төрийн ой санамжийг сайжруулж, бодлого боловсруулагч нарыг холбосон үүлэн тооцооллын системийг бий болгоно. Хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах боломж бүрдэнэ. Бодлогын суурь судалгаа, тоон мэдээллийг нэгтгэснээр үндэсний түвшний бодлого төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, тооцоолол хийх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангахад хялбар болно гэж үзэж байна.

Салбарын түвшинд, бодлого боловс­руулахад үндэсний түвшний бодлогын уялдааг хангахаас гадна дэд салбарын түвшин дэх уялдаа холбоо сайжирна. Тухайн салбарт хийгдсэн бүх цаг үеийн судалгааг ашиглах, бусад салбарын төлөвлөлтэй уялдуулах боломж бүр­дэнэ. Тухайн салбарын хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажил­лагаа сайжирч, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хоорондоо өрсөлдөх биш харин хамтран хэрэгжүүлэх чиглэлд үйл ажиллагааны өөрчлөлтүүд гарна.

Орон нутгийн түвшинд, бодлого боловсруулахад аймаг, сумын хөгжлийн загвар, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нэгдсэн мэдээллээр хангана. Монгол Улсын таван бүс, 21 аймаг, 330 сумын хөгжлийг индексжүүлэх, үйлдвэрийн кластерыг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг сумын түвшний нарийвчлалтай, салбараар оновчлох боломж бүрдэнэ. Энэ систем ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 700 мэргэжилтэн ажиллаж байна.

Олон улсын байгууллагын түвшинд, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлоход хөгжлийн бодлогын нэгдсэн мэдээллээр хангах, түүний хүрээнд хэрэгжих төслүүд нэгдсэн мэдээллээр хангагдана. Төсөл хөтөлбөр, судалгааны ажлын мэдээллийг нэгтгэж, хандивлагч байгууллагад бодит мэдээлэл хүргүүлсэнээр хөрөнгийн үр ашгийг дээшлүүлж, давхардлыг арилгаж, уялдааг сайжруулна.

Хилийн чанадад байгаа иргэдийн түвшинд, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар цогц мэдээллээр хангах замаар “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг бодит ажил болгоно. Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах санал, санаачилга, санхүү, хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг орон зай, цаг хугацаа харгалзахгүй хүргэх боломж бүрдэнэ.

Хувийн хэвшлийн түвшинд, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар цогц мэдээллээр хангахаас гадна бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад хувийн хэвшлийн оролцоог хангаж, харилцан зөвлөлдөх механизмыг цахим хэлбэрээр бүрдүүлнэ. Улсын хэмжээнд хэрэг­­жүүлэхээр төлөвлөж буй бүх салбарын бүтээн байгуулалтын төслүүдийн мэдээллийг цахимаар танилцуулж, хамтын ажиллагааг хангана.

Төрийн бус байгууллагын түвшинд, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар цогц мэдээллээр хангахаас гадна бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг тухайн төрийн бус байгууллагын түвшинд нэгтгэн зохион байгуулна. Гишүүн байгууллагуудтай нь нэгдсэн бодлого, нэг цонхоор хамтран ажиллах боломж бүрдэнэ. Төр хувийн хэвшлийн зааг тодорхой болно.

Эрдэмтэн судлаачдын түвшинд, судал­гааны нэгдсэн мэдээллээр хангана. Судлаачдын хийсэн судалгааг нэгдсэн бүртгэлд оруулж цахим тинк танк бий болгоно. Хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад судлаачдын оролцоог нэмэгдүүлж, судалгааны үр дүнг авч ашигладаг тогтолцоо бүрдэнэ. Бодлогын судалгааг давхардуулан хийлгэж, цаг, хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг байдлыг зогсооно.

Иргэдийн түвшинд, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар цогц мэдээллээр хангаж, түүний хүрээнд амьдарч буй газарт нь хэрэгжих салбаруудын бүтээн байгуулалтын талаарх мэдээллээр хангаж, оролцоог нэмэгдүүлнэ. Хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад олон нийтийн оролцоог хангаж, мэдээллийн ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлыг нэмэгдүүлнэ.

Дэлхийн улс орнууд мэдээлжсэн эринд шилжиж буй энэ цаг үед Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг оновчлох, эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх зорилгоор Үндэсний хөгжлийн газраас эхлүүлсэн “ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ЦАХИМ ШИЛ­ЖИЛТ” бодит үр дүнд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна.


Д.Эрдэнэбаяр

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн
бодлого зохицуулалтын хэлтсийн дарга